Х.МОНГОЛХАТАН

 

Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих асуудлаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын зөвлөх Г.Соёлгэрэлтэй ярилцлаа.

 

-Монгол Улсад хөгжлийн бэрх­шээлтэй хэчнээн хүүхэд амьдарч байна, тэдэнд ямар бэрхшээл давам­гайлж буй талаар мэдээлэл өгөхгүй юy?

-Монгол Улсын хэмжээнд 2023 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 111.228 хүн амьдарч байна. Түүнээс 14 мянга орчим нь 16 хүртэлх насны хүүхэд гэсэн албан ёсны бүртгэл, мэдээлэл бий.

Дэлхий даяар дунджаар хөгжлийн бэрхшээлтэй нэг тэрбум орчим хүн амьдарч буйн 240 сая орчим хүүхэд гэсэн судалгаа байдаг.

-Дэлхий нийтээр хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, урьд­чилан сэргийлэхийг зорьж байна. Манай улс ч ялгаагүй хөгжлийн бэрх­шээлийг эрт үед нь оношлохыг урьтал болгож буй. Үүний давуу тал юу вэ?

-Ази, Номхон далайн хөгжлийн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Эрхийг нь бодитой болгоё” (2013-2022) хэмээх Инчеоны стратегид “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрт үеийн хөгжлийн дэмжлэг, оролцоо, боловсролд хамрагдалтыг өргөжүүлэх” гэжээ. Энэ зорилгын хүрээнд дараах хоёр зорилтыг тавьсан. Нэгдүгээрт,  хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг төрөх үеэс эхлэн  сургуулийн өмнөх буюу 0-6 насанд эрт илрүүлэх, хөгжлийн дэмжлэг, оролцоонд хамруулах арга хэмжээг сайжруулах, хоёрдугаарт,  хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүүхдүүдийн бага, дунд боловсролын сургуульд хамрагдалтын түвшний зөрүүг хоёр дахин бууруулах гэсэн байдаг. Зургаан наснаас өмнө хүүхдийн  уураг тархи нь дөнгөж хөгжиж буй тул суралцах, өөрчлөх, дасан зохицох чадвартай гэж үздэг. Тиймээс хөгжүүлэх болон сэргээн засахад өөрчлөгдөх чадвартай юм. Мөн бие махбодод хоёрдогч бэрхшээл үүсэхээс сэргийлэхийн зэрэгцээ хүүхэд бүрийг бүхий л боломжит чадамждаа хүрэхэд тусалдаг.

Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн  эрхийн тухай НҮБ-ын конвенцод  2009 онд нэгдэж орсон. Түүнчлэн  2014 онд Инчеоны стратегийг (2013-2022) боловсруулахад оролцсоны дараа тухайн үеийн ЭМЯ, БСШУЯ, ХАХНХЯ хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссыг байгуулсан. Эрүүл мэнд, Хөдөлмөр нийгмийн хамгаалал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтран баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал”-д эрт илрүүлгийн тогтолцооны загварыг боловсруулж баталсан юм. 

-Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихийн тулд эцэг эх, багш болон мэргэжилтнүүд юунд анхаарах хэрэгтэй  вэ?

-Эхийн хэвлийд бүрэлдэх үеэс найман нас хүртэлх хугацааг хүүхдийн бага нас гэж нэрлэдэг.  Энэ үед уураг тархи эрчимтэй хөгждөг учраас хүний хөгжлийн хамгийн чухал үе гэгддэг юм. Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд гэр бүл, эцэг эх, олон нийтийн оролцоо хамгаас чухал.  Хэдийгээр хүүхдийн хөгжилд удамшлын хүчин зүйл тодорхой нөлөөтэй ч балчир үеийн өсөж торнисон орчин илүү нөлөөлдөг болохыг судалгаагаар нотолсон байдаг. Хүний амьдралын эхний 1000 хоног эхийн хэвлийд бүрэлдэх үеэс хоёр нас хүртэлх хугацаа бөгөөд энэхүү хугацааг ирээдүйн эрүүл саруул, гэгээлэг  амьдрах боломжийг нээх онцгой нандин үе хэмээн үздэг байна. Хүүхдийн хөгжлийн “Мянган алтан хоног” ч гэж нэрлэдэг. Яагаад гэвэл, энэхүү 1000 хоногт хүүхдэд зохистой хоол тэжээл өгч, эрүүл бойжих, хөгжих таатай орчин бүрдүүлж чадвал өсөлт, хөгжил, эсэн мэнд, бойжилт, суралцах чадварт шууд нөлөөлдөг төдийгүй улмаар ирээдүйн амьдралын суурийг төлөвшүүлдэг өндөр ач холбогдолтой юм. Тархины хөгжлийн 80-90 хувь энэ насанд бүрэлдэн, хүүхэд дөрвөн нас  хүрэхэд “суут  ухаантан, онцгой  чадвартан” гэгдэх  бүрэн  боломжтой  болдог. Тиймээс энэ хугацааг хүүхдийн  хөгжлийн суурь үе гэж нэрлэдэг.

