“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний шагнал гардуулах 32 дахь удаагийн ёслолыг 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Вашингтон ДиСи хотноо урлаг дахь эмэгтэйчүүдийн үндэсний музейд зохион байгуулагдана. Ёслолын ажиллагааг сэтгүүлч Лулу Гарсиа-Наварро хөтөлнө. Дэлхийн өнцөг булан бүрийн 25 хувь сэтгүүлч, сэтгүүлчдийн баг, гэрэл зурагчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эр зоригийн төлөө, нөлөөллийн төлөө, хараат бус байдлын төлөө, мөн 2023 онд шинээр нэмэгдсэн гэрэл зургийн “Лукас Долега-SAIF” гэсэн RSF-ын уламжлалт дөрвөн төрлийн шагналд нэр дэвшсэн байна. Энэ жилийн хувьд Африкийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шагнал Мохамед Маига гэсэн төрөл шинээр нэмэгдсэн юм. Энэ жил дэлхийн 22 орны 18 хувь сэтгүүлч болон сэтгүүлчдийн баг, хоёр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, таван гэрэл зургийн сурвалжлагч тус шагналд нэр дэвшжээ.

 

Эр зоригийн төлөө шагнал:

Ваэл Аль-Дахдух (Палестин):

“Аль Жазира” агентлагийн Газын зурвас дахь салбарын дарга Ваэл Аль-Дахдух нь тэсвэр хатуужлыг биеэрээ харуулж, үнэн бодит мэдээлэл хүргэхийн төлөө хүчин зүтгэж буй Палестины туршлагатай сэтгүүлч юм. Түүний эхнэр, ач хүү, гурван хүүхэд нь Газын зурвас дахь Нусейрат хуаранд орогнож байхдаа Израилийн дайралтад өртөж амиа алдсан. Түүний нэг хүүхэд “Аль Жазира” телевизэд сэтгүүлчээр ажиллаж байв. Аль-Дахдух энэ бүх зовлон бэрхшээлийг үл харгалзан тасралтгүй сурвалжилсаар байв. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Израилийн дроны дайралтад зураглаач Самер Абу Даккатай цуг өртөж, түүний зураглаач амь үрэгдэж, өөрөө нэгдүгээр сарын 16-нд эмчлүүлэхээр Катарыг зорьсон.

Кармен Жоухадар (Ливан):

2023 оны аравдугаар сарын 13-нд “Ройтерс” агентлагийн сэтгүүлч Иссам Абдаллагийн амийг хөнөөсөн Израилийн халдлагад өртсөн сэтгүүлчдийн нэг нь “Аль Жазира” агентлагийн Ливан дахь сурвалжлагч, нэрт сэтгүүлч Кармен Жоухадар юм. Тэрбээр халдлага болсны дараа болзошгүй аюул осол, гэмтэл бэртлээ үл тоон Өмнөд Ливанд буцаж очсон анхны сэтгүүлчдийн нэг бөгөөд Ливан-Израилийн хил дээр өрнөж буй дайныг үргэлжлүүлэн сурвалжилсаар буй цөөн сэтгүүлчийн нэг юм. Кармен нь сэтгүүлчдийг, тэр дундаа дайны сэтгүүлчдийг хамгаалахын төлөө тууштай тэмцэгч юм.

Руан Сяохуан (“Program Think”) (Хятад):

“Program Think” хэмээх нууц нэрээр танигдсан Хятадын блогч Руан Сяохуан цахим аюулгүй байдлыг хангах, “Great Firewall” хэмээх Хятадын үзэл суртлын хяналт, хаалтын цензураас зайлсхийх талаар зөвлөгөө өгөх зорилгоор 2009 онд нээсэн блогоороо дамжуулан Хятадын коммунист намын удирдагчдын авлига, хууль бус үйлдлийг олон жилийн турш илчилж байв. Коммунист намаас хараат бус дуу хоолойг хүчтэй хавчин боомилж байсан хэдий ч тэрбээр гадаад мэдээ нийтлэл орчуулж, өгөгдөл цуглуулан нэгтгэж, эрэн сурвалжилга болон улс төрийн сэдвээр бичдэг байсан. Аюул заналхийлэлтэй тулгарснаа ойлгомогц, ойр дотны хүмүүсээсээ хийж байгаа ажлаа нууж, 2021 оны тавдугаар сард хүчээр сураггүй алга болох хүртлээ цахимд үлдээсэн ул мөрөө дарагдуулж чадсан юм. Руан Сяохуан 2023 оны хоёрдугаар сард төрийн эрх мэдлийг хууль бусаар авахад өдөөн хатгасан хэргээр долоон жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Түүний эхнэрийн хэлж буйгаар хоригдсоноос хойш эрүүл мэнд нь ихэд доройтсон байна.

