Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР
Монголоос өөр хаана ч байхгүй өвлийн үзэсгэлэнт байгалийнхаа сайхнаар гадаадын жуулчдыг татах давуу тал бидэнд бий. Гадаадын жуулчид гэлтгүй дотоодын аялагчид ч өөрсдөө үзэж хараагүй үзэсгэлэнт газрууд олон. Энэ жилийн тухайд -50 хэмд хөлддөггүй амьд устай хэмээн нутгийн иргэдийн шүтдэг Хөвсгөл аймгийн Ренчинлүмбэ сумын нутагт байрлалтай Жаргантын гол руу аялах иргэдийн цуваа тасрахгүй байна. Аялагчдын дийлэнх нь харзны усанд орох зорилго давхар тээдэг аж. Бид ч яахав өвлийн дүн хүйтэнд дулаан майхан сав, галлагаатай газар хонож өнжөөд аялчих дархлаатай. Харин гадаадын жуулчид ийм нөхцөлд дасан зохицож аялах амаргүй. Саяхан хэсэг гадаадын жуулчдыг хүлээн авсан баазыг цахилгааны төлбөрөө барагдуулаагүй гэх шалтгаанаар тогийг нь тасалсан аж. Жуулчид нь зутарч аргагүй эрхэнд сумын галлагаатай буудалд хэд хонуулжээ. Иймэрхүү явдал энд тэндгүй болж байгаа талаар жуулчдын баазуудтай холбогдоход хэлж байна. Өөрөөр хэлбэл, өвлийн улиралд жуулчдыг байршуулах үйлчилгээний байгууллагуудын тулгамдсан асуудал бол яах аргагүй цахилгаан болсон байна. Энэ жил цахилгааны үнийн нэмэгдлээс болж жуулчны бааз болон байршуулах үйлчилгээний байгууллагууд /амралтын газар, ресорт/ тогтвортой ажиллахад хүнд болж зөвхөн захиалгаар ажиллаж байгаа ажээ. Тогтмол ажиллахад зардал өндөр учраас баазууд өвөл үйл ажиллагаагаа зогсоож чадахгүй амралтын газар хэлбэрээр ажилладаг гэж Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбооны жуулчны баазын салбар холбооны тэргүүн С.Алтантуяа хэлж байна. 2023 онд 160 жуулчны бааз өвөл ажиллах боломжтой ч одоогоор 68 нь л ажиллах боломжтой байгаа юм байна. Энэ жилээс анх удаа цахилгааны шөнийн хөнгөлөлт эдэлж буй ч өмнө нь цахилгааны төлбөрт 11 сая төгрөг төлдөг байсан жуулчны бааз 22 сая төгрөг төлсөн тухай бидэнд хэлж байлаа. Эдгээр нь зөвхөн гэрээс гадна ресторан, байгууламжуудаа халаалтаар шийдсэн юм. Ихэвчлэн Горхи Тэрэлж болон Хөвсгөл, Төв аймгуудад байрлалтай баазуудын төлөөлөл бидэнд саналаа хуваалцсан.
Жуулчны бааз, байршуулах хэрэгслийн өвөл ажиллах ганц боломж дулаан, цахилгаанаа бага өртгөөр шийдвэрлэх явдал, түүнчлэн сэргээгдэх эрчим хүчнээс гадна бохир усыг байнга соруулдаг хоцрогдсон аргыг халж, сүүлийн үеийн дэвшилтэт саарал ус гаргах, цэвэршүүлэх системийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ бүхэнд хөрөнгө оруулалт, төрийн дэмжлэг нэн шаардлагатай. Цаашид хүний нөөцийн дутагдлыг Соёл спорт аялал жуулчлалын яамнаас бодлогоор дэмжиж ажиллах нь чухал аж.
