Базарбямбын НЯМСҮРЭН

 

АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Д.Трамп, 50 дахь дэд ерөнхийлөгч Ж.Д Вэнс нарын тангараг өргөх ёслол Капитолын ордонд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. АНУ-ын ерөнхийлөгч асан Б.Клинтон, Ж.Буш, Б.Обама, Ж.Байден нараас гадна Конгрессийн гишүүд, сенатч, төлөөлөгчдийн танхимын тэргүүлэгчид, улстөрчид, технологийн томоохон компанийн захирлууд болон ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн гэр бүлийнхэн, гадаадын хүндэт зочид оролцов.

2021 онд Жо Байденд халаагаа өгч байсан Д.Трамп Үндсэн хуулийг чандлан сахихаа илэрхийлэн Библи дээр гараа тавин хоёр дахь удаагаа тангараг өргөснийхөө дараа ард түмэндээ хандаж үг хэллээ. Мөн ажлаа эхэлсэн эхний өдрөө 100 гаруй зарлигт гарын үсэг зурав.

Түүний эхэлсэн үгийг бүхэлд нь авч үзвэл сонгуулийн мөрийн хөтөлбөр нь агуулгаараа багтсан байлаа. Мексикийн буланг Америкийн булан гэж нэрлэнэ, Панамын сувгийг Америк эргүүлэн авна, гэмт хэрэгт орооцолдсон цагаачдыг эх оронд нь буцаана хэмээн ярьж байсан тэрээр энэ бүхнээ эхний өдөр хэлсэн үгэндээ дахин онцлов. “АНУ-ын уналтын жилүүд ард үлдэж, энэ өдрөөс эхлэн цэцэглэн хөгжих цаг эхэлж байна. Өнгөрсөн дөрвөн жилд доройтон суларсан учир Америкийг дахин агуу болгох түүхэн цаг үе эхэллээ” хэмээн тэр үгээ эхэлсэн юм.

АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчийн ард түмэндээ хандаж хэлсэн үгсээс онцлох ишлэлүүдийг хүргэе.

 

• Америкийн “Алтан үе” эхэллээ. Энэ өдрөөс эхлэн манай улс цэцэглэн хөгжиж, дэлхий дахинаа дахин хүндлэгдэх болно.

Трампын Засгийн газар ажиллаж байгаа цагт өдөр бүр би америкуудыг нэн тэргүүнд тавих болно. Бидний аюулгүй байдал дахин баталгаажна. Америк дахин агуу хүчирхэг болно.

• АНУ-ын засгийн газар итгэлцлийн хямралтай нүүр тулсан. Нийгмийн тулгуур багана эвдэрч, бид дотоодынхоо энгийн хямралыг ч даван туулж чадахааргүй хэмжээнд хүрчээ. Манай улс онцгой байдлын үед нийгмийн анхан шатны үйлчилгээ үзүүлж чадахгүй болсныг саяхан Хойд Каролинад болсон гамшиг бидэнд харууллаа. Лос Анжелес хотод хэдэн долоо хоногийн өмнөөс эхэлсэн гал түймрийн гамшиг энэ гайхамшигт хотыг эмгэнэлтэйгээр шатааж байгааг бид харж байна. Манайх дэлхийн аль ч улсаас илүү их мөнгийг зарцуулдаг хэрнээ гамшгийн үед үр дүн өгдөггүй нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо бий болгосон.

• Хууль сахьдаг шударга иргэдээ бид манай улсад хууль бусаар нэвтэрсэн гадаадын олон орны, сэтгэцийн эмгэгтэй гэмт хэрэгтнүүдээс хамгаалах ёстой. Манай Засгийн газар гадаад улсын хилийг хамгаалахад хязгааргүй санхүүжилт өгсөн хэрнээ хамгийн чухал зүйл болох Америкийн хилээ хамгаалж чадахгүй байна.

• Манай ардчилал, улс үндэстний гайхамшигт хувь заяа дахин унах учиргүй, бид АНУ-ын Засгийн газрыг дахин эрч хүчтэй, итгэл үнэмшилтэй, төгс төгөлдөр байлгахын төлөө тууштай ажиллах болно.

• Сүүлийн найман жилд би АНУ-ын 250 жилийн түүхэн дэх аль ч ерөнхийлөгчийн амсаж байгаагаа бэрхшээл сорилттой нүүр туллаа. Биднийг зогсоохыг хүссэн хүмүүс миний эрх чөлөөг булаан авахыг оролдсон төдийгүй амь насанд минь халдах санаархсан. Хэдхэн сарын өмнө Пенсилвани мужийн үзэсгэлэнт толгодод бууны сум миний чихийг сэтэлснийг бүгд мэднэ. Гэхдээ миний амь аврагдсан нь учир шалтгаантай байсныг би мэдэж байна. Америкийг дахин агуу болгохын тулд бурхан намайг аварсан.

• Бид өдөр бүр Америкийн эх орончдын дуудлагаар өмнөө тулгарсан бэрхшээл бүрийг ялан туулах болно. Бид иргэддээ итгэл найдвар, улс орондоо хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал, амар амгаланг эргүүлэн авчрахын тулд тууштай ажиллах болно. Америкийн иргэдийн хувьд 2025 оны нэгдүгээр сарын 20 бол “Чөлөөлөх өдөр” юм. Өнөөдөр бол Мартин Лютер Кингийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Бид түүний мөрөөдлийг өнөө цагт биелүүлэхийн төлөө ажиллах болно.