 

“Иран Интернэшнл”, Персийн “БиБиСи” болон цөллөгт буй бусад хэвлэл мэдээллийн сэтгүүлчид (Иран):

Цөллөгт буй Ираны сэтгүүлчид 2022 оны есдүгээр сараас хойш Ираны Засгийн газрын асар их дарамт шахалт, дайралт халдлагад өртөх болов. “Иран Интернэшнл”, Персийн “БиБиСи” сувгуудыг “дайсан” хэмээн зарлаж, Ираны дэглэм тэднийг ил тод заналхийлсээр ирсэн. Сэтгүүлчдийнх нь амь насанд заналхийлж, гуравдугаар сард “Иран Интернэшнл”-ийн сэтгүүлч Поуриа Зераатиг Лондон дахь гэрийнх нь гадаа хутгалсан хэрэг гарсан. Эдгээр сэтгүүлчийг хүчиндэх болон алахаар заналхийлэх, хакердах, зохион байгуулалттайгаар шившиглэн гутаах зэргээр тэдний эсрэг үйлдсэн цахим орчны хүчирхийлэл түгшүүрийн хэмжээнд хүрээд зогсохгүй, эрх баригчид Иранд байгаа гэр бүлийнхнийг нь байнга онилон дайрч, шийтгэл амсуулж байна.

Густаво Горрити (Перу):

“IDL-Reporteros” мэдээллийн вэбсайтыг үүсгэн байгуулагч Густаво Горрити нь Латин Америкийн хамгийн алдартай сэтгүүлчдийн нэг юм. Түүний эрэн сурвалжилгын мөрөөр мөрдөн шалгах ажиллагаа өрнөж, ерөнхийлөгч нарыг огцруулахад нөлөөлсөн. Горритиг зохион байгуулалттайгаар шившиглэн гутаах, редакцад халдах зэргээр байнга дарамталж байв. Түүний эсрэг хэрэг үүсгэн, эх сурвалжаа илчлэхээр сүрдүүлсэн хэдий ч түүнийгээ хамгаалахын төлөө тууштай зогсож байв. 76 настай Густаво Горритиг хар тамхины наймаачид алахаар сүрдүүлж, 1990-ээд онд цэргийн тагнуулын ажилтнууд барьцаалж байсан.

 

Нөлөөлийн төлөө шагнал

Мотаз Азайза (Палестин):

 Нийгмийн сүлжээнд хүчтэй байр суурь эзэлдэг, Палестины шинэ үеийн сэтгүүлчдийн төлөөлөл Мотаз Азайза инстаграм хуудсаараа дамжуулан 18 сая шахам хүнд Газын зурваст болж буй дайны өдөр тутмын бодит байдлыг мэдэх боломж олгож байна. Аравдугаар сарын 7-ноос өмнө хараат бус гэрэл зурагчин, орчуулагчаар ажиллаж байсан тэрбээр хамтран зүтгэгч Плестиа Алакад, Бисан Оуда нарын сурвалжлагчдын нэгэн адил дайны улмаас сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн. 24 настай гэрэл зургийн сурвалжлагч  Мотаз Азайза аравдугаар сарын дундуур агаарын цохилтод төрөл садны 15 хүнээ алдсан ба түүний амь насанд халдахаар заналхийлсэн. Тэрбээр Газын зурваст хийсэн Израилийн балмад дайралтын талаар 108 хоногийн турш сурвалжилсаныхаа дараа нэгдүгээр сарын 23-нд Катарыг зорьсон.

 

Флориане Ирангабие (Бурунди):

Бурунди улсын Ерөнхийлөгчид шууд харьяалагддаг тус улсын Үндэсний тагнуулын алба (SNR) 2022 оны наймдугаар сард “Igicaniro” радиогийн сэтгүүлч Флориане Ирангабиег саатуулан баривчилсан. Бурундид хориотой сэдвүүдийг хөндөхийн тулд тус улсын эрх баригчдыг шүүмжилсэн, Руандагаас нэвтрүүлэг дамжуулсаных нь төлөө түүнийг 2023 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр “үндэсний нутаг дэвсгэрийн дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн” гэх бүрхэг бөгөөд үндэслэлгүй хэргээр буруутгасан. Флориан Ирангабиег хоёр жил шахам хорьсоны дараа Бурунди улсын Ерөнхийлөгч 2024 оны наймдугаар сарын 14-нд түүнд өршөөл үзүүлэв.