Монгол Улсад өвлийн улиралд ирэх жуулчдын тоо өмнөхөөс нэмэгдсэн ч энэ жилийн тухайд буурсан статистик гарчээ. 2023 оны нэгдүгээр сард 19496 жуулчин ирж байсан бол энэ тоо өсөж 2024 онд 30387 болсон бол энэ 2025 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөр 27939 жуулчин ирж өнгөрсөн жилээс буурсан байна. Энэ нь тог цахилгааны нэмэгдлээс болж баазууд хаагдаад жуулчид ирэх нь багссан уу гэж шууд дүгнэж болохгүй ч ирэх жилүүдэд энэ байдлаа засахгүй бол ирэхгүй байх магадлал өндөр байна.
Тэрэлжийн жуулчны баазуудын холбооны УЗ-ийн гишүүн, “Арга билэг” резортын захирал Нарангэрэл “Баазуудын нийтлэг зардлыг тооцож олох нь зүйтэй байх… Татварын өмнөх ашиг гэдэг маань нийт орлогоос нийт зардлыг хасахыг хэлнэ. Баазуудын цахилгааны зардал ихсэж байна гэвэл сэргээгдэх эрчим хүч, газын технологи руугаа шилжвэл зардал буурах боломжтой. Мөн нийт зардлын дийлэнхийг хүнсний материал эзэлдэг. Хүнсний хангамжийн тухайн орон нутгийн хоршоодтой гэрээлж тогтвортой ханган нийлүүлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй” гэсэн юм.
Цахилгааны төлбөрт 11 саяыг төлдөг байсан бол одоо 22 сая төгрөг төлөх нь
Түүнчлэн “Цахилгааны үнэ нэмэгдсэн нь хүнд тусаж байна. Гэхдээ бид нар илүү хэмнэж сурч байна. Бие биедээ шаардлага тавьж энд тэнд асаалттай гэрлүүдээ байнга унтрааж, шөнийн 23:00 цагт ресортын гадаа гэрлийг унтраадаг болсон. Өмнө нь өглөө болтол асаалттай байлгадаг байв. Үйлчлүүлэгчид үүнийг маш сайн ойлгож эерэг хүлээн авч байна” гэв. Мөн өөр нэг баазын эзэн ярихдаа “ ....Цахилгааны үнэ 150 хувь нэмэгдсэн байна лээ. Энэ янзаар бол өвөл ажиллах бааз байхгүй. Ажиллаа гэхэд зардал их үнэтэй болно. Өнгөрсөн оны арван нэгдүгээр сард 11 сая төгрөгийг арай гэж төлсөн. Гэтэл энэ сард 22 сая төгрөгийн төлбөр гарсан байна. Одоо яах вэ. Хөнгөлөлт өгвөл авмаар байна” гэлээ. Өвөл ажилладаг баазуудын өнөөдрийн дүр зураг ийм байдалтай байна. Тэд баазаа хаах гэхээр цөөн хэдэн ажилчдаа алдчих гээд, хавар буцаж ирэх баталгаа байхгүй. Хэцүү байна гэх эзэн ч байв. Одоо “тогийг чинь тасаллаа шүү” гэдэг дарамт эхэлнэ дээ. Таван сар хүртэл дарамтлуулдаг байсан. Энэ жил 30 хувь нэмчихлээ. Зун хүртэл дарамтлуулах биз. Яг үнэн шүү хэдэн хүнээ бодоод ажиллах гэхээр цахилгаандаа шатаад , яах гэж өвөл ажиллана гээд үлдчихэв дээ. Нуруу нуга хугарч байна шүү гэж ярьсан.
