Д.НАДМИД

Энэ онд Монголын түүхийн ой санамжийг бататгасан түүхэн үйл явдал дэндүү олон байлаа. Түүний нэг нь 104 сум үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоо тэмдэглэн, баяр наадмаа хийсэн нь тухайн сумдын уугуул, суугуул иргэдийн сэтгэл санааг дэврээж, нутгаа гэх бодол юуг нь сэргээсэн юм.

Үндэсний бөх бол монголчуудын үнэт өв уламжлал, түүх, соёлоороо бахархах нэг сэжим байдаг. Тэгвэл баяр наадмын нэг цөм нь юу байдаг вэ гэвэл хүчит бөхийн барилдаан юм. Иймээс манай сонин 100 жилээ тэмдэглэсэн сумдын наадмын бөхийн мэдээг цувралаар нийтэлж байна.

Энэ удаа Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын манлай бөхчүүдийг танилцуулъя.

 

Тус сумын баяр наадамд улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 64 бөх зодоглосноос тус сумын уугуул, Монгол улсын залуу арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Сэлэнгэ аймгийн “Таванхан” дэвжээ, “Алдар” спорт хорооны бөх, аймгийн арслан Х.Наранбаяр үзүүрлэжээ.

Шөвгийн дөрөвт мөн аймгийн Мандал сумын харьяат улсын начин Ч.Баянмөнх, Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат “Хайрхан Дархан” дэвжээний бөх аймгийн хурц арслан М.Төрбат нар үлдсэн байна.

Түрүү бөх Б.Орхонбаярыг монголчууд андахгүй дээ. Улсын баяр наадамд хоёр удаа түрүүлснээр нь төдий биш төлөв даруу, уран сайхан барилдаанаар нь бүр сайн мэдэх болсон юм.

Анх сумынхаа наадамд сурагч ахуй насандаа түрүүлж сумын заан болсон бол түүнээс гурван жилийн дараа Сэлэнгэ аймгийнхаа баяр наадамд түрүүлж аймгийн арслан болж байсан.

Тэгвэл тэр жилээ /2019 он/ Улсын баяр наадамд зодоглож 21 настайдаа улсын начин цол хүртсэн юм. Энэ нь дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, улсын заан Ө.Эрдэнэ-Очир нарын амжилтыг давтсан явдал байлаа.

2021 онд улсын харцага болсон бол улсын баяр наадмын 1024 бөх барилдсан Ардын Хувьсгалын 100,101 жилийн ойгоор ес даван үзүүрлэж Монгол улсын арслан болж байлаа. Дараа нь 2024 оны улсын баяр наадамд хоёр дахиа үзүүрлэн арслан цолоо баталж чимэг нэмсэн байдаг.

Тэрбээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум “Таванхан” дэвжээ, “Алдар” спорт хороо, “Атар трейд” компанийн бөх хэмээн цоллуулдаг.

Арслан Б.Орхонбаярын тухай бөх сонирхогчид ярилцахдаа бидний хайртай бөх гэж магтдаг.

Б.Орхонбаярын багш улсын харцага Т.Өсөх-Ирээдүй шавийгаа аваргын барианд хүрэх бөх гэж хэлэх юм билээ. Мөн арслан маань сагсан бөмбөг маш сайн тоглодог учир 2023 онд бүх оддын тоглолтод оролцож байв.

Үзүүр бөх, аймгийн хурц арслан Х.Наранбаяр нь Б.Орхонбаяртай нэг дэвжээнд бэлтгэл сургуулиа хийдэг “Алдар” спорт хорооны бөх юм.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул энэ залуу “Хос шаргатан” ХХК-ийн нэрийн өмнөөс барилддаг. Мөн л улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн  шавь гэж болно.

Х.Наранбаатар Налайхын наадамд Говь-Алтай аймгийн уугуул, улсын начин Д.Төртогтохоор долоо давж аймгийн арслан цолыг авч байв.

Анх Сэлэнгэ аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан болж байсан гэдэг. Бас их спортод хөл тавьсан төдийгүй сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-нд амжилттай оролцож хүрэл медальтай ирсэн бөх юм билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 227 (7471)