Хуй Дук (Вьетнам):

 Хуй Дук нь 2024 оны зургадугаар сарын 1-нд саатуулагдахаасаа өмнө Вьетнамын хамгийн нөлөө бүхий хараат бус сэтгүүлчдийн нэг байсан. Өөрийн блог болон нийгмийн сүлжээний хуудас, тэр дундаа 350 мянга гаруй дагагчтай фэйсбүүк хуудас дахь нийтлэл, улс төрийн задлан шинжилгээгээрээ дамжуулан Вьетнамын ард иргэдэд Ханойн дэглэмийн цагдан хянадаг мэдээлэл авах боломж олгож байв. Тэрбээр “ардчилсан эрх чөлөөнд халдсан” хэргээр ял шийтгүүлж, цагдан хоригдохоосоо хэд хоногийн өмнө Вьетнам дахь өнөөгийн улс төрийн үймээн самуунтай холбоотой хэд хэдэн нийтлэлийг фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ. 1962 онд төрсөн Дук нь Вьетнамын хэд хэдэн сонинд ажиллаж байхдаа олон албан тушаалтны эрх мэдлээ урвуулан ашигласан хэргийг шүүмжилж байсан бөгөөд үүнийхээ төлөө 2009 онд ажлаасаа халагдсан. Улмаар тэрбээр Вьетнамын улс төрийн сэдэвт цахим нийтлэлээр дагнаж, 2012 онд хэвлүүлсэн “Ялагч тал” (The Winning Side) номондоо тус улсын сүүлийн үеийн улс төрийн түүхийг бичжээ.

Наталья Гуменюк (Украйн):

Наталья Гуменюк нь Украины нэрт сэтгүүлч, Нийтийн эрх ашгийн сэтгүүл зүйн хүрээлэн (PIJL)-гийн Гүйцэтгэх захирал бөгөөд дайны гэмт хэргийг баримтжуулж, сэтгүүлчдэд гэрчийн мэдүүлгийг шүүхэд ашиглахаар цуглуулах, халдашгүй бүрэн бүтэн байдлыг нь хадгалах талаар сургалт явуулдаг “Украин өчиж байна” нэртэй төрийн бус байгууллагыг хамтран үүсгэн байгуулагч юм. Оросууд Украины нутаг дэвсгэрээс хүүхдүүдийг албадан шилжүүлсэн явдлын мөрөөр эрэн сурвалжлах нийтлэл хэвлүүлсэн. Олон улсын эрүүгийн шүүх (ICC) түүний эрэн сурвалжилга дээр үндэслэн 2023 оны гуравдугаар сард Ерөнхийлөгч Владимир Путин, ОХУ-ын Хүүхдийн эрхийн асуудлаарх комиссар Мария Львова-Белова нарыг баривчлах тогтоол гаргасан.

 

“Sota.Vision” (Орос):

 “Sota.Vision” нь Орост ховордсон хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл бөгөөд залуу сэтгүүлчид нь тус улсад өрнөж буй эсэргүүцлийн жагсаал цуглаан, шүүх хурал, засгийн газрын дарамт шахалтын талаар видео голдуу бичлэгээр дамжуулан мэдээлсээр байна. Тэдний телеграм суваг нь цөллөгт буй олон байгууллага, тэр дундаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлэл авах чухал эх сурвалж болдог. Сурвалжлагчид нь байнгын дайралтад өртдөг бөгөөд Антонина Кравцова (Фаворская нэрээр танигдсан), Артём Кригер нарын сэтгүүлчид цагдан хоригдож байна. Антонина Фаворская нь сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйгийн шүүх хурлын талаар түүнийг 2024 оны хоёрдугаар сарын 16-нд шоронд нас барах хүртэл мэдээ сурвалжилга бэлтгэж байв. 2024 оны тавдугаар сард “Sota.Vision”-ын хоёр сэтгүүлчид “гадаадын агентууд”-ын тухай хууль зөрчсөн хэргээр торгох ял оногдуулсан.

 

Хараат бус байдлын төлөө шагнал

Станис Бужакера Чиамала (Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс):

“Jeune Afrique” сэтгүүлийн Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь сурвалжлагч Станис Бужакера Чиамалаг 2023 оны есдүгээр сард баривчлан саатуулж, тагнуулын албаныхан түүнийг хуурамч бичиг баримт үйлдэж, тараасан хэрэгт буруутгасан. Чиамалаг зургаан сарын турш дур зоргоор хорьж, долоон удаагийн суллах хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзан, эх сурвалжаа илчлэхийг тулган шаардсаны эцэст түүнийг энэ оны гуравдугаар сарын 19-нд сулласан. Тэрбээр суллагдсаныхаа маргааш “айх айдасгүй хараат бус сэтгүүл зүйн” төлөөх тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ баталж, Конгогийн сэтгүүлчдэд хандан, “ямар ч дарамт шахалтад бууж өгөхгүй байхыг” уриалав.

