П.ЛХАГВАЖАРГАЛ

 

Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд.  Тэдний  сэтгэлд гайхалтай их төсөөлөл,  хүсэл мөрөөдөл, авьяас билиг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа “Сэлбэ” сургуулийн дүрслэх урлагийн багш Б.Өлзийбаяр  болон түүний шавь нарын бүтээлийг нь онцоллоо.

 

-Мэргэжлийн тань хамгийн сайхан, үнэ цэнтэй зүйл нь юу вэ?

-Би багадаа зурах дуртай хүүхэд байлаа. Авьяасаа хөгжүүлж тэмцээн уралдаанд орох сонирхолтой. Хөдөөгийн хүүхэд учраас телевизийн хэдэн сувгаас мэдээ мэдээлэл хайна. Гэвч тэмцээнд оролцох боломж тэр бүр олддоггүй байлаа. Тиймээс өөрөө зургийн багш болж, зурах, бүтээх дуртай хүүхдүүдтэй ажиллах хүсэл тэмүүлэлтэй болсон юм. Хүүхэдтэй ажиллах гэгээлэг, их сайхан байдаг. Бодлын ертөнцөөрөө дүүлэн нисэж, өөрийн соньхон ертөнцөө бүтээл болгон дэлгэх тэр агшныг нь харах үнэхээр гоё.

-Та хичээлээрээ хүүхдийн ямар чадварыг хөгжүүлэхийг зорьдог вэ. Зураг зурах нь ямар давуу талтай вэ?

-Дүрслэх урлагийн хичээлээр сурагчдын чөлөөт сэтгэлгээг хөгжүүлж,  ямар нэгэн дүр дүрслэл, зургийн хавтгайд баригдахгүйгээр чөлөөтэй зохиомжлох,  зурах чадварыг хөгжүүлэхийг хичээдэг. Зураг зурж, бүтээл хийснээрээ хүүхдэд тэвчээртэй тууштай зан төлөвшиж, нягт нямбай гоо зүйн мэдрэмжтэй,  шинийг санаачлагч бүтээлч сэтгэлгээтэй бие хүн болох эх үндэс тавигддаг.  Дүрэмд баригдаж,   томьёонд захирагдахгүйгээр өөр өөрийн ертөнцөөрөө дүүлэн нисэж хүүхэд бүр гайхамшгийг бүтээдгээрээ онцлогтой.

Дугуйлангийнхаа үйл ажиллагаа, онцлогийг танилцуулбал?

-Манай дугуйлангийн хүүхдүүд аливаа зүйлээс санаа авч хуулбарлан зурдаггүй. Харин өөрсдөө сэтгэж шинээр санаачлан  өөрийн бүтээлийг хийдгээрээ онцлог. Ингэж өөрийн ертөнцөөрөө сэтгэж дүрслэх нь хүүхдийн чөлөөт сэтгэлгээ тэлж хөгжих гол үндэс болдог.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 22 (7518)