Өнгөрсөн арваннэгдүгээр сард манай улсад болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
1. “Зууны мэдээ” сонин JTI сертификаттай Монголын анхны сонин боллоо
2024.11.01 Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин Олон улсын сэтгүүл зүйн стандарт болох Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга (JTI)-д нэгдсэн Монголын анхны сонин боллоо. Үүнийг сэтгүүл зүйд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, иргэдийн мэдэх эрхийг хангах зорилготой энэхүү санаачилгыг Хэвлэл мэдээллийн ил тод байдлыг баталгаажуулсан дэлхийн анхны ISO стандарт гэж энгийнээр ойлгож болно.
2.УИХ 2025 оны Төсвийн хуулийг баталлаа
2024.11.08 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг баталлаа. Чуулганд 106 гишүүн оролцсоноос 69 нь дэмжлээ. 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 23 их наяд 140 тэрбум 589.3 сая төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 26 их наяд, 485 тэрбум, 278 сая төгрөг байхаар батлав.
3. Тог, цахилгаан үнэ нэмэгдэв
2024.11.16 Эрчим хүчний зохицуулах хорооноос аж ахуйн нэгж байгууллагын цахилгааны үнэ тарифыг 30 хувиар нэмэгдүүлж байгаагаа мэдэгдэв. Айл өрхийн хувьд нэг кВт/ц нь 140 төгрөгөөр тооцдог байсан бол 0-150 кВт.ц хүртэлх хэрэглээг 175 төгрөг, 150-300 кВт.ц-ийн хэрэглээг 256 төгрөгөөр, 300-аас дээш кВт.ц-ийн хэрэглээг 285 төгрөгөөр тооцоолж эхэллээ. Харин дулааны тарифыг нэмэгдлийг 2025 оны тавдугаар сарын 16-наас мөрдөж эхлэх юм.
4. Төсвийн хууль хоригт оров
2024.11.20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төсвийн хуульд бүхэлд нь хориг тавилаа. Төсөв батлахдаа хууль дээдлэх зарчим баримтлаагүй, мөн төсвийн алдагдлыг бууруулж оруулж ирэх нь зүйтэй гэж үзэв. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, хуулийн хүрээнд нэмэлт өөрчлөлт хийхээр болсон ч гишүүдийн олонх нь Засгийн газарт буцааж, дахин Төсвийн хуулийг өргөн барих нь зүйтэй гэж үзэв.
5. “IFPIM Монгол” хөтөлбөрийн нээлт боллоо
2024.11.21 Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийг дэмжих олон улсын сан, "Сэтгүүл зүйн инновац, Хөгжлийн үүр төв” ТББ-аас хэрэгжүүлж буй “IFPIM Монгол” хөтөлбөрийн нээлт болж, хөтөлбөрт хамрагдсан хэвлэл мэдээллийн редакцууд нэг жилийн үр дүнгээ хуваалцлаа. “IFPIM Монгол-2023” хөтөлбөрт “NTV” телевиз, “Зууны мэдээ” сонин, iToim.mn, www.Ub.life, Gragh.mn, Lemonpress.mn гэсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд шалгарсан билээ.
6. Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойг тэмдэглэв
2024.11.26 Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 100 жилийн ой тохиолоо. Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн талбайг мандуулж, УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдаж, Төрийн тэргүүн ард түмэндээ хандаж үг хэлэв. Мөн анх удаагаа парламент Үндэсний хоолоор битүү шөлийг нэрлэж, энэ өдөр гэртээ битүү шөл хийж идэхийг ард иргэдэд уриалав.
7. МҮХАҮТ шинэ ерөнхийлөгчтэй болов
2024.11.28 МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал хуралдаж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг нөхөн сонгох сонгуулийг зохион байгууллаа. Санал хураалтад 512 гишүүн оролцсоноос Ц.Баатарсайхан 236 хүний санал буюу 46 хувь, Л.Төр-Од 276 хүний санал авч 54 хувиар ялалт байгуулсан байна. Ингэснээр "Транспаренси интернешнл Монгол" ТББ-ын тэргүүн Л.Төр-Од МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Л.Төр-Од нь эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.
Эх сурвалж: www.polit.mn