 

“Хонгконгийн Чөлөөт хэвлэл” (HKFP) (Хонгконг):

HKFP нь Их Британийн колони байсан оронд хэвлэлийн эрх чөлөө доройтож байгаад санаа зовнисон сэтгүүлчдийн 2015 онд үүсгэн байгуулсан ашгийн бус, хараат бус, шагнал хүртсэн англи хэл дээрх цахим хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлагдаж, тус нутаг дэвсгэрт олон тооны хэвлэл мэдээллийн хэрэгсэл хаагдсан хэдий ч HKFP нь хүний эрх, улс төр, улстөрчдөд холбогдох шүүх хуралдаан зэрэг Бээжингээс хориглосон сэдвийг хөндөж буй цөөн хэвлэл мэдээллийн нэг хэвээр байна. Ёс зүй, хараат бус байдал, редакцийн чанарт тавигдах шаардлага стандартыг мөрддөг HKFP-ын сэтгүүлчдийг эрх баригчид байнга хавчин гадуурхдаг. Тэднийг мөрдөн мөшгөж, албан ёсны тодорхой арга хэмжээнүүдэд нэвтрэхийг хориглосон бөгөөд 2015 оноос эхлэн эх газрын Хятадад цахим хуудасны хандалтыг нь хаасан.

Равиш Кумар (Энэтхэг):

Равиш Кумар нь улс төрийн дарамт шахалтыг сөрөн зогссон Энэтхэгийн хэвлэл мэдээллийн төлөөлөл бөгөөд улсдаа сэтгүүл зүйн жинхэнэ баатар хүн юм. Тэрбээр хурц бөгөөд хүчтэй өгүүллээрээ үнэнийг илчлэх хүсэл эрмэлзлээрээ амин чухал асуудлуудыг ил гаргаж, гадуурхагдсан хүмүүст дуу хоолойгоо хүргэх боломж олгосноор олон нийтийн санаа бодол, улс төрд асар их нөлөө үзүүлсэн юм. “NDTV” телевизэд хяналтаа тогтоосон Ерөнхий сайд Нарендра Модитой ойр дотно харилцаатай бизнесмэн Кумарыг ажлаас нь увайгүйгээр халж, түүний эсрэг гутаан доромжлох ажиллагаа явуулсан. Гэсэн хэдий ч Кумар нь 11 сая дагагчтай YouTube сувгаараа дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэх ажлаа үргэлжлүүлсээр байна. Тэрбээр сэтгүүл зүйн орон зайг хамгаалж, эрх баригчдын дарамт шахалтын эсрэг хатуу зогссон.

 

Алсу Курмашева (Орос/АНУ):

Оросын эрх баригчид 2023 оны аравдугаар сард Алсу Курмашеваг тус улсад ийм төрлийн анхны эрүүгийн хэрэг болох “гадаадын агент”-ын бүртгэлээ хийлгээгүй мөн “Дайнд үгүй гэж хэлэх нь: Украины эсрэг Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн орос хүмүүсийн тухай 40 түүх” товхимол бичилцсэнээр цэрэг армийн нэр хүндийг гутаасан хэргээр баривчлан саатуулагдсан юм. Уг товхимолд хориотой сэдэв болсон Оросуудын Украины эсрэг үйлдсэн халдлагын талаар ил гаргаж, Оросын Ижил мөрний эрэг хавийн оршин суугчдын өчлийг нэгтгэжээ. Курмашевагийн ажилладаг “Чөлөөт Европ радио/Эрх чөлөө радио”-гийн Татар-Башкирын асуудал эрхэлсэн албанаас уг товхимлыг хэвлэн нийтлүүлсэн. Курмашеваг энэ оны наймдугаар сарын 1-нд хоригдол солилцох үеэр сэтгүүлч Эван Гершковичийн хамт сулласан.

Анора Саркорова (Тажикистан):

Анора Саркорова нь хүний эрхийн зөрчлийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч юм.  Тэрбээр цөллөгт байхдаа 2022 оны тавдугаар сард Тажикистаны Горно-Бадахшан бүсийн Памирисын хавчилга, алан хядлага мөн 2024 оны гуравдугаар сард Москва хотын Крокус Сити Холлд болсон террорист халдлагын дараа ОХУ дахь Тажик иргэдийн эрх зөрчигдсөн асуудлыг сурвалжилсан. БиБиСи-гийн Орос дахь салбарын сэтгүүлчээр ажиллаж байсан Саркорова нь Европт цөллөгт байхдаа ч дарамт шахалттай тулгарч байв. Түүнийг экстремист үйл ажиллагаа явуулсан хэргээр Тажикистанд мөрдөн шалгаад зогсохгүй ОХУ-ын Дотоод хэргийн яам эрэн сурвалжилж буй сэтгүүлчдийн жагсаалтад оруулсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 227 (7471)