“Зууны мэдээ” сонин Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойг тохиолдуулан арваннэгдүгээр сарын “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна. Тэртээ 100 жилийн өмнөх арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж байжээ. Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” хэмээн тодорхойлж байсныг энд дахин сануулах нь зүйтэй биз ээ. Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.
Үндсэн хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь ойлголтоосоо шалтгаална
Л.Дашням
Монголын Үндсэн Хууль Тогтоогчдын Холбооны Тэргүүлэгчийн нэгэн, доктор, профессор, Ардын багш
-Бид дөрвөн үе шаттай явж ирсэн Үндсэн хуулиа хэрэгжүүлж байна л даа. 1924, 1940,1960,1992 оны гээд. Тэгвэл Анхдугаар үндсэн хууль бол 1940 он хүртэл ямар нэг өөрчлөлт, хөдөлгөөнгүй мөрдөгдөж ирсэн түүх бий. Харин 1940,1960 оны хуулиудад зарим өөрчлөлт хийсэн бол 1992 оны ардчилсан гэх үндсэн хуульд ямархуу өөрчлөлт, шинэчлэлт хийснийг хүн бүхэн мэдэх байх. Ер нь аль ч шатны үндсэн хуулийг аваад үзэхэд Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалах, ямар нийгэм байгуулах, Монгол өв соёлыг хадгалж хамгаалах үйл хэрэгт иргэн бүр ямар эрх, үүрэгтэй оролцох ёстойг зааж өгсөн бий. 1924 оны Үндсэн хуулийн гол чанар нь хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжих явдал байсан. Энэ үүргээ ч биелүүлсэн шүү дээ. Тэгвэл 1960 оных бол монголын ард түмэнд социализм байгуулах чиг баримжааг заасан хатуу заалттай нь онцлог. Тийм болохоор эрх зүйн бусад хуулиуд Үндсэн хуулийнхаа чиг зүгийг баримталж тэндээс урган гардаг зүй тогтолтой юм. Одоо мөрдөгдөж буй 1992 оны Үндсэн хууль бол дорвитой өөрчлөлтийг агуулсан. Тэнд хамгийн гол юм нь өмнө нь төрийн эрх мэдэл намын гарт байснаас татгалзаж ард түмэн төрөө өөрсдөө байгуулдаг тийм зарчимд шилжихийг гол болгосон. Гэлээ ч миний хувьд Үндсэн хууль тогтоогчийн талаар хэлэхэд бүгдээрээ хуулийнхаа заалтыг бүрэн гүйцэд ойлгодоггүйгээс зарим гол зарчмаас ухарсан мэт байдал гарсаар байна. Ард түмэн төрийн эрхээ барина гэсээр байтал өнөөдөр ч гэсэн нэг биш хэдэн нам төрийн эрхийг залах оролдлого байсаар байна. Төрийн түшээд маань ч тойргийн түшээ гэсэн ойлголтоосоо салж чадахгүй байна даа. Би сая “Монгол яриан хүрхрээ” гэдэг ном бичлээ. Энэ ном нэг талаасаа уран зохиолын мэт харагдавч өнөөгийн нийгмийн амьдрал, хуулиа хэрэгжүүлж байгаа байдлыг шүүмжлэлтэйгээр хэлж өгөхийг бодсон юм.
Хүний эрх, эрх чөлөөнөөс илүү үнэ цэнтэй зүйл гэж байхгүй
У.Отгонбаяр
УИХ-ын гишүүн
-Шинэ Үндсэн хууль ямар нэг нийгэм байгуулахыг тунхаглаагүй, харин хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг зорьсон гэж ойлгодог. Энэ нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүн төвтэй , иргэдийн төлөөлөл нь иргэдийнхээ төлөө ажилдаг төр засагтай нийгмийг төлөвшүүлэн хөгжүүлэхийг зорьж байгаа гэж үздэг. Хүний эрхийг хамгаалахын тулд төрийн эрх мэдлийг хяналт, тэнцвэртэй хуваарилахыг зорьсон зэрэг нь манай үндсэн хуулийн гол үзэл баримтлал болов уу. Хүний эрх, эрх чөлөөнөөс илүү үнэ цэнтэй зүйл гэж юу байх вэ. Үндсэн хууль Монгол Улсынхаа иргэдийн төдийгүй Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа бүх хүний үндсэн эрхийг хамгаалах баталгаа болж байгаа нь түүний маргашгүй үнэ цэн биз ээ.