Хүүхэд 20 нас хүрэхэд тархины хөгжлийн хурд 10 хувь болж буурдаг байна. Өөрөөр хэлбэл, бага насанд эзэмшсэн чадварууд тухайн хүний амьдралын “төрөлхийн чанар” болон хувирдаг онцлогтой. Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ хөгжлийн онцлогийг сайтар мэдэж, хүүхэдтэйгээ эергээр харилцах нь чухал юм. Жишээлбэл, цэцэрлэгт хамрагдсан таван настай хүүхэд хувцсаа өмсөж, тайлах, эвхэх чадварыг эзэмшсэн байдаг. Гэтэл хүүхдийн эдгээр чадварыг үл харгалзан тэдний өмнөөс хувцсыг өмсүүлэх, тайлах, эвхэх, өлгөх нь буруу. Ингэснээр тэднийг залхуурах хандлагатай болгож, эзэмшсэн чадваруудыг хэвшүүлэхэд саад болдог. Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийн хийж чадах үйлийг өөрөөр нь хийлгэх хэрэгтэйг харуулж байна.

-Хүүхэд хэзээнээс хэл яриа эзэмших чадвартай болдог гэж үздэг вэ?

-Хүүхэд эхийн хэвлийд байх үеэс л сонсгол нь хөгжиж, гадаад орчны дуу авианд хариу үйлдэл үзүүлдэг. Төрсний дараа аажмаар ээж, аав болон өдөр тутам ойр байдаг хүмүүсийн дуу хоолой, нүүрийг хараад таних, тэдэнтэй ярих эхлэл тавигддаг. Энэ нь хүүхдийн яриа эзэмших эхний шат. Хүмүүстэй харилцах нь тэдний хэл ярианы хөгжилд чухал ач холбогдолтой. Хүүхдийн хэл ярианы хөгжил  1-1.8 насанд эрчимтэй хөгждөг. Балчир  насны хүүхэд өөрийнхөө хүсэл, хэрэгцээ бодол санаагаа богино үг, өгүүлбэр, биеийн хэлээр илэрхийлдэг. Тухайлбал, шулганаж ярих, эсвэл өөрийн хүссэн зүйл рүүгээ заах, тухайн зүйлийн дуугардаг дуу авиа, хөдөлгөөн, гаднах төрхийг дуурайж, бодол санаагаа илэрхийлдэг. Жишээлбэл, бие засах болохоор хөтөвч рүү, эсвэл өмд рүүгээ заадаг.  Мөн тэд баярлах хөөрөх, тоглох үедээ ихэд шулганаж хялбархан нэг үг, авиа төлөөлүүлэн хэлэхийг оролддог. 

-Хэдийгээр хөгжлийн бэрх­шээлийг эрт илрүүлсэн ч сэргээн за­сах тусламж, үйлчилгээ хан­галтгүй тул эцэг эх, хүүхдүүд хаана хан­дах, ямар тусламж авахаа мэ­дэхгүй мухардалд орох тохиолдол цөөнгүй. Үүнд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хөгжлийн бэрхшээлийг эрт ил­рүү­лэхийн зорилго нь тухайн хүүх­дийг нэн даруй дэмжлэг, оролцоо, сэргээн засалд хамруулж,  шаардлагатай, боломжтой хөгжлийн дэмжлэг, оролцоог хангах юм. Өөрөөр хэлбэл, сэргээн засах, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд бага сургуульд элсэх хүртэл  тасралтгүй хамруулахад чиглэдэг.  Гэвч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний гэр бүлд эрх зүй болон бодлогын орчин, өвөрмөц хэрэгцээнд нь нийцсэн үйлчилгээний хомсдол, олон нийтийн сөрөг хандлага, хүртээмжгүй орчин зэрэг олон саад бэрхшээл тулгарч байна. Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлсэн ч эрт үеийн хөгжлийн дэмжлэг, сэргээн засах, оролцооны зохистой үйлчилгээнд цаг алдалгүй хамруулж чадахгүй бол цаашид тулгарах бэрхшээл нь улам гүнзгийрдэг. Насан туршийн уршигт үр дагавар үүсэж, улмаар нийгмээс гадуурхагдахад хүргэж буй нь харамсалтай. Бага насны хүүхдийн эрт үеийн хөгжлийн дэмжлэг оролцоо нь эрүүл мэнд, боловсрол, сэтгэл судлал болон нийгмийн бусад олон салбарын хамтын ажиллагааг шинжлэх ухаанчаар  нэгтгэх, эдгээр салбар  уялдаа холбоотой ажиллах нь хүүхдийн эрт үеийн хөгжлийн дэмжлэг, оролцооны үйлчилгээг амжилттай зохион байгуулахад чухал үүрэгтэй. Бие даасан байдлаар өөр хоорондоо харилцаа багатай ажиллах нь үр дүнгүй болжээ.

