Базарбямбын НЯМСҮРЭН
БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны урилгаар тус улсыг зорьсон олон улсын сэтгүүлчид бид хөтөлбөрийн гурав дахь өдөр Сөүл хотын метротой танилцахаар Метроны тавдугаар шугамыг зорилоо.
Дэлхийд тэргүүлдэг шилдэг 10 метроны жагсаалтад тогтмол багтдаг Сөүлийн метрогоор өдөрт долоон сая хүн зорчдог гэхээр ямар том сүлжээ гэдэг нь ойлгогдох биз. Жилд 2,7 тэрбум зорчигч хүлээн авдаг Сөүлийн метро өвлийн улиралд өөрөө халдаг дулаан суудалтай, метроны бүхээг дотроо wifi-д төвөггүй холбогдох боломжтой гээд олон үйлчилгээгээрээ үйлчлүүлэгчдийн тав тухыг хангаж чаддаг учир 12 сая хүн амтай Сөүл хотынхон ч газар доорх хурдан галт тэрэгний үйлчилгээндээ тун ч сэтгэл хангалуун байдаг гэсэн. Мэдээж үүний дээр ямар ч хүнд ойлгомжтой, чиглэл бүрийг тод өнгөөр ялгасан танилцуулга хаа сайгүй бий. “Метро хэрэглэж үзээгүй, анх хэрэглэж байгаа хүн ч төөрөхгүй ойлгомжтой байх нь манай зорилго” хэмээн бидний зочилсон Сөүлийн метроны тавдугаар шугамын ээлжийн дарга онцлон хэлж байна.
Сөүлийн метро нь есөн шугамтай, нийт 311.7 км урт замтай бөгөөд 300 орчим метроны буудалтай гэнэ. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл 18 цагийн турш тасралтгүй ажилладаг “Аюулгүй төмөр зам, иргэдийн тав тух” уриатай энэ том сүлжээний шугам бүрийг хяналтын төвийн инженерүүд нүд цавчилгүй хянаж байдаг. Тиймээс ч метронд галын аюул, газын хийн алдагдал зэргийг хормын дотор мэдэрдэг мэдрэгчийг бүхээг бүрт суурилуулснаар аюул ослыг тэр дор нь мэдэж шуурхай арга хэмжээ авах бүрэн боломжтой тухай бахархан ярьж байна.
Дашрамд дурдахад, Хотын даргын яриад байгаа метроны шугам барих төсөлд Сөүлийн Метроныхон консалтингийн үйлчилгээ үзүүлэхээр хамтран ажиллахаар болсон тухай таатай мэдээ ч чихэнд дуулдсан. Тэгэхээр дэлхийд тэргүүлдэг метроны үйлчилгээ үзүүлдэг Сөүлийн Метро олон Монголын анхны метроны төсөлд хамтрах болсон мэдээ нь энэ төсөл маань зөвхөн яриа төдий зүйл биш, Сөүлийн метро шиг хөгжих хэмжээний бодит ажил болох нь гэсэн итгэл найдварыг ч төрүүлж байлаа.
Хагас зууны түүхтэй Сөүлийн метро өнгөрсөн зунаас “Climate card” нэвтрүүлжээ. Нэг удаа төлбөр төлөөд олон удаа ашигладаг картыг нэвтрүүлснээр дэлхийн дулаарал, агаарын бохирдлыг бууруулахад хэрэглэгч бүр хувь нэмрээ оруулж байгаа хэрэг хэмээн том зорилгоо тодорхойлжээ. Сөүлийн үргэдээс гадна аялал жуулчлалаар ирсэн хэн бүхэн ч хэрэглэж болох байгальд ээлтэй энэ карт иргэдийн хэтэвчинд ч бас багагүй хэмнэлттэй. Сөүлийн нэг иргэн сард дунджаар 130-150 мянган воныг метро болон автобусны картанд зарцуулдаг байсан бол энэ картыг нэвтрүүлснээр 40 хувиар бага мөнгө төлдөг болжээ. Мөн залуучууд, ахмадуудад зориулсан гээд зорилтот бүлэг бүрт тусгайлан хөнгөлөлт олгохын зэрэгцээ энэ картаараа Сөүл хот дотор дугуй түрээсийн үйлчилгээ ч үнэ төлбөргүй авч болдог тухай Сөүл хотын метроныхон танилцуулангаа бидэнд ч бас туршиж үзээрэй хэмээн бэлэглэв.
Өмнөд Солонгосын амбиц-AI хөгжүүлэлт
Хиймэл оюун ухаан гэдэг зүйл шинэ тутам атлаа улс орнуудын уралдан хөгжүүлж байгаа шинэ технологи болоод байгаа. Тэгвэл энэ салбарт гол тоглогчоор нэрлэгдэх болсон БНСУ-ын хувьд AI&Robot хосолсон шинэхэн музейгээ нээгээд удаагүй байна.
Дэлхийд робот үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлснээрээ тэргүүлэгч Солонгос улс өнөөдөр цэрэг, цагдаа, батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол гээд салбар бүртээ хүн ба роботын хослолыг төгс нэвтрүүлээд байгаа. Үүний нэг илрэл нь бидний зочилсон AI&Robot-ын музейд аврах ажиллагаа, эрэн хайх зориулалтаар бүтээгдсэн нохой робот 100 метрийн зайг хамгийн богино хугацаанд буюу 19,87 секундэд туулснаараа дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байна. Музейн тайлбар, агуулахын зөөгч, хог ялгагч роботууд хэдийнээ сонирхол татахаа больсон бөгөөд хилийн манаа, далайн гүний олборлолт, мэс засалч робот гээд санаанд оромгүй гүйцэтгэлийг өнөөдөр роботууд гүйцэтгэж байна.