Анхдугаар Үндсэн хуулийг илүү сайн судлах ёстой
Ж.АМАРСАНАА
Монгол Улсын гавьяат хуульч, академич
-Үүнээс л 1924 онд Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталсан. Бүгд Найрамдах улсаа тунхагласан юм гэдгийг ой санамж болгон мэдэж авч байсан гэдэг. Тэгвэл 1992 оноос хойш Үндсэн хуульд олон удаа нэмэлт өөрчлөлт хийсэн. Хуулиа ч олон нийтэд зориулан хэвлэн сурталчилсан. Судлаачид цөөнгүй ном бүтээл гаргасан. Түүн дотор элчин сайд, багш Баярсайхан бид нийлж “Олон улсын үндсэн хуулийн оршил” гэдэг ном хийсэн. Төрийн шагналт түүхч О.Батсайхан бид хамтарч Монгол Улсын Анхдугаар үндсэн хуулиас эхлээд үеийн үед хийж ирсэн нэмэлт, өөрчлөлтүүдийг тайлбартайгаар нэгтгэж бас нэг ном гаргасан. Тэгвэл Анхдугаар үндсэн хуулийн талаар бид мэдэхгүй, дутуу мэдэж байгаа ойлголт байдаг уу гэж асууж байх шиг байна. Дутуу юм их бий. Яагаад гэвэл Үндсэн хуулийн судалгааны хүрээнд ном болгож эрдэм шинжилгээний жинхэнэ ажил болгож түүнийгээ сургалтад хэрэгжүүлж байсангүй. Жишээ нь 1924 оны үндсэн хуульд социализм, коммунизм байгуулна гээд заачихсан байдаг байхгүй юу. Тэгэхдээ монголчууд бид тэр социализм, коммунизмыг байгуулах нь гол биш дэлхийн улс орнуудын дарлагдсан ардуудын нийгэм журмын эв хамтын зорилгыг хүлээн зөвшөөрөх гэсэн утга санаа тэнд байгаа юм. Тэгэхээр 1924 оны үндсэн хуульд эерэг ч юм бий, сөрөг ч юм бий.
Анхдугаар Үндсэн хуулиа тунхаглаж чадаагүй бол Ардчилсан Үндсэн хуулиа баталж чадахгүй байлаа
Б.Баярсайхан
УИХ-ын гишүүн асан
-100 жилийн өмнө Монгол Улс Үндсэн хуулиа батлахдаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйн шударга ёс, төрийн бие даасан байдал, ард түмний эрх мэдлийг дээдлэх үндсэн зарчмуудын эхлэлийг тавьжээ. Ингэснээр Монгол Улсын иргэн бид эх оронтой, эх орон минь хуультай, хуулиа дагасан засаглалтай, эрх эрх чөлөөтэй болсон юм. 100 жилийн өмнө бид Анхдугаар Үндсэн хуулиа батлаагүй байсан бол 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа өөрчлөн баталж чадахгүй байлаа. Тэгэхээр 100 жилийн өмнөх энэ үйл явдал Монгол Улсын иргэн бүрийн хувьд маш эрхэм, үнэ цэнтэй. Бидний өвөг дээдсийн байгуулсан гавьяа их гэдгийг хэлмээр байна. Мөн бид Үндсэн хуульдаа хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг бүтээнэ гэж зорьж байгаа. Яг одоо цагт манай нийгэм хүмүүнлэг гэдэг үгэнд ач холбогдол өгдөггүй, анзаардаггүйд харамсдаг. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм маань хүнээс бүрдэнэ. Гэтэл хүмүүнлэг нийгмийг бүрдүүлэх хүний хөгжлийн бодлого хангалтгүй хэмжээнд байна. Тиймээс эдийн засгийн хөгжилтэйгөө зэрэгцүүлээд хүний хөгжлөө авч явах ёстой. Анхдугаар Үндсэн хуулийн 100 жил гэхээр тунхаг төдий баяр тэмдэглэн өнгөрөөх биш Үндсэн хуульдаа бид юу гэж заасан юм. Манай улс юунд зорьж байна вэ гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх цаг болсон.
