Зул сарын баярын эвлэрэл, Герман ба Английн цэргүүд хамт, Германы талын фото зураг

П.ЛХАГВАЖАРГАЛ

Христийн шашинтны хамгийн чухал баяруудын нэг “Зул сар”-ыг нийтийн тооллын 320 оноос эхлэн арванхоёрдугаар сарын 25-нд тэмдэглэх болжээ. Одоогоос 110 жилийн өмнө Дэлхийн I дайны үед “Зул сар”-ын баярын үдэш Англи, Германы дайтагч талуудын нийт 100 мянга  орчим цэрэг түр эвлэрч, дараа өдөр нь “Зул сар”-ын баярыг хамтдаа тэмдэглэсэн байдаг. Тэр үеэр Германы цэргүүд нуувчиндаа сүлд модоо чимэглэж, ёслолын дуу дуулан эсрэг талын цэргүүд нэгэнтэйгээ мэндчилж бэлэг солилцож эхэлжээ. Байлдаж байсан цэргүүд энэ баярын үдэш  тамхи, хүнс, архи зэргийг хоорондоо бэлэглэж зарим газар хөл бөмбөг хүртэл тоглосон гэдэг. Фронтын завсрын бүсэд тэр орой гал бүрэн зогсож, 30 км гаруй зурваст дайсны цэргүүд хамтдаа “Зул сар”-ын баярыг тэмдэглэсэн юм.

2014 оны арванхоёрдугаар сард Их Британийн армийн хөлбөмбөгийн баг Германы армийн хөлбөмбөгийн багтай нөхөрсөг тоглолт хийж “Зул сар”-ын баярын тэрхүү тоглолтын 100 жилийн ойг тэмдэглэсэн байдаг.

Эх сурвалж: www.zms.mn