-Иргэдээс төрийн байгууллагад өргөдөл гомдол гаргах талаар хууль журам бий юу?
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжоор энэ асуудлыг зохицуулдаг.
-Өргөдөл, гомдол, санал, мэдэгдэл зэрэг ойлголтууд ямар ялгаатай вэ?
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд эдгээр ойлголтыг тайлбарласан байдаг. “санал” гэж төрийн ба нутгийн удирдлагын байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх талаар гаргасан иргэний хүсэлтийг; “мэдэгдэл” гэж Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдон иргэдээс гаргасан хүсэлтийг; “гомдол” гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг хэлнэ, “өргөдөл” гэж гомдлоос бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг хэлэх бөгөөд өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно гэж хуульд заасан байдаг.
-Төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргахад хуулиар шаардлага тавигддаг вэ?
-Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд хэд хэдэн шаардлагыг хуульчилсан байдаг. Үүнд: Өргөдөл, гомдол гаргагч өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль, бусад хуулийг зөрчих, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалж болохгүй бөгөөд өргөдөл, гомдол үнэн зөв байна гэж заасан байна.
Бичгээр эсвэл цахим хэлбэрээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлөөлүүлэн зурж болно. Өргөдөл, гомдлыг иргэд бичгээр болон цахим хэлбэрээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргах бөгөөд өргөдөл, гомдол гаргахад эдгээрээс бусад зүйл шаардахыг хориглоно.
-Өргөдөл, гомдолоо ямар хэлбэрээр гаргах вэ?
-Өргөдөл, гомдлыг төрийн албан ёсны хэлээр, бичгээр буюу амаар гаргана. Өргөдөл, гомдлыг цахим сүлжээгээр дамжуулан гаргаж болох бөгөөд төрийн байгууллага бүр цахим хаягтай байна.Төрийн албан ёсны хэлийг мэдэхгүй бол төрөлх хэлээрээ өргөдөл, гомдол гаргаж болно. Амаар биечлэн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа этгээд тэмдэглэн авч, өргөдөл, гомдол гаргагчийн гарын үсгийг зуруулна. Гарын үсгээ зурж чадахгүй бол энэ тухай тэмдэглэнэ.
Иргэд радио, телевизээр явуулж байгаа шууд нэвтрүүлгээр болон тусгайлан ажиллуулсан утсаар дамжуулан өргөдөл, гомдол гаргаж болох бөгөөд уг өргөдөл, гомдолд амаар хариу өгч болох ба шаардлагатай бол шалгаж тодруулан бичгээр хариу өгч болно.
-Ямар асуудлаар өргөдөл, гомдол гаргах вэ?
-Иргэд өргөдөл, гомдлоо төрийн тухайн байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хууль тогтоомжоор тогтоож, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргана. Төрийн байгууллага, албан тушаалтны хууль тогтоомжоор тогтоосон эрхлэх асуудлын хүрээг албан ёсоор нийтэд зарлаагүй нь тухайн асуудлаар гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авахгүй байх үндэслэл болохгүй.
Гомдлыг түүнд холбогдож байгаа байгууллага, албан тушаалтныг харьяалсан дээд шатны байгууллага, албан тушаалтанд, харьяалсан дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад, эсхүл гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллагад гаргана.
-Иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг хэрхэн хүлээн авч бүртгэх вэ?
-Төрийн бүх байгууллага өргөдөл, гомдол гаргагчийг хүлээн авч уулзах байр, өргөдөл, гомдол хүлээн авах цагийн хуваарийг тогтоож, нийтэд мэдэгдэнэ. Хол газраас ирсэн иргэнийг хүлээлгэлгүйгээр хүлээн авч уулзана. Иргэдийг хүлээн авах байранд ирж амаар гаргасан өргөдөл, гомдлыг түүнийг хүлээн авах үүрэг бүхий ажилтан тэмдэглэн авч, тусгай бүртгэлд бүртгэнэ. Бичгээр болон цахим сүлжээгээр дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ.
Хүлээн авч бүртгэсэн өргөдөл, гомдлыг түүнийг шийдвэрлэх албан тушаалтанд өдөрт нь багтаан шилжүүлнэ. Харин гомдлыг түүнд холбогдож байгаа албан тушаалтанд өөрт нь шилжүүлэхийг хориглодог. Өргөдөл, гомдлыг албан тушаалтан шууд хүлээн авч болно. “Нууц”, “гарт нь” гэж хаягласан өргөдөл, гомдлыг тухайн албан тушаалтанд шууд өгнө.
Хаяг: Д.Сүхбаатарын гудамж 11/1
Шуудангийн хаяг: 46 - 835, Улаанбаатар хот 14201, Монгол Улс
Цахим хаяг: info@hssmongolia.mn
Цахим хуудас: https://mongolia.hss.de/mn