П.ЛХАГВАЖАРГАЛ

ШУА, МУИС, МУБИС болон гадаад хэлний сургалт судалгааны байгууллагын мэргэжлийн авиа, авиалбар зүйчдийн хамтарсан “Монголын авиа зүй нийгэмлэг” ТББ үүсгэн байгуулагдсаны нэг жилийн ой тохиож байна. Тус нийгэмлэгийн гишүүд 2024 онд хийсэн судалгааг тайлагнаж, эрдэм шинжилгээний илтгэлийг өнөөдөр хэлэлцүүллээ. Энэхүү хуралд “Сычуанийн монголчуудын үгийн сангийн авиа зүйн онцлог”, “Орчин цагийн монгол хэлний авиа зүйн сурах бичиг зохиох явцад тулгарч буй асуудлууд”, “Монгол хэлийг солонгос үсгээр галиглах тухай-‘Hangeul Festa 2024’-д задалж галиглах аргыг хэрэглэсэн үр дүн”, “Бүтээврийн авиалбар зүйн үүднээс үгийн бүтцийн маргаантай асуудлыг авч үзэх нь” зэрэг найман сонирхолтой илтгэлийг тавьж, нэмж гүнзгийрүүлэх сэдвийг тодруулж, авиа зүйн судалгаанд тулгамдаж буй асуудал, түүний шийдлийг мэргэжлийн түвшинд хэлэлцсэн юм. Мөн хуралд оролцогчид авиа зүйн судалгааны үр дүнг ЕБС-ийн сургалтын материалуудад тусгах шаардлага байна гэж бас дүгнэлээ. 
Байгууллагын үйл ажиллагааны тухай нийгэмлэгийн  тэргүүн, доктор Д.Уртнасан “Нийгэмд тулгараад буй харь үгийг кирилл, монгол үсгээр буулгах ажилд гол анхаарлаа хандуулж, холбогдох суурь судалгааны ажлыг олон улс болоод дотооддоо хийж гүйцэтгэсээр байна. Тухайлбал, Азийн  хятад, солонгос, япон, Европын англи, франц, герман хэлний кирилл монгол үсгийн галигт анхаарч, хамтран ажиллаж байна. Үүний дүнд “Харь үгийг тэмдэглэх ёс”, “Англи хэлний авиалбарын хувьсал”, “Солонгос хэлийг кирилл монгол үсгээр тэмдэглэхэд зориулж авиалбарын зүйн зарим тогтолцоог санал болгох нь”, “Хятад хэлний латин галигийг кирилл монгол үсгээр тэмдэглэх тухай” “Монгол хэлний авиа зүй” гэсэн суурь судалгааны ажлыг хийсэн” хэмээв. Мөн галигийн тогтолцоог 2025 онд нэвтрүүлэх зорилготой бөгөөд гадаад, дотоодын хэд хэдэн зөвлөгөөн хийхээр төлөвлөжээ. Одоогоор албан ёсны 41 гишүүнтэй энэ нийгэмлэг нь нарийн мэргэжлээр нэгдсэн анхны байгууллага гэдгээс гадна бусад салбар дундын судлаачидтайгаа нэгдэж, алсын зорилготой ажиллаж буйг салбарын мэргэжилтнүүд сайшааж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин