Чулуунхүүгийн БЯМБАХАЖИД

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор МУИС-ын биологийн тэнхимийн багш, доктор Д.Өсөхжаргалыг урилаа.

 

Нарансэвстэй дэлхийн 100 мянган тусгай хамгаалалттай газраас 15 дугаарт ордог

БЛИЦ

МУИС-ийн багш, доктор Доржийн ӨСӨХЖАРГАЛ

Боловсрол:

1998-2002 онд: Биологийн ухааны бакалавр

2003-2005 онд: Биологийн ухааны магистр

2007-2021 онд: Биологийн ухааны доктор

Ажиллалсан байдал:

2002-2005 онд: Хустайн байгалийн цогцолборт газрын амьтан судлаач

2005-2015 онд: Хустайн байгалийн цогцолборт газрын тахь судлаач

2015-2024 онд: Хустайн байгалийн цогцолборт газрын судлаач, судалгаа-сургалтын менежер

2024 оноос:  МУИС-ийн багш

-Хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад байгалийг бүхэлд нь ашиглаж, нөөц нь барагдах дөхсөн. Тиймээс XXI зуун бүхэлдээ байгаль хамгааллын судалгаа хөгжиж буй зуун болж байна.

1800-аад оны эхэн үеэс соёл иргэншил үүссэн. Энэ жил дэлхийн хүн ам найман тэрбумд хүрлээ. Өмнө нь орох орон, өмсөх хувцас, идэх хоол хүний үндсэн хэрэгцээ байсан. Харин одоо хүн ам өсөхийн хэрээр хэрэгцээ нь хязгааргүй болж байна. Ингэхдээ тэрхүү хязгааргүй хэрэгцээгээ байгалиас авдаг. Байгалиас авдаггүй хэрэгцээ гэж бидэнд байхгүй. Өөрөөр хэлбэл, Хүн төрөлхтөн найман тэрбумд хүрч үр хойчдоо бүү хэл, өөрсдийн оршин буй энэ цаг үед дэлхийн нөөц бидэнд хүрэлцэхээ больж буйг мэдэж эхэлсэн. Тиймээс 1850 оноос эх дэлхийгээ үр хойчдоо өвлүүлэн үлдээж, ариг гамтай ашиглах талаар арга хэмжээ авч эхэлсэн байдаг. Үүний нэг нь тусгай хамгаалалттай газрыг бий болгосон явдал байсан. Энэ ажлыг 1970-аад оноос эхлэн эрчимжүүлж, 1992 оноос тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлсэн. 1992 онд манай улс “Биологийн олон янз байдлын конвенц”-д нэгдэж байхад, есөн тусгай хамгаалалттай газартай байлаа. Тухайн үед манай улсын газар нутгийн 3.7 хувийг тусгай хамгаалалттай газар нутаг эзэлж байсан. Бид 2030-2035 он гэхэд тусгай хамгаалалттай газар нутгийг 30-35 хувьд хүргэнэ гэж амлалтаа өгсөн. Одоогоор манайд 21 хувьтай тэнцэх 121 тусгай хамгаалалттай газар байна. Хамгийн том тусгай хамгаалалттай газар бол Нарансэвстэй юм. “Нарансэвстэйн боомт”-ын асуудал дээр ярихад, Говийн Их дархан цаазат газрын А хэсэг нь 6.5 сая га талбайг хамрах, Монгол Улсын 121 тусгай хамгаалалттай газрын хамгийн том нь бөгөөд дэлхийн 100 мянган тусгай хамгаалалттай газраас 15 дугаарт ордог. Өөрөөр хэлбэл, тус газар нь зөвхөн Монголын биш дэлхийн хэмжээний тусгай хамгаалалттай газар. Дэлхийн хаана ч байхгүй зөвхөн Монголд байдаг ховор экосистем юм. Өөрийн гэсэн өвөрмөц хур тунадасны хуваарилалттай учир зөвхөн тэнд л мэнд үлдэх биологийн олон янз байдлын зүйлүүдтэйгээрээ онцлогтой. Бидэнд харагдаж, тоологдож байгаагаар нь мазаалай, хавтгайг илүү ярьж байна. Энэ газарт орших бүх амьтад өөрөө Төв Азийн унаган зүйл бөгөөд бүгд ховордлын зэрэг өндөртэй амьтад. Хэрэв Нарансэвстэйн боомт ашиглалтад орвол эндээс ямар нэгэн төрөл зүйл амьд үлдэнэ гэж хүлээх хэрэггүй. Боомт ашиглалтад орвол дэлхийд үнэлэгдсэн говийн экосистемийн дахин давтагдахгүй, орлуулах боломжгүй энэ зүйлс улаан шороогоороо эргэж, бүрэн салхинд хийснэ.

