М.ТИЛЕГЕН

Энэ сарын 19-20-нд ОХУ-ын Тюмень хотод “Бага ДАШТ” гэгддэг сонгомол бөхийн олон улсын А зэрэглэлийн домогт бөх Иван Поддубныйн нэрэмжит тэмцээн болов. 51 дэх жилдээ зохиогдож байгаа уг тэмцээнд дэлхийн олон орны шилдэг тамирчид цугларав. Дэвжээний эзэн ОХУ-ын багаас жин болгонд олон тамирчин зодоглож, шилдгүүд бараг бүгдээрээ хүч сорив. Олимпийн аваргуудаас Роман Власов, Алексей Мишин нар алтан медаль хүртсэн бол, Ислам-Бека Альбиев мөнгө, Назир Манкиев хүрэл медаль зүүсэн байна. Хамгийн хүнд жинд БНХАУ-ын Ни Сяомин аваргалж, Беларусь нэг мөнгө, Узбекистан нэг хүрэл медаль авчээ. Бусад бүх медалийг дэвжээний эзэн Оросын тамирчид хамжээ.

ТЭМЦЭЭНИЙ МЕДАЛЬТНУУД

55 кг. 1. Степан Маранян 2. Бекхан Манкиев, 3. Араз Халилов, Андрей Цой (бүгд ОХУ)

60  кг. 1. Рустам Хучбаров 2. Иван Куйлаков (хоёул ОХУ), 3. Ербол Калабаев (Беларусь), Назир Манкиев (ОХУ)

66 кг. 1. Адам Курак 2. Ислам-Бека Альбиев, 3. Замир Загаштоков, Юрий Денисов (бүгд ОХУ)

74 кг. 1. Роман Власов, 2. Александр Чехиркин, 3. Евгений Попов, Евгений Салеев (Бүгд ОХУ)

84 кг. 1. Алексей Мишин 2. Азамат Бикбаев (хоёул ОХУ), 3. Рустам Ассакалов (Узбекистан), Рамазан Абачараев (ОХУ)

96 кг. 1. Никита Мельников 2. Муса Евлоев, 3. Константин Ефимов, Даниил Онтин (Бүгд ОХУ)

120 кг. 1. Ни Сяомин (Китай) 2. Заур Кодоев, 3. Алихан Аюбов, Шохрудди Аюбов (Бүгд ОХУ) 

 

ДОМОГТ АВАРГЫН АМЬДРАЛ, БӨХИЙН ЗАМНАЛ

“Аваргуудын аварга” хэмээн нэрлэгдэж явсан Оросын домогт бөх Иван Поддубный 1871 онд Пол­тав мужид Максим Под­дуб­ныйн гэр бүлд төржээ. Түүний аав их бяр, тэн­хээтэй хүн байсан бөгөөд Иван нэгэн яриандаа “Миний эцэг бол надаас илүү бяртай байсан ганц­хан хүн” гэж хуучилж байжээ. Багаасаа хар бор ажилд нухлагдаж өссөн Иван 12 натайгаасаа бая­чуудын зарц болж, 20 настайдаа тэнгисийн боомтод ачигчийн ажил хийжээ. 1896 онд 25 нас­тай­даа бөхийн дэвжээнд гарч Феодосийн циркэд тэр үеийн алдарт аваргууд болох Георг Лурих, Боро­данов, Разумов нарыг өвдөг шороодуулж олонд танигдаж эхэлжээ.

