П.АМГАЛАН
Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, гавьяат дасгалжуулагч Б.Баттулга, МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, Хийморь төслийн санаачлагч продюсар Б.Батзолбоо нар “Хийморь төсөл”-ийн хүрээнд Грийн шоу продакшн, Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбооноос хамтран зохион байгуулж буй “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн халз барилдаан болох талаар мэдээлэл хийлээ. Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар “Монгол жүдо бөхийн холбооноос жүдо бөхийн баг тамирчид, олимп дэлхийн аваргын тэмцээнд оролцож байсан өнөө цагийн хүчтэнүүд энэ барилдаанд барилдахаар бэлтгэл сургуулилтаа хийж байна” гэсэн юм.
Барилдаан энэ сарын 15-нд Монгол бөхийн өргөөнд болох юм. Халз барилдаанд оролцох жүдочдын багийг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар дасгалжуулах бөгөөд дархан аварга Н.Батсуурийг ахална. Харин бүрэлдэхүүнд улсын заан Д.Анар, Б.Серик, начин Л.Отгонбаатар, Х.Цогтгэрэл, Б.Лхагвадорж, Б.Түвшинтөгс, Э.Мөнхжаргал, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, аймгийн арслан М.Баяржавхлан, аймгийн начин Б.Гончигсүрэн нар багтсан байна.
Харин чөлөөт бөхийн багийг гавьяат дасгалжуулагч Б.Баттулга дасгалжуулж, улсын начин Ж.Чулуунбат ахална. Бүрэлдэхүүнд улсын арслан Б.Орхонбаяр, заан М.Лхагвагэрэл, Д.Хүдэрбулга, харцага Н.Золбоо, Б.Зоригтбаатар, Г.Ганхуяг, начин Э.Батмагнай, аймгийн арслан Ч.Алтангэрэл, М.Цэрэн, аймгийн заан Б.Бат-Эрдэнэ багтжээ.
1999 онд онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах юм.
Эх сурвалж: www.zms.mn