-“Зууны мэдээ “сонин JTI-ын стандартыг хангасныг олон улсын байгууллагаас албан ёсоор зарлав-

 

Сүүлийн жилүүдэд хүчээ авах болсон нийгмийн сүлжээн дэх худал мэдээллийн урсгал дундаас уншигч, үзэгчид үнэн бодитой, найдвартай эх сурвалжаас чанартай мэдээлэл хүлээн авах  зайлшгүй шаардлага бий болсон. Тиймээс ч найдвартай эх сурвалжийг баталгаажуулан, ил тод байдлыг хангаж, эргээд хариуцлагатай сэтгүүл зүйг бий болгохын төлөө “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) олон улсын байгууллагаас  Journalism Trust Initiative-JTI /Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга/-ыг 2018 онд танилцуулсан. Түүнээс хойш дэлхийн 100 гаруй орны 1700 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагаар эгнээгээ тэлсэн, томоохон санаачилга болон өргөжөөд байна.

 

Яагаад JTI вэ

 

Сэтгүүл зүйд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, иргэдийн мэдэх эрхийг хангах зорилготой энэхүү санаачилгыг Хэвлэл мэдээллийн ил тод байдлыг баталгаажуулсан дэлхийн анхны ISO стандарт гэж энгийнээр ойлгож болно.

Хараат бус, тэнцвэртэй, ёс зүйтэй, баталгаатай хэвлэл мэдээллийн байгууллагыг дэмжих, олон нийтэд таниулан алдаршуулах зорилготой. Энэхүү санаачилгад нэгдэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ил тод байдлын олон шалгуурыг хангаж энэхүү гэрчилгээг авах эрхтэй болдог.

 

JTI баталгаажуулах алхмууд:

 

1. Ил тод байдлын тайлангийн хүсэлт илгээнэ.

Ил тод байдлын хүсэлт илгээхдээ ямар нийтлэлийн бодлого баримталдаг, эрхэм зорилго нь юу болох болон мэргэжлийн үйл ажиллагаагаа хэрхэн эрхэлдэг, яаж олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг вэ гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваагдсан 130 гаруй асуумжид үнэн, зөв хариулах шаардлагатай. Асуултуудын агуулгыг дэлгэрүүлбэл, хэвлэл мэдээллийн байгууллагын өмчлөл, редакцын дотоод журам, редакцын бодлого тодорхой байх, ажилтнуудын үндсэн эрхийг хангасан байдал, хөдөлмөрийн хууль болон бусад хууль эрх зүйн баримт бичгийг дагаж мөрддөгөө нотлох зэрэг тодорхой салбаруудтай холбоотой.

 

2. Ил тод байдлын тайлангаа олон нийтэд ил зарлана.

Дээрх 130 гаруй асуултад үнэн зөв хариулсны дараа хүсэлтээ илгээж ил тод байдлын тайлангаа олон нийтэд нээлттэй мэдээлэхийг зөвшөөрч, JTI-ийн вэбсайтад байршуулна. Гэхдээ дээрх шатыг дуусгаж, ил тод байдлын тайлангаа байршуулсан нь сертификат авлаа гэсэн баталгаа биш.

 

3. Сертификат авах эрх

Ил тод байдлын тайлангаа танилцуулсны дараа сүүлийн шат болох хөндлөнгийн аудитын байгууллагаар үнэлгээ хийлгэж, ил тод байдлын тайлангаа хянуулж, үнэн бодит гэдгийг баталгаажуулснаар сертификат авах эрх үүсдэг.

 

Хөндлөнгийн аудит хийлгэхэд тодорхой хэмжээний зардал гарна. Мөн JTI байгууллагаас энэхүү төлбөрт дэмжлэг үзүүлэх зорилгоор тодорхой хэмжээнд тэтгэлэг олгох, төлбөрийн хувийг хариуцах зэргээр дэмжлэг үзүүлдэг. Гэхдээ энэхүү тэтгэлэг тухайн үед зарласан байвал тусгайлан хүсэлт гаргаж ханддаг. Тэтгэлэгт хамрагдахын тулд Ил тод байдлын тайлангаа заавал олон нийтэд мэдээлсэн байх шаардлагатай.

Энэхүү стандартыг хангасныг баталгаа болох гэрчилгээ нь хоёр жил тутамд дахин үнэлгээ хийгдэж сунгагддаг. Олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа, нээлттэй, ил тод байдлаа хангаж чадаж байгаа зэргийг дахин хөндлөнгийн үнэлгээгээр баталгаажуулдаг зарчимтай.

 

Монголдоо анхдагч нь

 

Монгол Улсын хувьд 2024 оны аравдугаар сард Сэтгүүл зүйн хөгжлийн үүр төвийн дэргэдэх “Mongolian Fact Checking center” нь анхны JTI-аар баталгаажсан байгууллага болсон.

Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас “Зууны мэдээ” сонин JTI-ын стандартыг хангасныг олон улсын байгууллагаас албан ёсоор зарласан.

Энэхүү стандартын ач холбогдол нь хэвлэл мэдээллийн хэрэгслээс гадна уншигч, үзэгч хамтран ажилладаг байгууллага, олон нийт болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад аль алинд нь эерэг үр дүн авчрах боломжтой.

 

Хэвлэл мэдээллийн байгууллагуудад:

 

1. Брэндингийг хөгжүүлэхэд ач холбогдолтой, баталгаажуулж байгаа.

2. Хууль эрх зүйн суурь түвшинд өөрсдийн нөхцөл боломжоо олж харах, дүгнэлт хийх, засаж сайжруулах товчхондоо хаана байгаагаа хянах боломж олгоно.

3. Олон нийтийн итгэлийг хүлээх боломжийг гаргаж өгдөг.

4. JTI санаачилга нь Олон улсын хариуцлагатай  хэвлэл мэдээллийн байгууллагууд, нэгдэл холбоотой хамтарч ажилладаг. Тухайлбал, олон улсын хамгийн том зар сурталчилгааны нэгтгэлтэй хамтран ажиллах боломж олгодог.

5. JTI-аар баталгаажсан тэмдэглэгээг авснаар зар сурталчилгааны боломж нэмэгдэх, Google зэрэг хайлтын системд хамгийн түрүүнд илэрц харагдах зэрэг давуу талууд бий болно.

 

Уншигч үзэгчдэд:

 

1. Хэт их мэдээллийн урсгалд хэр эрүүл, зөв “бүтээгдэхүүн” хэрэглэж байгаа вэ гэдгээ тодорхой харах боломжтой.

2. “JTI Certified” тэмдэглэгээтэй хэвлэл мэдээллийн байгууллага нь илүү баталгаа, нотолгоотой мэдээлэл түгээдэг гэдгийг ойлгож харах боломжтой.

 

Хамтран ажиллагч байгууллагуудад:

 

1. Дээр хэлсэнчлэн JTI санаачилга нь Олон улсын хариуцлагатай хэвлэл мэдээллийн байгууллагууд, нэгдэл холбоотой хамтарч ажилладаг. Олон улсын хамгийн том зар сурталчилгааны нэгтгэлтэй хамтран ажиллах боломж олгодог.

2. JTI-ийн тэмдэглэгээтэй, баталгаатай найдвартай хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж, санхүүжүүлж зар сурталчилгаа өгнө гэдэг өөрийн компаниа хамгаалж байгаа маш том арга зүй болно.

 

JTI нь:

 

1. Олон улсад байгаа ямар нэг тогтсон дүрэм журмыг өөрчлөх эсвэл орлох зорилготой биш гүйцээх, давуу талыг нь нэгтгэх зорилготой.

2. Ямар нэг байдлаар ранк тогтоох нь JTI-ын зорилго биш. Энэхүү санаачилга нь жижиг, том ямар ч хэмжээний бүтэцтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүгд ашиглах боломжтой.

3. Найдвартай эх сурвалж, баталгаатай мэдээллийн эх үүсвэртэй байхын давуу тал, чанарын ялгааг уншигч үзэгчдэд болон хамран ажиллагч байгууллагуудад ойлгомжтой байдлаар харуулах боломжтой.

4. Чанарын баталгаа болдог.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 226 (7470)