Эдгээр санал, сэтгэгдлүүд цахилгааны нэмэгдэл өвлийн аялал жуулчлалд хүнд тусаж байгааг илтгэж байна. Түүнчлэн цахилгааны тооцоог бичихдээ УБЦТС-ийнхэн дунд нь нугалаа хийж өндөр бичиж завшиж байна гэсэн хардлагыг тэд хэлсэн. Өндөр хэрэглээтэй аж ахуйн нэгжүүдийн төлбөр 30 биш 66-85 хувийн өсөлттэй байгааг шалгуулах хэрэгтэй гэж байлаа. Мөн тэдэнд хүний нөөц маш хүнд тогтворгүй байна. Мэргэшсэн хүний нөөцөө бэлдэхэд салбар яам маш сайн бодлоготой анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг ч сануулж байна. Саяхан авсан мэдээгээр жуулчны баазууд өвөл бараг ажилладаггүй, цөөхөн бааз амралтын газартайгаа нийлээд 100 гаруй нь ажиллах боломжтой судалгаа гарчээ.Үүнээс 55 нь 2024 онд цахилгааны шөнийн хөнгөлөлт анх удаа авсан. Одоо цахилгааны үнэ 30-70 орчим хувь нэмэгдсэнийг дагаад хүнсний үнэ, бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, өвөл ажиллаж буй баазуудад хүндрэл учрах болжээ. Баазын үйл ажиллагааны зардал, ажиллах хүч, цалин, хүнс, цахилгаан, татварууд нэмээд ашиггүй ажиллах нөхцөл болж байна.Тиймээс жуулчин хүлээж суухаас илүү дотоодын амрагч авч үйлчилж зардлаа баланс бариулах гэж хичээж ажиллаж буй нь дээрх эх сурвалжууд нэмж хэлсэн.
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр цахилгаанаа шийдэх боломж олгох
Нэрээ хэлэхээс татгалзсан нэгэн жуулчны баазын эзэн хэдэхдээ “2022 онд тавиулсан 40 ширхэг нарны панель маань үүргээ хангалттай биелүүлж байгаа. Өнгөрсөн жилийн дундаж дүнгээр цахилгааны мөнгийг барьж чадаж байна. Гэхдээ шөнийн хөнгөлөлт үзүүлэх маягаар өнөөдөр гал унтраамааргүй байна. Харин энэ хаврын хамгийн чухал ажлыг сэргээгдэх эрчим хүчний жил, усаа дахин цэвэршүүлж хэрэглэдэг болох зэрэг урт хугацаандаа үлдэцтэй ажлыг хийвэл зүгээр санагдах юм” гэв. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлж төвийн цахилгааны хамаарлаас гарах боломж байгаа нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд цахилгааны нэмэгдлийн хямралаас гарах боломж гэж харж байна. Төрөөс энэ тал дээр дэмжлэг хэрэгтэй ажээ. С.Алтантуяа хэлэхдээ “ Байгуулагдаад нэг жил болж байгаа ч манай салбар холбоо жуулчны бааз, байршуулах байгууллагуудын хүрээнд менежменттэй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад төсөв шаарддаг. Жишээлбэл, хэдэн жуулчны бааз, ресорт, амралтын газар, хаана ямар ямар аймагт байгаа нарийн мэдээлэл, дата мэдээллийн сан, захиалга бүртгэлийн нэгдсэн сантай болох судалгааг явуулах гээд олон ажил төлөвлөж байна. Мөн аялал жуулчлалынханд төрөөс дахин бага хувийн хүүтэй зээл олгох тухай яригдаж байгаа. Тиймээс манай баазуудын төлөөлөл доорх саналыг гаргасан болно. Үүнд 2028 он хүртэлх аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд 2024 онд олгосон 55 тэрбумын зээл хэнд олгогдсон тайланг ил од зарлах хэрэгтэй. Дунд болон жижиг баазууд бараг авч чадаагүй. Тавигдаж буй шаардлагаа зорилтод хэсэгтээ өгмөөр байна. Зээл үр ашиггүй дахин олгохдоо жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй” гэсэн юм. Тэд Монгол Улсын хэмжээний бүх жуулчны бааз,байршуулахад холбогдох Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон стандартуудын хэлэлцүүлгүүд хийж, танилцуулах, саналууд сайн авахыг яамдаас шаардаж байв. Гол нь суурь судалгаатай, аялал жуулчлал эрхлэгчдийг үйл ажиллагаа явуулахад дарамтгүй хууль, дүрэм батлах ёстой гэж байлаа.