Нөгөө талаар технологийн хэт хөгжил хүн төрөлхтний ирээдүйд хэрхэн нөлөөлөх бол, ирээдүйд хүн өөрөө роботын боол болчих вий гэсэн айдас өнөө үед улам гүнзгий тавигдах болсон. Тэгвэл энэ асуултыг музейд нь зочилсон хүн бүрээс асуудаг уламжлал энд бий гэнэ. Зарим зочид робот хүнийг удирдана гэж боддогоо нуулгүй хэлдэг бол зарим нь хэзээ ч үгүй гэж итгэл төгс хариулдаг гэнэ. Харин AI&Robot музейн тайлбарлагч нар “Хүн зүрх сэтгэлтэй бол робот зайгаар ажилладаг, хүн нүдээрээ харж, робот мэдрэгчээрээ дамжуулж ажилладаг болохоор робот оюун ухаант хүнийг хэзээ ч гүйцэхгүй, харин зөвхөн өгсөн үйлдлийг гүйцэтгэгч байна” гэсэн итгэлтэй хариултыг бидэнд өгсөн юм.
Тэд магадгүй оюун ухаант хүн төрөлхтөн роботын “боол” болчих вий гэсэн айдас хүн бүрт байдаг учир ийм битгий болоосой гэсэн итгэл найдварыг минь үгүй хийхийг хүсээгүй байх.
“Hyundai”-н жолоочгүй машин АНУ-д хэрэглээнд нэвтэрнэ
Солонгосын нэрийн хуудас болсон автомашины тэргүүлэгч үйлдвэр “Hyundai”-н үйл ажиллагаатай танилцах өдөр хөтөлбөрийн хамгийн сонирхол татсан аяллын өдөр байлаа.
Сөүл хотын үйлдвэржилтийн бүс болгож шинээр төвхнүүлж буй хэсэгт байрлах Hyundai н автомашины музейг зорьж очиход 27 жил автомашин үйлдвэрлэж, дэлхийн өнцөг булан бүрт түгээсэн Хьюндай компанийн онцгой загварын машинуудыг үзүүлэн болгон танилцуулжээ.
Бид тэнд машиныг хэрхэн үйлдвэрлэдэг үйлдвэрлэлийн шат дараатай танилцахын зэрэгцээ саяхан зохион бүтээгээд удаагүй байгаа жолоочгүй машиныг үзэж сонирхлоо. Энэхүү шинэ машиныг Өмнөд Солонгос хараахан хэрэглээнд оруулаагүй, бичиг баримтыг баталгаажуулах шатандаа яваа бол тэдний ойрын түнш Америк жолоочгүй машиныг хэрэглээнд нэвтрүүлэхийг зөвшөөрчээ.
Hyundai орчин үеийн шинэ технологиос гадна ойрын стратеги болгон хөгжүүлж байгаа шинэ концепцээс харахад 2030 он гэхэд автомашин зөвхөн тээврийн хэрэгсэл бус ажлын байр бүр гэр орон сууцыг нь ч орлохоор бүтээнэ гэсэн том амбицийг эндэхийн инженерүүд зорьж байна. Хьюндайн технологийн музейд өнгө өнгийн гэрлэн чимэглэл бүхий ухаалаг мэдрэгчид хөдөлгөөн болон хөгжмийн аяаар дүрсээ өөрчлөн бүжихийг үзэхээс эхлээд 4D технологиор байгалийн гамшгаас хэрхэн хүн төрөлхтөн, ан амьтдыг аврах ажиллагаа явуулах технологи ойрхон болсныг өөрсдийн биеэр мэдэрсэн гээд олон сонирхолтой туршилтуудыг үзэж сонирхсон юм.
Ийн бүтэн долоо хоног БНСУ-ын хөгжилтэй танилцсан хөтөлбөрөө эргээд дүгнэхэд Хөрөнгө оруулалтын чуулганы үеэр ч, Хиймэл оюун ухаан, роботын музейд ч, Hyundai автомашины үйлдвэрт зочлоод гарахад ч дэлхийд эдийн засгаараа долдугаарт бичигдэж байгаа энэ улс ирээдүйд хиймэл оюун ухаан, роботжуулалтыг эрчимтэй хөгжүүлэхэд эргэлт буцалтгүй оржээ гэсэн энгийн дүгнэлтэд хүрсэн юм. Дэлхийн улс орнуудын салбар бүрийн индексийг гаргадаг Global AI Index.ийн тайлангаас ч энэ дүгнэлтийг баталгаажуулж болно. 70 жилийн дотор ид шидийн мэт хөгжиж ирсэн энэ улс дээрх тайлангийн индексээр робот хөгжүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт, хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, сансарын салбарт долдугаарт бичигдэж байгаа юм.
Олон жилийн өмнө зөвхөн зөгнөлт кинон дээр л гардаг байсан робот төхөөрөмжүүд хэдий нь бий болчихоод бидний амьдралд бодитоор нэвтэрч эхэлсэн шинэ эрин эхэлсэнийг биеэр туршиж нүдээ нээсэн энэ удаагийн аялалаа энд хүрээд өндөрлөе. Хөгжлийг хүний хүчээр хийж, технологийн хүчээр тэргүүлж, холын зөгнөлийг ойрын ирээдүй болгон амьдралд нэвтрүүлж буй энэ улсаас суралцах ч, судлах ч зүйл ихтэй юм даа гэсэн бяцхан атаархал тээсээр Нисэх онгоцны буудлын буцах танхимыг зорьж явлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 231 (7475)