2016 онд Хөгжлийн  бэрхшээлтэй  хүний  эрхийн  тухай  Монгол  Улсын  хуулийн  хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд  тухайн үеийн ХНХЯ-ны дэргэд  Хөгжлийн  бэрхшээлтэй  хүүхдийн  эрүүл  мэнд,  боловсрол,  нийгмийн хамгааллын  комиссыг,  бүх аймаг,  дүүрэгт  салбар  комиссуудыг ажиллуулсан нь  хүүхдийн  хөгжлийг  дэмжих,  тэдэнд  үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөлсөн.    

-Холбогдох яамд хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх талаар олон хөтөлбөр боловсрууллаа. Тухайлбал, Нялх балчир насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр, Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга хэмжээ гэх мэт. Эдгээр хөтөлбөр хөрсөндөө бууж байна уу. Үүний хүрээнд ямар ямар ажил хийж байгаа вэ?

-Батлагдсан хөтөлбөр арга хэмжээний хэрэгжилтийг хангахад  салбар дундын хамтын ажиллагаа, хүний нөөцийн тогтвортой байдал,  бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих талаар шийдвэр гаргагчдын мэдлэг, хандлагыг дээшлүүлэх ухуулга нөлөөлөл, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай.

-Салбар комиссын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бүх төрлийн үйлчилгээнд хамруулахад ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссыг улсын хэмжээнд байгуулж, орон нутаг, дүүрэгт  салбар комиссуудыг ажиллуулж байна. Салбар комиссын үйл ажиллагаа нь бусад салбараас хамааралтай явагддаг.

Дээр хэлсэн хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлгийн тогтолцооны загвар нь  нэгдүгээрт, гэр бүл,  эцэг, эх, хүүхдийнхээ өсөлт бойжилт, бие махбодын болон оюуны хөгжлийг байнга ажиглаж хянаж байх ёстой. Хоёрдугаарт, хүүхдийг 9, 18, 36 сартайд өрх, сумын эрүүл мэндийн төвд  эрүүл мэнд, хөгжлийн иж бүрэн үзлэгт хамруулж  хөгжлийн хоцрол, бэрхшээлийн эрсдэлтэй байж болзошгүй хүүхдийг  лавлагаа шат­лалын төрөлжсөн мэргэжлийн эмч мэргэжилтэнд оношлуулахаар илгээнэ. (Лавлагаа шатлалын гэдэгт аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, ЭХЭМҮТ, ГССҮТ, СЭМҮТ зэрэг ордог.) 

Тэдгээр  эмнэлгээс хөгжлийн асуудлаар онош тогтоогдсон хүүхдийг салбар комисс руу илгээх ба  салбар комисс нь  харьяа аймаг, дүүргийн  холбогдох хүүхэд тус бүрийн нөхцөл байдлыг хэлэлцдэг. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй, эсэхийг тогтооно,  нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулна, хөгжлийн дэмжлэг, сэргээн засал, боловсролын үйлчилгээнд хамруулах асуудлыг төлөвлөх, холбон зуучлах арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй. 

Гэвч энэ ажилд  хүний нөөц, ажиллах хүч, лавлагаа тусламжийн чадавх, тогтолцоо, мэргэжил дээшлүүлэх, сургалт, түүнчлэн бүх түвшний оролцоог хангах зэрэгт бэрхшээл учирч байна. Орон нутгийн түвшинд эрүүл мэндийн ажилтнууд энэ талын сургалтад хамрагдаагүйгээс хөгжлийн  хоцрогдолтой хүүхдийг хөгжүүлэх талаар эцэг, эхчүүдэд зөвлөх, тэднийг стандарт аргаар үнэлэх, оношлох болон  холбогдох мэргэжилтэн рүү илгээх талаар ойлголт дутмаг. Үүний улмаас хүүх­дүүд мэргэжлийн тусламж авахгүй цаг алдах, хэрэгцээндээ нийцсэн дэмжлэг авч чадахгүй байна. Ерөнхийдөө бол комисс  нь 16 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй, эсэхийг тогтоож, эрүүл мэнд, боловс­рол, нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамруулах тогтолцоог бий болгох зорилготой. Үүнд эрт ил­рүүлэг ба хөгжлийн дэмжлэг, суурь боловсролд аль болох эрт хам­руулах нь тэргүүлэх зорилго юм. Комисс байгуулагдахаас өмнө 16 хүртэлх насны хүүхдийн хөгж­лийн бэрхшээлтэй, эсэхийг эм­нэлгийн байгууллагад суурилсан Эмнэлэг магадлалын комисс (ЭМК) тог­тоож, нийгмийн халамжаас тэт­гэмж авах, эсэхийг шийдэх төдий­гөөр хязгаарлагддаг байсан. Харин комисс байгуулагдсанаар хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, хөгж­лийн дэмжлэг, оролцоо, сэргээн заса­х, боловсролын үйлчилгээнд хамруулахад ихээхэн ахиц гарч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 18 (7514)