Жуулчны бааз, байршуулах холбооны гишүүн “Хустайн Лунабо” баазын захирал Н.Цэндсүрэн хэлэхдээ “Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөрөнгө оруулалт хэрэгтэй. Мэргэшсэн баазуудаа бодлогоор дэмжиж жилийн дөрвөн улирлын аялал жуулчлалаа хөгжүүлэхэд дэмжлэг чухал. Ковидоос улбаалсан хүндрэл одоо ч дуусаагүй байгаа хэмээн нэмж хэлэв. Түүнчлэн 1-2 сая жуулчин яриад аялал жуулчлалын салбараа дэмжинэ гээд байгаа ч ажиллаж буй хэдхэн баазуудаа дарамталж, газрын зөвшөөрлийн сунгалтыг нь хийхгүй, автомат программаар шалтаглан, газрыг нь дээрэмдэх бодлого явуулж болохгүй” гэв.
“Бор зүрхээрээ” ажил гэх бус төрийн оновчтой бодлогоор дэмжих нь чухал
Жилийн дөрвөн улиралд аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлж олон сая жуулчин авъя гэвэл өвөлдөө ядаж төвийн нэгдсэн системээс хамааралгүй нарны эрчим хүчээ өөрсдөө үйлдвэрлэх дэмжлэг болгож 50 хувийн хөнгөлөлттэй буцалтгүй тусламжийн зээлийг Засгийн газраас авмаар байна гэж тэд тодотгосон. Тайланд, Вьетнам, Лаос улсууд жуулчин хүлээж авах бэлтгэл менежментээ зөв хийж, ачааны хүндийг үүрэх гол цөм болсон жижиг, дунд жуулчны баазууддаа оновчтой том төслүүдийг Засгийн газар нь хэрэгжүүлж буйгаас суралцмаар санагдана. Ийнхүү үндэсний хэдэн компани бор зүрхээрээ ажиллаж сая жуулчин авахын тулд нүүрээ тахалж байна даа. Нөгөөтээгүүр, аж ахуйн нэгжүүд зарлага, нотлох баримт бүрдүүлж чаддаггүйгээс болж татвар болон НӨАТ-ын өрөнд их ордог гэсэн. Ажиллах хүний нөөцийг Японд гэрээт ажилчин солилцох шугамаар ажлын дадлага эзэмшүүлбэл гэсэн санал хэлж байлаа.
Эцэст нь 2028 он хүртэл жилийн дөрвөн улиралд сая жуулчин авъя гэсэн төрийн бодлого, уриа сайшаалтай. Гэхдээ жуулчдыг байршуулах хамгийн гол субъект болох жуулчны баазуудаа бусад орнууд ресортуудаа хэрхэн дэмжиж хөгжүүлж буй туршлагаас суралцаж төрийн оновчтой бодлогоор дэмжих нь чухал байна. Сэргээгдэх эрчим хүчний төслийг яаралтай эхлүүлж, баазуудад туршиж, хэрэгжүүлэх явдал нэн чухал. Анхны хөрөнгө оруулалт суурилуулах өртөг өндөр учраас жижиг дунд жуулчны бааз бүр үүнд хөрөнгө оруулалт татах боломжгүй. Тиймээс төрөөс нэгдсэн бодлогоор зохицуулах хэрэгтэй. Жуулчны бааз, байршуулах үйлчилгээний байгууллагууд 2025 оны төлөвлөгөөнд сэргээгдэх эрчим хүчний төсөл эхлүүлэхээр зорьж буйгаа ч дуулгасан. Цантай өвлийн царцсан аялал жуулчлал “бор зүрхээрээ” биш бодлого менежментээр явах цаг болсон.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 20 (7516)