Үндсэн хуулийн түүхийг шинээр бичих шаардлагатай
Ч.БОЛДБААТАР
МУБИС-ийн түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, судлаач
-Манай Боловсролын их сургуулийн нийгмийн мэргэжлийн ангийн оюутнууд Үндсэн хуулийн талаар тун гайгүй мэдлэг олж авдаг. Оюутан өөрөө хүсвэл Үндсэн хуулийн түүхийн хувьд сонгон суралцаж болно. Харин нийгмийн мэргэжлийн бус ангийн оюутнууд бол Үндсэн хуулийн тухай лекц хичээл сонсдог. Нэг зүйлийг энд чухалжилж хэлэхэд 1924 оны Үндсэн хууль гэж дурьдаж ярьдаг ч 1940, 1949, 1960 оны Үндсэн хуулийн тухай судлах сурталчлах ажил ихээхэн орхигдсон юм шүү дээ. Ер нь түүхийнхэн 1924, 1940 оны Үндсэн хуулийг судалгаатайгаар ярьдаг юм. Хууль, эрхзүйн судлаачид бол 1992 оны нэмэлт өөрчлөлт гэсэн сэдвийг л ухаж төнхөх маягтайгаар тэнд бөөгнөрч байдаг гэсэн үг. Бүр тодосгоод хэлэхэд 1940, 1949, 1960 оны Үндсэн хууль дээр судалгаа тун чамлахаар байдаг гэж хэлэх байна. Цөөвтөр түүхчид л энэ талаар сонирхох төдий байдаг юм. Манай сургуулийн түүхийн тэнхимийн хувьд нэг содон ажил бий. Тэр нь Үндсэн хуулийн сэдэвтэй семинар тогтмол хийдэг. Уг семинараар Үндсэн хуулийн талаар түүх, эрх зүйн чиглэлээр лекц сонсоод судлаачдын саналыг сонсож ярилцдаг. Энэ хэлэлцүүлэг их тустай санагддаг. Та юу хийж байна гэж асууж байх шиг байна. Хэлмээр юм байгаа ч гүйцэд хийгээгүй байгаа юмыг ярих хэцүү юм. Хамгийн гол нь Монгол Улсын Үндсэн хуулийн түүхийг шинээр бичих шаардлага байгаа юм. Энэ үүднээс судалгаагаа нэлээд өргөжүүлж түүхч, судлаач хүний хувьд үүнийгээ бүтээл болгохын тулд голлон сууж байна даа.
Монгол Улсын хөгжил дэвшил Үндсэн хуулиас эхлэлтэй
Ц.Мөнхбат
УИХ-ын гишүүн
-Анхдугаар Үндсэн хуулиар Монгол Улсын төрийн байгууллын тогтолцоог хуульчлахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж ойлгодог. Харин 15 жилийн дараа баталсан 1940 оны Үндсэн хуульд хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын эрх үүргийг 1924 оны Үндсэн хуульд зааснаас илүү тодорхой болгож, шүүх засаглалын тухай нэмж зааж өгсөн байдаг. Үүнээс хойш их бага хэмжээний нэмэлт өөрчлөлтүүд бол хийгдэж байсан. 1992 оны Ардчилсан Үндсэн хууль бол өмнөх хуулиуд шашин шүтэх, эвлэлдэн нэгдэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх зэрэг эрх чөлөөг тунхагласан боловч хэрэгжүүлэх боломжгүй байсныг нээлттэй болгож өгсөн онцгой ач холбогдол нь оршиж байгаа гэж боддог. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоох, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэх, хувийн өмчийг дэмжих, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гээд дэлхий дахинтай хөл нийлүүлж хөгжлийн шинэ замыг сонгоход чухал үүрэгтэй хууль болсон гэж үздэг. Өнөөгийн Монгол Улсын хөгжил дэвшил энэ Үндсэн хуультай шууд холбоотой. Ирэх 100 жилийн ирээдүйг тодорхойлоход ардчилсан шинэ Үндсэн хуулиа сайжруулах, шинэчлэх шаардлага үүсэхийг үгүйсгэхгүй.
Парламентат ёсны үзэл санаа хөгжих үндэс суурь болсон гэж хэлэх үндэстэй
Д.Лүндээжанцан
Гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор
- Монгол Улсыг тусгаар тогтносон бүрэн эрхтэй ард улс гэж энэ Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд бататган бэхжүүлсэн байгаа. Энэ бол монголчуудын олон зуун жилийн хүсэл эрмэлзлэлийн бодит илэрхийлэл байсан. Тусгаар тогтнолоо алдаж явсан үе байхад эргүүлэн аваад түүнийгээ Үндсэн хуулийн хэмжээнд тунхаглан зарласан. Үүнийг улс төр, хууль зүйн ном зохиолд тэмдэглэсэн нь бий. Бодит тусгаар тогтнолоо авч явж, хуульчлан бэхжүүлсэн. Үүнийг олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх асуудал олон жил үргэлжилж, 1945 онд биеллээ олж, 1961 онд Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхтэй гишүүн болсноор бүрэн баталгаажсан. Ингээд 1924 онд баталсан Анхдугаар Үндсэн хуулийн үзэл санаа зарим хэсэг нь хэдий ангич шинжийг агуулж байсан ч иргэдийн үндсэн эрх чөлөөг бэхжүүлснээрээ том дэвшил болсон. Анхдугаар Үндсэн хуулийн төрийн засаглалын хэлбэр, төрийн тусгаар тогтносон бүрэн эрх, иргэдийн үндсэн эрх, эрх чөлөө, төрийн байгууламжийн асуудал, гадаад харилцааны үндсэн зарчим зэрэг олон асуудал 1992 оны шинэ Үндсэн хуульд тусгалаа олж улам баяжин хөгжиж дэлхийн жишигт хүрсэн. Энэ парламентат ёсны үзэл санаа хөгжих үндэс суурь болсон гэж хэлэх үндэстэй. Ийм ч учраас 1924 оны Анхдугаар Үндсэн хууль, 1992 оны үндсэн хуулиуд хүйн холбоотой. Монгол Улс жил бүр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны ойг ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн. Энэ нь манай иргэд, залуу үеийнхэнд эх оронч үзлийг төлөвшүүлэх бас нэгэн тэмдэглэлт өдөр, Монголын ард түмний хамтын баяр юм.