1903 онд граф Григорий Рибопьер Иван Поддубныйг Санкт-Петербург хотод урьжээ. Тэнд Бөхийн нийгэмлэгт дасгалжуулагч Эжен де Парийн удирдлагад хагас жил хичээллэж сонгомол барилдааны арга барил, техникт суралцжээ. Дараа нь анхны дэлхийн аваргад зодоглов. Тэмцээнд 130 бөх оролцсоноос Иван 11 давж, зөвхөн Францын Рауле де Бушед ялагдсан байна. Граф Григорий Рибопьер Францын бөхөд 10 мянган франк амлаж Ивантай дахин барилда­хыг санал болгожээ. Гэвч Раул де Буше татгалзсан байна. Тэр хоёрын халз барилдаан 1904 онд Санкт-Петербургт болж, Оросын аварга түүнийг гайхалтай ялж хариугаа авчээ. 1905 оны дэлхийн аваргын тэмцээнд Буше эхний тойрогт ялагдаж, Иван бүх өрсөлдөгчөө цэвэр ялсаар финалд үлдсэн байна. Шийдвэр­лэх барилдаанд Данийн Йесс Педерсентэй нэг цаг 36 минут барилдаж ялалт байгуулан дэлхийн авар­гын алдрыг хүртжээ. Поддбуныйд аваргын туузын хамт 10 мянган франкын шагнал өгчээ. Тэрхүү аваргын туузаа домогт аварга насан эцэст­лээ өөртөө хадгалсан гэдэг. Аварга болсноос хэдхэн хоногийн дараа Францын Ницце хотод нэгэн кафед Иванд таван залуу хүрч ирээд тэдний нэг нь өөрийгөө Эжен де Парийн дүү гэж танил­цуулжээ. Дасгалжуу­лаг­чид нь дүү байдаггүй гэдгийг мэддэг Иван кафенээс гарч явжээ. Харин нөгөө үл таних таван залуу түүнийг да­гаад байжээ. Нэрт бөхийн байрлаж байсан зочид буудал хүртэл дагаж ирсэн тэдэнд Иван “намайг хүлээж байгаарай, би өрөөндөө ороод гараад ирье” гээд өрөөнөөсөө гар буугаа аваад гарч ирсэн байна. Гар бууг харсан тэд тал тал тийшээ зугтжээ. Дараа өдөр нь цагдаа нар тэднийг баривчилж байцаалт авахад тэд Иваныг дээрэмдэх гэж байжээ.

1906, 1908 оны дэл­хийн аваргад дахин тү­рүүл­сэн И.Поддубный 1910 онд бөхөө орхихоор шийдэж төрөлх нутагтаа буцжээ. Төрөлх Полтавт ирээд гэрлэж, аж ахуй эрхэлдэг болсон байна. Харамсалтай түүний тай­ван амьдрах хүсэлд орон нутгийн захиргаа, нудар­ган баячууд саад болж түүний аж ахуйг дам­пууралд хүргэжээ. 1913 онд Подубный циркдээ эргэн иржээ. Иргэний дайны жилүүдэд Керч, Житомирын циркэд ба­рил­даж, 1919 онд Махно­гийн армийн хамгийн хүчирхэг бөхийг ялж байжээ.

1920 онд Одессийн Онцгой албаынхан Ива­ныг баривчилж цаазаар авах ял оноожээ. Удалгүй түүнийг цагаатгаж сул­ласан байна. Одесст бай­хад эхнэр нь бүх хөрөнгө, алт мөнгийг нь авч өөр хүнтэй зугтсаныг мэдсэн Иван Поддубный сэтгэ­лийн хямралд орж, хүмүүс­тэй харилцахаа ч больжээ. Гэсэн ч цаг хугацаа бүхнийг мар­туулж, дахин гэрлэсэн тэрээр мөнгө олохоор Герман руу явсан байна. Германд нэлээд хэдэн жил барилдсан Иван Америкаас урилга авч тийшээ явав. 1925 оны есдүгээр сард 54 нсатай Поддубный Нью-Йоркт ирэв. 16 кг жин хасч өмнө нь барилдаж байгаагүй чөлөөт бөхийн төрлөөр хүч үзэхээр шийджээ. Жил хагас Америкт амжилттай барилдахдаа ганц удаа ялагджээ. Ялагдсан ганц бөх нь чөлөөт бөхийн дэлхийн аварга Жо Стетчер түүнээс 22 насаар дүү байжээ. Америкчууд Поддубныйд шинэ гэрээ санал болгосон ч тэрээр Орост эргэн ирсэн байна.

Иван Поддубный 1949 онд зүрхний шигдээсээр насан өөд болжээ.