Нарансэвстэйг нээх тухай заалт бол Засгийн газрар өөрсюийнхөө гаргасан заалтын эсрэг үйлдэл хийж байгаа явдал юм. Тэгэхээр Нарансэвстэйн боомтыг ажиллагаанд оруулах ёсгүй. Учир нь манай урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д энэ тухай байхгүй. Тэр бүү хэл “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны хөгжлийн бодлогод ч байхгүй. Тухайлбал, бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр дотор байхгүй заалтыг оруулж ирсэн. Энэ бол тухайн улс үндэстний өөрсдийнх нь хөгжиж ирсэн түүх, бидний нэгдэн орсон бүх конвенцыг зөрчсөн заалт болж байна. Тиймээс л хууль бус заалт юм. Мөн судлаачид, байгаль хамгаалагчдын  байгаль хамгааллын чиглэлээр хийсэн ололт амжилтыг үгүйсгэж байна. Зам тавиад хөгжил ирнэ гэхээр энгийн сонсогдож байгаа биз. Нарансэвстэйгээр нээх зам нь 630 км, Бургастайн боомтын зам нь 330 км. Тэгвэл үүнээс хамаагүй хурдацтай явагдах зам бол Дархан, Улаанбаатар хот хоорондын зам. Энэ бол олон улсын чанартай зам. Тус замыг сэргээхэд найман жилийг зарцуулж байна. Одоо болтол зарим хэсэг нь ашиглалтад ороогүй л байна. 200 км замыг барихад хэдэн хайрганы карьер ажиллах вэ. Хэдэн уулыг нүхэлж хайрга татах вэ гээд асуудал гарна. Бэлэн байсан замыг засахад найман жил болж байхад 600 км зам шинээр тавихад хэдэн жил болох бол. Цаашлаад 600 км замын хайргыг татахад хэд дахин их хайрганы карьер, хэчнээн уулыг ухах вэ гэдэг анхаарал хандуулах асуудал.

Гэтэл энэ зам Хятадын Ганьсү мужтай Говь-Алтай аймгийн Алтай хотыг холбоно. Улсын чанартай замыг орхиод Хятадын Ганьсү мужийг Алтай хоттой холбоход хэзээ ч Ганьсү мужийн эдийн засгийн эргэлтийг хангаж чадахгүй. 640 км зам барьсан ашгийг 30 бүү хэл, 100 жилдээ олохгүй. Гэтэл хөрш БНХАУ байгаль хамгаалал нэн тэргүүнд байна гэж өөрсдөө амлалт өгсөн. 

 

Говь бол зөвхөн Монголд  байдаг цор ганц экосистем гэж дэлхий нийт үздэг

 

-Алтайн Өвөр говь бол яалт ч үгүй дархан цаазат, тусгай хамгаалалтад байх ёстой газар нутаг мөн. Энэ бол зөвхөн Монголчуудын бус дэлхийн хэмжээний гайхамшиг гэх санаачилга гарсан. Үүнээс хойш тасалдалгүй явсаар 1975 онд анх дархан цаазат газар болсон. 1975 оноос хойш говийн их дархан цаазат газрыг хамгаалахад зарцуулсан зардал, тэр дундаа 1978-1986 он хүртэл зарцуулсан дөрвөн сая ам.долларын 1.7 сая ам.доллар нь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс гарсан. Харин 2.3 сая ам.долларыг манай Засгийн газар өөрөө гаргасан юм шүү дээ. Мөн өнөөг хүртэлх хугацаанд хамгаалалтын захиргаанд зарцуулсан 5.3 сая га газрыг хамгаалахад зарцуулсан бүх зардлыг нөхөн олговор хэлбэрээр өөрсдөө олгох ёстой гэх мэтчилэн анхаарал хандуулах заалтууд бий.

Биологийн олон янз байдлыг хамгаалах конвенц, 30+30 хөтөлбөрүүдэд газар нутгийг тусгайлан хамгаалж байж оршин тогтнодог. Улс орон бүр өөрсдийн газар нутгаасаа аль болох ихээр, эсвэл 30 хувь хүртэл авах хэрэгтэй. Улс орнууд 30 хувиа хамгаалж чадвал хуурай газрын 30 хувь хамгаалагдана. Цаашлаад далай тэнгистэй хиллэж буй орнууд далай тэнгисээс тодорхой хэмжээнд хамгаалалтад авбал далай тэнгисийн 30 хувь хамгаалагдана. Ингэснээр дэлхий дээр бүртгэгдсэн 1.6 сая орчим зүйл, биологийн олон янз байдлын 70 орчим хувь нь бодитоор эсвэл генетик нөөцийн хэмжээнд хамгаалагдах боломж байна гэдэг санаа 1992 онд гарсан. Үүнээс хойш улс орон бүр газар нутгаа тусгай хамгаалалтад авах боломжоо нэмэгдүүлж байна. Үүн дээр нэмэх нь менежментээ сайжруулах тухай заалт байдаг.

