Монгол Улсад сэтгүүлчид өөрсдөө алдаагаа шүүн тунгаадаг, түүнийхээ дагуу олон нийтээс уучлал гуйдаг, алдаагаа ухамсарладаг байх өөрийн зохицуулалтын талаар дуугарч, үгээ хэлдэг Хэвлэлийн мэдээллийн зөвлөл байгуулагдаад 10 жил болжээ. Хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэхээр олон жил манлайлан ажиллаж байгаа тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга У.Тамиртай хэвлэлийн өөрийн зохицуулалтын өнөөгийн нөхцөл, ёс зүйн кодын өөрчлөлтийн талаар ярилцлаа.

 

-Эргээд харахад Хэвлэлийн зөвлөлийн хийсэн ажлын хамгийн чухал үр дүнг та хэрхэн дүгнэх вэ?

-2000-аад оны эхэн үеэс Ёс зүйн хороогоо байгуулах ёстой, өөрийн зохицуулалтын байгууллагыг байгуулах ёстой гэдэг зүйлс яригдаж эхэлсэн юм билээ.

Түүнээс хойш явсаар 2013 оны үеэс мэдээллийн технологи, цаг үеэ дагаад интернэтэд суурилсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл маш олон болсон. Түүнийг дагаад мэргэжлийн ёс зүй ч нэлээн хурцаар тавигдах болсон. Нийгэм, олон нийтийн зүгээс хэвлэл мэдээлэл ер нь юу болоод байна, хэн анхаарах юм бэ гэж шуугиж эхэлсэн.

Өөрөөр хэлбэл, сэтгүүлчид хэвлэл мэдээллийнхэн олон нийтийн итгэлийг алдаж эхэлсэн. Энэ үеэс Хэвлэл мэдээллийн зөвлөлийг байгуулах үндсэн ажил эхэлсэн гэж хэлж болно.

-Тэр үед олон улсын туршлага юу байв. Тухайн үед Германы туршлагаас их судалж санаа авсан гэдэг байх аа?

-2013 онд Германы ЗГ-аас хөгжиж байгаа орнуудад туслалцаа үзүүлэх хөтөлбөр баталсан юм билээ. Энэ үед Монголын хэвлэл мэдээллийн салбарт дэмжлэг үзүүлсэн төсөл хэрэгжүүлье гэсэн шийдвэр гаргасан.

Энэ дагуу тухайн үед Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулахаар зорьж байсан 20 гаруй хүн Европ руу явж туршлага судалсан юм. Герман руу 12 хүний бүрэлдэхүүнтэй баг, үлдсэн 10 хүн нь Бельги рүү явсан. Европын хэвлэлийн зөвлөлийнхөнтэй уулзаж нөхцөл байдлыг судалсан. Тухайн үед төсөл маань Германы Дойче Вилли академиар дамжиж хэрэгжсэн. Ерөнхийдөө олон улсад хэвлэлийн өөрийн зохицуулалт яаж ажилладаг юм гэдгийг эхнээс нь судалсан. “ Дойчэ Вэйли” академиас Монголд ажиллуулахаар томилсон Германы хэвлэлийн зөвлөлийн дэд дарга Манфред  багш маань бидэнд маш их зүйлийг зааж, сургасан.

-Тэр үед сэтгүүлчид, салбарынхан маань хэр хүлээж авч байв?

-Анх сайн дурын клуб байгуулаад сэтгүүлчдийг, эздийн төлөөллийг судлаачид, багш, төрийн бус байгууллагууд, эвсэл холбоод бүгдийг нь нээлттэй урьсан. Эхний нэг жил мэдээж амар байгаагүй, жинхэнэ буцалсан. Германы Дойче академиас гаднын экспертүүдийг авчирч бидэнд туршлага сонсгох, судалгааны ажлууд хийсэн. Дараагийн хийсэн гол ажил бол Ёс зүйн код батлах. Тухайн үед Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 15 дугаар их хурлаар Ёс зүйн код баталсан байсан. Бид тэр ёс зүйн кодыг аваад эхнээс нь судлаад ёс зүйн кодоо олон улсынхтай харьцуулж үзээд, манайд байдаг нь олон улсад байна уу зэрэг харьцуулалт хийсэн. Хоёр дахь гол ажил бол хэвлэлийн өөрийн зохицуулалтыг эхлүүлэх. Өөрийн зохицуулалт гэдэг бол иргэдээс гомдол хүлээж аваад хэлэлцдэг процесс. Энэ бүх бүх ажлуудаа эвсэл холбоодод ойлгуулах, уриалах, ингээд хамтрах гээд багагүй санаачилга хийж явсаар өдий хүрсэн байна.

-Хэвлэлийн зөвлөл байх хамгийн гол ач холбогдол нь юу юм бэ?

