Базарбямбын НЯМСҮРЭН
Хиймэл оюун ухаан гайхалтай ч удирдлагагүй бол жинхэнэ аюул
Швейцарын Давос хотноо 55 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн форум болж байна. “Ухаалаг эрин үеийн хамтын ажиллагаа” уриан дор зохион байгуулагдаж байгаа энэхүү чуулганд 60 орны төрийн тэргүүн, өндөр албан тушаалтнууд, 1400 гаруй эксперт оролцож, хиймэл оюун ухаан, технологийн хурдацтай дэвшлийн хандлага, үр дагаврыг хэлэлцэв.
Дэлхий дахинд хиймэл оюун ухааныг хариуцлагатайгаар нэвтрүүлэх, экосистемийг шинэчлэх, технологийн дэвшлийг ашиглахдаа тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү чуулганд манай улсаас Шадар сайд Т.Доржханд оролцов. Тэрээр “Стратегийн оюун ухааны платформ” төслийн хамтын ажиллагааны гэрээ, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай байгуулах “Монгол Улсад сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх, уур амьсгалын зорилтыг дээшлүүлэхэд хамтран ажиллах” санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Хиймэл оюун ухаан нь аж үйлдвэр, эдийн засагт ихээхэн өөрчлөлт авчирч, нийгмийн сорилтуудыг даван туулах боломжийг нэмэгдүүлж байгаа сайн талтай ч кибер аюулгүй байдлыг хангах шаардлагатай нөхцөл байдлыг бий болгож байгаа гэдэгт чуулганы оролцогчид санал нэгтэй байлаа. Чуулганы гурав дахь өдөр НҮБ-ын тэргүүн А.Гутерриш үг хэллээ. Тэрээр “Өнөөдөр бид хоёр том сорилттой нүүр тулж байгаагийн нэг нь хиймэл оюун ухаан, нөгөө нь уур амьсгалын өөрчлөлт юм. Уур амьсгалын өөрчлөлтийг бодитоор харж, шийдвэртэй арга хэмжээ авах нь улс орны удирдагч бүрийн шийдвэл зохих гол ажил гэдгийг би энд цугласан төрийн тэрггүүнүүдэд хандаж уриалмаар байна. Мөн хиймэл оюун ухаан гайхалтай ч удирдлагагүй бол жинхэнэ аюул байх болно” хэмээн анхааруулав. Харин Испанийн Ерөнхий сайд Педро Санчес Европын холбоо сошиал медиа, технологийн платформуудын сөрөг талын эсрэг зохицуулалтын арга хэмжээ авахыг уриаллаа. Тэрээр “Технологийн тэрбумтнууд ардчиллыг нураахыг хүсч байна” гэв.
Хиймэл оюун ухаан хэдийгээр шинэ тутам хөгжиж байгаа ч асар хурдтай хөгжиж байгаагийн давуу тал олон байгааг чуулганд оролцогчид онцолж байна. Чуулганы үеэр хиймэл оюун ухаантай холбоотой хэд хэдэн чухал тоо баримтыг мэдээлжээ. Тухайлбал, төрийн дижитал системүүд 2034 он гэхэд дэлхийн хэмжээнд 9.8 их наяд ам.долларын боломжийг нээнэ гэв. Хурдацтай хөгжиж буй технологиуд эрчим хүчний хэрэглээг эрс нэмэгдүүлж байгаа бөгөөд 2026 он гэхэд дата төвүүдийн цахилгаан хэрэглээ 1000 TWh-д хүрэх магадлалтай гэсэн тооцоо гарчээ. Энэ чуулганы бас нэгэн гол сэдэв Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал байлаа. Сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдаж байгаа аж үйлдвэрийн хувьсгал нь шинэ технологи, хиймэл оюун ухааны ололт амжилт гэдгийг баталж, Энэтхэг улсыг энэ хувьсгалын төвөөр нэрлэж байна. Хиймэл оюун ухааны адил хурдацтай хөгжиж байгаа квант технологи нь тооцоолол, харилцаа холбоо, аюулгүй байдал зэрэг салбаруудад хувьсгал авчрах чадамжтай хэмээн үзэж улам хөгжүүлэхээр стратегийн зорилгуудыг хэлэлцэв.
Мягмар гарагт Д.Трамп Oracle, SoftBank болон OpenAI-ийн байгуулсан шинэ түншлэлийн хүрээнд хиймэл оюун ухаантай холбоотой дэд бүтцэд 500 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буйгаа зарласан билээ.
В.Зеленский: Украиныг хамгаалах гол арга зам бол НАТО-д элсүүлэх юм
Албан ёсны талаас нь харвал хиймэл оюун ухааны хүн төрөлхтөнд заналхийлж байгаа сорилтыг хэрхэн шийдвэрлэх, өндөр технологи, хамтын ажиллагааг хэлэлцсэн Давосын энэ жилийн чуулган эдийн засаг гэхээс илүү улс төрийн уур амьсгалтай болж байгаагаараа онцлог юм. Хоёр жил үргэлжилсэн Израйл ХАМАС-ын дайны гал зогсч, Газын зурвасын сэргээн босголт эхлэх шатандаа орсон, АНУ-ын ерөнхийлөгчөөр Д.Трамп сонгогдож хэд хэдэн томоохон шийдвэрийг аль хэдий нь гаргаад байгаа зэрэг цаг үеийн асуудлуудтай холбогдуулан геополитикийн чухал шийдвэрүүд гарах эгзэгтэй цаг үед энэ удаагийн чуулган болж байна. АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч ДЭМБ-аас гарч, Парисын хэлэлцээнээс татгалзаж, НАТО-г шахаанд оруулан шүүмжилж байгаа зэргээр гадаад бодлогын хувьд хэд хэдэн гал гарсан шийдвэрийг зарлаад байна. Тангарагаа өргөөд хэдхэн хонож байгаа Д.Трамп пүрэв гарагт Давосын чуулганд цахимаар үг хэлнэ. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөснөөсөө хойш анх удаа дэлхийн хэмжээний үйл ажиллагаанд байр сууриа илэрхийлэх гэж байна. Одоогоор сонгуульд өрсөлдөж байхаасаа л Орос Украины дайныг долоо хоногийн дотор дуусгана гэдгээ зарлаж байсан ч хэрхэн дуусгах “арга”-аа хараахан мэдэгдээгүй байгаа юм. Тэрээр Украины мөргөлдөөнийг 100 хоногийн дотор зогсоох үүргийг Украины асуудал эрхэлсэн тусгай элч Кит Келлогт өгсөн тухай “Wall Street Journal” сонинд бичжээ.
Давосын чуулганы хоёр дахь өдөр Украины ерөнхийлөгч В.Зеленский үг хэлсэн нь олон улсын анхаарлыг татаад байна. “Дэлхий нийтээр Вашингтон руу анхаарлаа хандуулж байгаа ч хэн Европыг анхаарч байна вэ?” хэмээн тэр үгээ эхлэв.
“Бидэнд Европын аюулгүй байдал, батлан хамгаалах нэгдсэн бодлого хэрэгтэй бөгөөд Европын улс орнууд аюулгүй байдлыг олон жилийн турш үл тоомсорлож ирлээ. Гэвч одоо Европ өөрсдийгөө хамгаалах, аюулгүй байдлаа хангахад анхаарах зайлшгүй шаардлага бий болсон” гэсэн юм. Мөн тэрээр ОХУ-ын өнөөгийн нөхцөл байдал улам бүр дарангуйллын шинж чанартай болж байгааг онцлоод цаашид Украиныг хамгаалах гол арга зам бол НАТО-д элсүүлэх юм хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 15 (7511)