Би 2010 онд багшийнхаа урилгаар Европт очиж, 100 жилийн өмнө Монголоос гарсан тахь, амьтны хүрээлэнд өссөн тахь, буцаад Монгол руу авчирсан тахь хоорондын ялгааг судалсан. Ингэхдээ Европын амьтны музейнүүдийг дамжин, тахийн толгойн яснуудыг харьцуулан судалж байлаа. Тухайн үед тэр профессороос “Монгол-Германы экспедиц Монголд 60 жил ажиллаа. 60 жилийн хугацаанд зөвхөн говийг л судалсан. Ингэхэд нь би “Яагаад өөр тийшээ явалгүй, говийг л судалаад байгаа юм бэ” гэж асууж байсан. Гэтэл профессор “Бид Европоос бүх экосистемийг олж чадах ч говийг бол хаанаас ч олохгүй. Учир нь энэ экосистем зөвхөн танайд л илэрдэг” гэсэн юм. Хүмүүс говийг байдаг л зүйл мэт боддог. Хээр, Цөлийн уулзах нарийн завсарт говь оршдог. Тиймээс ийм завсрын элемент ганцхан манайд байдаг, цор ганц зүйл. Ер нь судлаачид Говийг мөхнө гэж хэлдэггүй. Би яагаад Говь мөхнө гэж хэлсэн гэхээр миний 22 жил ажилласан Хустайн байгалийн цогцолбор газар бол Говийн их дархан газраас 130 дахин жижиг газар. Жижиг газрын бүх зүйл нүдэнд ил, ойрхон байдаг. Хустайн байгалийн цогцолбор газарт 423 Тахь байна. Энд байгаа тахь уудам бэлчээрт очихгүй байсан. Уудам бэлчээрт очдог болгохын тулд хүзүүвчилж судлан, явж байгаа зам дээр нь ус гаргах байгалийн хөв барилаа. Гэтэл тэр хөвийг ашиглахгүй болохоор нь дахин өөр газар хөв байгуулсан. Дахиад л очоогүй. Энэ хөв нь цемент учраас очихгүй байна гэж үзээд хүнсний цайран трубагаар мал усалдаг цөөрөм хийж, яг байгалийн булаг шиг болгож тогтоосон. Ингэж бид 20 жил ажиллахдаа 17 булгаас арваадыг нь нүдэн дээрээ алдчихаж байгаа байхгүй юу. Энэ бол уулын хээр газар буюу говиос хамаагүй дээр газар. Гэтэл нүдэн дээрээ арав гаруй булаг ширгээчхэж байгаа юм. Гэтэл Говийн 5.3 сая га газар машины хөл хөдөлгөөн нэмэгдээд эхэлбэл эл газар салхинд хийснэ гэдэгт би итгэлтэй байгаа. Мөн Говийн Их Дархан газрыг 5.3 сая га- г дархлаад 1978-1984 оны хооронд нийт хамгаалалтын захиргааг байгуулан анхны суурь судалгааг хийхэд 1980 оны ханшаар дөрвөн сая ам.долларыг зарцуулсан байдаг гэдгийг үргэлж санах хэрэгтэй.

 

Байгаль хамгааллын хамгийн шилдэг арга нь тусгай хамгаалалттай газар

 

-Байгаль орчноо хамгаалах хамгийн шилдэг арга бол тусгай хамгаалалттай газар нутагт оруулах байдаг. Үүнээс өөр арга гэвэл амьтдыг нөөц газарт аваачих, амьтны хүрээлэнд өгөх зэргийг нэрлэж болно. Бүр эцэстээ хүрвэл амьтдын генетик дээжийг авч хадгалах арга бий.

