П.АМГАЛАН

 

Яг одоо МҮХАҮТ-ын ээлжит XXII хурал болж байна. энэ үеэр МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатараас цаг үеийн зарим асуудлыг тодруууллаа.

-Хуралд нийт хэчнээн аж ахуй нэгж оролцож байна вэ? -МҮХАҮТ-д гишүүнчлэлтэй, татварын ямар нэгэн зөрчилгүй 1395 аж ахуй нэгж өнөөдөр хуралд орох эрхтэй байгаа. 12:00 байдлаар хурлын ирц 46.5 хувьтай байсан. 30 гаруй гишүүд ирвэл ирц хүчин төгөлдөр болж хурлын үйл ажиллагаа эхлэнэ.

- Өчигдөр нэг нэр дэвшигчийг цагдан хорьсон. Үүнтэй холбоотой ээлжит бус хурлынхаа товыг хойшлуулах, эрх тэгш оролцох бололцоог хангах тал дээр ТУЗ-ийн гишүүд ямар байр суурьтай байгаа вэ?

- МҮХАҮТ-ын дүрмээр өнөөдөр зарлагдсан их хурлыг хойшлуулах боломж байхгүй. Тиймээс зарлагдсан их хурлыг хуралдуулж дараагийн ерөнхийлөгчийг сонгох нөхцөл шаардлага байна. Өчигдөр 18:00 цагийн үед МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнд холбогдох хэрэг үүсгэж цагдан хорьсон үйл ажиллагаа болсон. Үүнтэй холбоотойгоор удирдах зөвлөл болон эх үүсвэрүүдээс авсан мэдээллүүдийг удирдах зөвлөл дээр бид бүхэн солилцлоо. Үүсээд байгаа нөхцөл байдал, хэрэг дээр бидний зүгээс ямар нэгэн хуулийн зүгээс тайлбар хийх боломжгүй.

-Тэгэхээр нэр дэвших асуудлыг хэрхэн шийднэ гэсэн үг вэ?

- МҮХАҮТ-ын түүхэнд ийм тохиолдол гарч байгаагүй. Тиймээс энэ асуудлын хүрээнд их хурал дээр санал гарах байх. Мөрийн хөтөлбөрөө бүртгэлийн хугацаандаа өгсөн учраас хэлэлцэх асуудал руу оруулаад нийт гишүүд шийдвэрлэнэ.