-Хэвлэлийн зөвлөлийн гол үүрэг бол сэтгүүл зүйн бүтээл алдаатай байгаа эсэх дээр иргэдээс гомдол хүлээж аваад түүн дээр нь дүгнэлт гаргаад, алдаа гаргасан бол түүнийг нь цааш дамжуулж ийм алдаа гаргасан байна гэдгийг нь дүгнээд явдаг. Мэдээж энэ бол сэтгүүлчдийг алдаагаа ойлгож дахиж давтахгүй байхад анхаарахад чухал алхам болж байгаа. Нөгөө талаар санамсаргүй алдаа их гардаг. Сэтгүүлчид маань ёс зүйн кодоо тэр болгон мэдэхгүй байна. Ингээд үзэхээр нэг алдаанаасаа болоод шүүх цагдаа гээд хууль хүчний асуудал болоод явах нь сэтгүүлчид ч асар хортой. Тийм болохоор шүүх, цагдаад дуудагдахаас нь өмнө сэтгүүлчид алдаагаа засах боломжийг олгож байгаа. Өөрөөр хэлбэл өөрийн зохицуулалт гэдэг бол сэтгүүлчид эзэд бүгдээрээ нэгдэж суугаад бидний баримтлах мэргэжлийн ёс зүйн зарчим бол энэ. Энэ зарчмаа барьж ажиллана шүү гэж тохирч батлаад тэрийгээ мөрдөж байгаа хэрэг. Гуравдугаарт, иргэдийн мэдэх хэрэг нь хангагдаж байна. Хэн баримттай бичиж байна, хэн гүтгэж байна гэдгийг мэднэ гэдэг жирийн иргэдэд бас чухал. Ингээд өөрийн зохицуулалтаар шийдээд сурчихвал иргэд тэр болгон шүүх рүү хандаад байхгүй. Заримдаа хэтэрхий их ажил болдог учраас иргэд тэр болгон хэвлэлд гарсан зүйлийн араас явдаггүй, гомдоод л үлддэг. Гэтэл гомдож үлдсэн хүний ард буруу ойлголт үлдчихдэг. Хэвлэл мэдээлэлд итгэх итгэл алдардаг. Тэгэхээр Хэвлэлийн зөвлөл ажиллаад ирэхээр хэвлэл мэдээллийн нэр хүнд ч дагаад дээшилдэг. 2015 онд ХМЗ байгуулагдаж байхад Монгол Улсын Хэвлэлийн эрх чөлөөний индекс 35 байраар урагшилж байсан. Энэ нь Хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргадаг байгууллагуудын зүгээс Монгол Улсад анх удаа Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдсан нь маш том дэвшил юм гэсэн тайлбарыг өгсөн байсан.

-Тэгвэл Хэвлэлийн зөвлөлийн хараат бус байдал яг яаж хангагддаг юм бэ?

-Хэвлэлийн зөвлөл нь Удирдах зөвлөл болон Радио телевизийн ёс зүйн хороо, Сонин сайтын ёс зүйн хороо гэж хоёр хороотой. Хэвлэлийн зөвлөлийн тогтоосон нэг сайн жишиг бол засаглал маш сайтай. Удирдах зөвлөл зөвхөн бодлогоо ярьдаг, Ёс зүйн хороод гомдлоо хянаж шийдвэрлэдэг. Ёс зүйн хоёр хороо маань иргэдээс ирсэн гомдлыг авч хэлэлцдэг. Удирдах зөвлөл болон Ёс зүйн хороод аль алиныхаа шийдвэрт нөлөөлдөггүй. Ёс зүйн хорооны гишүүд маань яг өөрийн итгэл үнэмшлээр дүгнэлтээ гаргадаг. Энэ бол бид хараат бус ажиллаж байгаа баталгаажуулж чадаж байгааг харуулж байгаа хэрэг. Ёс зүйн хорооны гишүүд аль нэг талд орохгүй эрх ашгийн зөрчил гаргахгүй байх гээд дотроо бас соёлтой, ёс зүйтэй. Нөгөө талаар Хэвлэлийн зөвлөлд гишүүнээр элсэх сонирхолтой хүмүүс маш олон болсон. Тодорхой хэмжээнд салбартаа танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг Ёс зүйн хорооны гишүүнээр нээлттэй сонгон шалгаруулж авдаг.

-10 жилийн ойгоор Ёс зүйн кодыг шинэчлэн баталж байгаа. Яагаад ёс зүйн кодыг өөрчлөх болов. Ямар гол өөрчлөлт орж байгаа вэ?

-Анх байгуулагдсанаас хойш ёс зүйн код бараг өөрчлөгдөөгүй, ганцхан удаа сонгуультай холбоотой асуудлаар жижиг өөрчлөлт орж байсан.  Ер нь ямар нэгэн хууль, дүрэм журам өөрөө тогтвортой байж хүмүүс ойлгож хэрэгжүүлдэг. Тиймээс ойрхон ойрхон өөрчлөөд байх шаардлагагүй гэж хардаг. Одоогийн өөрчлөлт бол цаг үеийн шаардлагаар бий болж, бас ч 10 жил мөрдөгдсөн байна. Энэ хугацаанд сэтгүүлчид маань ямар алдаа гаргаад байна, ёс зүйн код маань бас амьдралд нийцэж байна уу гээд олон шаардлага бий болсон. Өөрөөр хэлбэл, бид 10 жилийн турш хэрэгжүүлсэн ёс зүйн зарчим дээрээ анализ хийгээд,  хоёр жилийн турш ярьж, хэлэлцэж шүүн тунгааж байж өөрчилж байна. Мэдээж үндсэн суурь код маань хэвээрээ. Түүнийгээ илүү задалж, хэт ерөнхий ойлгомжгүй зүйлсийг илүү тодруулж  байна. Энэ удаагийн код маань цаашид бас 10, 20 жил мөрдөгдөх байх гэж найдаж байгаа.

-Ёс зүйтэй сэтгүүл зүйг төлөв­шүү­лэхийн тулд хэн юу хийх ёстой юм. Цаашид ер нь Хэвлэлийн зөвлөл энэ тал дээр хэр анхаарч ажиллаж байна?

-Ёс зүйн зарчмыг редакцууд сэтгүүлчид мөрдөж ажиллах нь мэдээж чухал. Дээр хэлсэнчлэн бид аль болох олон удаа сургалт явуулж, зөв ойлголт өгөхийг эрмэлздэг.

Яг үнэндээ нэг, хоёр сэтгүүлчтэй гэхээс илүү редакц, байгууллагаар нь сургалт явуулж, ёс зүйн зарчим, өөрийн зохицуулалтын талаар ойлголт өгөх нь гол ажил болдог. Сүүлийн үед мөн редакторуудын уулзалтыг тогтмол хийж байна. Редакторууд хамтдаа сууж байгаад тулгамдаж буй асуудлаа ярилцдаг. Энэ бол редакцуудыг чадавхжуулах, дотоод одоо засаглалыг бэхжүүлэх, ёс зүйн төлөвшлийг бий болгоход чиглэсэн гол ажлууд юм. Дараагийн ажил бол зөвхөн сэтгүүлчид ингээд ёс зүйгээ редакцууд хичээгээд ажиллах биш нөгөө талдаа сэтгүүлчдийн гадна талдаа ажиллаж байгаа орчин өөрөө зөв байх. Тэр нь мэдээж хууль эрх зүйн орчин. Хууль эрх зүйн зөв орчныг бий болгох, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангахын төлөө бид дуу хоолойгоо хүргэж байна. Маш олон ажлууд хийж байна. Мэдээж хуулийн өөрчлөлтийг олон улсын гэрээ конвенцид заагдсан олон улсын эрх хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахтай холбоотой тэр зохицуулалтуудыг өөрийн одоо үндэсний хууль тогтоомжид тусгуулах чиглэлээр нөлөөллийн ажил хийж байна. Их хурлын гишүүдээс эхлээд төрийнхөнд, хууль шүүхийнхэнд хүртэл тайлбарлаж байна. Энэ хүрээнд бодлогын хэлэлцүүлгүүдийг хийдэг болсон. Тухайлбал Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөх оролдлогууд бол маш олон гарсан. 2016 оны үед М.Батчимэг гишүүний санаачилгаар өөрчлөх хуулийн төсөл явж байсан. Түүнээс хойш бараг хоёроос гурван өөрчлөлт яригдаж байна. Жил бүрийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ордог. Ер нь Хэвлэлийн зөвлөл өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хэвлэлийн өөрийн зохицуулалт гэдэг меха­низм яаж ажиллах ёстой юм гэд­гийг нутагшуулж, одоо төлөвшүүлэх дээр л гол анхаарлаа хандууллаа. Мөн Хэвлэлийн Зөвлөлийн Ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байгаа хүмүүсийн туршлага ур чадварыг бий болгоход илүүтэй анхаарч ажилласан. Энэ чиглэлээр маш олон сургалтуудыг хийсэн.

-Ингэхэд ХМЗ хаанаас санхүүждэг юм бэ. Энэ нь хараат бус байдлыг баталгаажуулах бас нэг гол илэрхийлэл юм л даа?

-Яг үнэндээ миний сая ярьсан бүх зүйл эргээд санхүүжилттэй холбогддог. Өнөөдрийг хүртэл бид дандаа олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирлээ. Одоо Европын холбооны иргэний нийгмийн байгууллагуудын засаглал ил тод байдлыг сайжруулахтай холбоотой төслийг хэрэгжүүлж байна. Бид санхүүжилтийнхээ 70-80 хувийг олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээр олж авдаг.

-Энэ асуудлыг олон улсад ер нь яаж шийдсэн байдаг юм бэ?

-Германы Хэвлэлийн зөвлөл гэхэд санхүүжилтийн гурван эх үүсвэртэй. Төрөөс нь 40 хувийг өгдөг. Үлдсэн санхүүжилтийг сэтгүүлчдийн байгууллага болон эздээс хариуцаад явдаг жишиг бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 18 (7514)