• Бид урьд хожид байснаас ч илүүтэйгээр нэгдэх ёстой. Бид улс үндэстнээ мартаж болохгүй. Үндсэн хуулийг мартах учиргүй. Бурхныг бид мартах учиргүй.

• Өнөөдөр би олон чухал тогтоол зарлигт гарын үсэг зурна. Энэ бол улс орноо дахин сэргээх үйл хэргийн минь зөвхөн эхлэл.

• Би өмнөд хил дээр онцгой байдал тогтоож, хууль бусаар хил зөрчин орж ирж байгаа урсгалыг хааж байгаагаа мэдэгдье. Бид сая сая хууль бус цагаачдыг нутаг буцаана. “Мексик рүү буцаах бодлого” дахин сэргэж байгааг мэдэгдье. Цэргүүдээ өмнөд рүү илгээж, хилээ сахин хамгаалах болно. Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд улс орноо гадаадын аливаа дайралт, түрэмгийллээс хамгаалах нь юунаас ч эрхэм хариуцлага гэдгийг би ухамсарлаж байна.

• Би болон манай засгийн газар хэтэрхий их өндрийг авсан инфляцийг ялан дийлж, зардал, үнийг хурдан буулгахын тулд бүх хүчээ дайчилна. Инфляцийн энэ хямрал засгийн газрын зардал асар их нэмэгдэж, эрчим хүчний үнэ өссөнөөс үүдэлтэй. Тиймээс би өнөөдөр үндэсний хэмжээнд эрчим хүчний онцгой байдал зарлах болно. Бид өрөмдөөд өг, өрөмдөөд өг” гэсэн уриатай ажиллана. Америк дахин үйлдвэрлэгч үндэстэн болно. Бидэнд дэлхийн аль ч улсад байхгүй их хэмжээний газрын тос, байгалийн хийн нөөц бий. Бид хөл доороо байгаа шингэн алтаа ашиглаж үнийг буулгаж, стратегийн нөөцөө дахин дүүргэнэ. Америкийн эрчим хүчийг дэлхий даяар экспортолж, дахин баян улс болно.

• Шинэ Ногоон хэлэлцээрийг зогсоож, цахилгаан автомашины татаасыг цуцалж, автомашины салбараа аварна. Америк хүн хүссэн машинаа худалдаж авах боломжтой болно.

• Төрийн болон хувийн амьдралын бүхий л салбарт арьс өнгө, хүйсийг хүчээр “инженерчилдэг”-ийг дуусгах болно. АНУ-ын засгийн газрын албан ёсны бодлого нь эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр л хүйстэй байх болно.

• Би Америкийн ажилчид болон гэр бүлүүдийг хамгаалахын тулд худалдааны тогтолцоогоо шинэчлэх ажлыг нэн даруй эхлүүлэх болно. Бусад улсыг баяжуулахын тулд иргэдээсээ татвар авахын оронд гадаадын улс орнуудаас татвар авна. Үүний тулд Гадаадын орлогын алба байгуулж байна.

• Бид амжилтаа зөвхөн ялсан тулалдаануудаараа бус, мөн дуусгасан дайнаараа хэмжинэ. Миний үлдээх хамгийн бахархалт өв энхийг сахиулагч, нэгтгэгч гэсэн нэрээр түүхэнд үлдээсэй гэж би хүсч байна.

• Бид Мексикийн буланг Америкийн булан болгон өөрчлөх гэж байна. Агуу ерөнхийлөгч Уильям МакКинлигийн нэрийг МакКинли ууланд, хаана байх ёстой, хаана харьяалагдах ёстой тэр газрыг сэргээнэ. Панамын сувгийг өөрсдийн асар их хөрөнгөөр барьж, 38 мянган хүний амь насыг зориулсан мөртлөө Панам улсад өгсөн “тэнэг” алдааг засаж залруулна. Панам улсад өгсөн энэ бэлэгний гэрээ бүхэлдээ зөрчигдсөн, тэд амлалтаа зөрчсөн. Америкийн хөлөг онгоцуудад хэт өндөр татвар ногдуулж гэрээгээ зөрчиж байгаа шударга бус үйлдлийг таслан зогсооно. Хятад улс одоо Панамын сувгийг ашиглаж байна. Гэвч бид үүнийг Хятадад өгөөгүй, Панамд өгчихөөд буцааж авах гэж байна.

• Алсын хараагаа гариг эрхэс рүү чиглүүлж, Ангараг гариг дээр Америкийн сансрын нисгэгчид хөл тавьж, АНУ-ын алаг далбаа мандах болно. Америкчууд эрж хайдаг,  хийж бүтээдэг, шинийг санаачилдаг ялагчид гэдгээ батлан харуулна.

• Олон хүн намайг улс төрд эргэн бахархалтайгаар ирэхийг боломжгүй гэж үзэж байсан бол өнөөдөр би энд үгээ хэлээд зогсож байна. Америкчуудад хандаж хэлэх миний хамгийн чухал үг бол бид дахин эр зориг, эрч хүчтэй, түүхэн дэх хамгийн агуу соёл иргэншлээ сэргээх болно.

• Сүүлийн жилүүдэд манай улс маш их зовж шаналлаа. Бид агуу улсаа эргүүлэн авчрах болно. Дахин хүндлэгдэж, дахин бахархалтайгаар дэлхий нийтэд дуурсагдана. Зоригтойгоор урьд өмнөхөөс ч илүүгээр эрх чөлөө, тусгаар тогтнолоо тунхаглана. Америкийн “Алтан үе” эхэллээ. Бурхан Америкийг ивээг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 13 (7509)