Өмнө нь би “Хустайн байгалийн цогцолборт газар” амьтан судлаач, тахь судлаачийн чиглэлээр ажиллаж байсан. Хамгаалалттай газарт ажиллах онцлог нь тахийн тоо толгой яаж хэлбэлзэж байгаа болон генетикийн олон янз байдал ямар байгаа, нийт тахийн төрөлт болон үхэл хорогдолтой ямар түвшинд байгаа, үүнд нөлөөлж буй шалтгаан, тахийн тоо толгойг өсгөхөд хэрхэн анхаарах, амьдрах орчныг яаж сайжруулах талаар судалсан. Жишээ нь бид судалгаа хийн, нүдээр ажиглаад хэрэв ус хэрэгтэй бол шууд л худаг гаргадаг. Гүүний сувайралт нэмэгдэж байгаа тохиолдолд эрдсийн дутагдал байж магадгүй гээд ямар нэгэн байдлаар хужраа шинжлүүлье, хээл авалтыг нь судалъя гэж шууд л хужрыг нь сольдог. Энэ мэтээр судалгаа нь менежменттэйгээ зэрэг явагддаг. Санал болгоод орхидоггүй гэсэн үг. Тусгай хамгаалалттай газар нутаг үнэхээр үр өгөөжөө өгдөг юм байн. Тухайлбал, 50 мянган га газар нутгийг хамгаалж болох юм гэсэн үр дүнгүүд Монгол Улсын олон тусгай хамгаалалттай газарт харагдаж байна. Цаашлаад шийдвэр гаргагчид бүгд үүнийг дэмжиж ажиллах ёстой. Жишээлбэл, “Хустайн байгалийн цогцолборт газар” 1992 онд анх тахь нутагшуулахад тусгай хамгаалалттай газар бус зүгээр л уул байсан. Энэ амьтанд уух ус, идэх өвс нь байх ёстой гэж үзэн 50 мянган га газрыг чөлөөлж тахийг нутагшуулсан. Бид тахь гэх дэлхийн сүүлчийн цорын ганц зэрлэг адууг аварч хамгаалж үлдье гэж зорьсон. Хамгаалалттай холбоотойгоор газар нутаг, өвс ургамал нь сайжраад ирэхээр 1992 онд 50 бодгаль байсан буга одоо 2000 бодгаль болсон. Тухайн үед 7000 тарвага байсан бол одоо 16 мянган тарвагатай болсон үр дүнтэй байна. Энэ бол эхний том үр дүн юм. Хоёрт нь нүүдлийн амьтад өөрсдөө яваад, эргээд ирж байгаа юм. Жишээлбэл, Хустайэ нуруунд 1990-ээд оны дунд үед Цагаан зээр үзэгддэггүй байсан. Гэтэл жилээс жилд нэмэгдэн зундаа 1000 орчим, өвөлдөө 2000 орчим Цагаан зээртэй болсон. 2000-аад оны эхэн үеийг хүртэл Аргаль зөвхөн гурав болон аравдугаар саруудад нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг байсан. 2003 оноос тогтворжсоор одоо 200 гаруй Аргаль, жилийн дөрвөн улиралын туш байршиж өвөлждөг болсон. Гуравдугаарт, зөвхөн тэнд амьтдыг олшруулаад зогсоогүй. Тодорхой тоонд олширсон амьтад буюу 2000 хүрсэн бугаас 700 орчим бодгалийг Монгол Улсын арав гаруй аймгуудад нутагшуулсан. 16 мянга орчим хүрсэн тарваганаас 2000 оноос хойш 3000 гаруй тарвагыг мөн арав гаруй аймгуудад нутагшууллаа гээд олон үр дүн гараад явж байна. Тусгай хамгаалалттай газар нутаг их болж Монгол Улс хэцүү байдалд хүрч байна гэж үзсэн нь сонин. Хамгаалалттай газрын амьтад өсөөд ирэхээр нэг хэсэг нь явах ёстой. Гэтэл амьтад явахгүй байгаад байна. 2020 онд Засгийн газар тендер зарлаж, судлаачид нэгдэн, Монгол Улсын Бугыг тоолъё гэсэн саналыг Засгийн газар ирүүлсэн. Үүний дагуу маш олон баг гарч байсан. Манай багийн хувьд 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр Төвийн бүсийг хамарч бүхэлд нь тоолоход 4000 Буга нүдээр харсан. Хамгийн сонин нь 3800 Буга яг хамгаалалттай газар нутгийнхаа дотор, хамгаалалттай газрын гадна 200 буга л байсан юм. Энэ юуг хэлж байна гэхээр хамгаалалттай газраас чинь гадна бэлчээр үлдээгүй юм байна. Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг бол энэ амьтдын сүүлчийн найдвар болоод байна гэж хэлж  болно. Уг бэлчээрийг зөв менежмент ашиглаж, жамаар нь сэргээх боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 228 (7472)