Шинэ Үндсэн хууль өнөөгийн хөгжлийн үндэс болсон
Б.Пунсалмаа
УИХ-ын гишүүн
-Манай улсад 1990 оныг хүртэл төрийн өмч зонхилсон, хувийн өмч хязгаарлагдмал, байхгүйтэй адил байсан. 1992 онд шинэ Үндсэн хуулийг батлахдаа “Монгол Улс олон хэвшил бүхий эдийн засагтай байна, Өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрнө, Өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална“ гэж заасан нь өнөөгийн хөгжлийн үндэс болсон. Өнөөдөр манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд хувийн өмчийн нэгжүүдийн эзлэх хувь 70 орчим буюу дийлэнх болжээ. Хувийн өмчийн нэгжүүдийн ихэнх нь богино, урт хугацааны үйл ажиллагааны бодлого төлөвлөгөөтэй ажилладаг. Дэвшилтэй техник технологи сонгох, өртөг зардлыг хямдруулах, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, харилцагчдынхаа ашиг сонирхлыг харгалзахад тавих анхаарал илүү байдаг. Авлига, ашиглах гэмт хэргээс сэргийлж чаддаг. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд зах зээлийн хуулийн дагуу ажиллаж ашигтай бол оршин тогтнож, алдагдалтай бол дампуурч байдаг. Дүгнэж хэлэхэд, монголчууд зах зээлийн эдийн засагт шилжиж өмчийн олон хэлбэрийг хөгжүүлэх чухал ажилд онож алдаж, ололтыг бататгаж, алдаанаас сургамж авч засаж байж амьдралын их сургуульд сурцгааж байна. Ямар боловч бүтээн байгуулалтад саад хийдэггүй, бүтээснийг хамгаалж хадгалдаг заншилтай, баялаг бүтээгч иргэдтэй болох боломж бүрдсэн нь талархууштай.
Өвөг дээдэс маань цаг үеийн хүнд хэцүү нөхцөлд Үндсэн хуулиа баталгаажуулж чадсан
А.Ганбаатар
УИХ-ын гишүүн
-1924 оны түүхэн цаг үед монгол орны улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан. Гэсэн ч улс орныхоо төлөө зүрх сэтгэлтэй өвөг дээдэс маань зориг зүрх, ухаанаараа Анхдугаар үндсэн хуулиа баталсан. Энэ бол өнөөдрийн бидний эрх чөлөөт тусгаар тогтнолын маань баталгаа болсон “суурь” хууль болжээ. Үүнд Анхдугаар Үндсэн хуулийн үнэ цэн оршиж байна. Үүгээрээ Ази тивдээ бичмэл Үндсэн хуультай хоёр дахь улс орон болж тусгаар тогтнолоо баталгаажуулсан. Бас нэг үнэлүүштэй зүйл бол 1924 оны анхдугаар Үндсэн хуульд иргэний эрхийн тухай тусгасан байдаг. Энэ бол хүний эрхийг тунхагласан өнөөдрийн шинэ Үндсэн хуулийн үндэс болж чадсан. Гэхдээ мэдээж хүний эрхийн асуудлыг бүрэн тусгаж чадаагүй, амьжиргааны буюу өмчтэй байх эрхийг баталгаажуулаагүй гэх мэт алдаа байсныг ч бид хүлээн зөвшөөрөх ёстой. Ямар ч юм төгс төгөлдөр гэж байхгүй, хөгжлийн явцад Үндсэн хууль ч өөрчлөгдөж, сайжирч байх ёстой.
Ж.Цэвээний “Улсын эрх” бүтээлээс эхлээд судлах, харах юм их шүү дээ
В.Удвал
Монгол Улсын гавьяат хуульч, доктор PhD, дэд профессор
-Монгол Улсын анхны Үндсэн хууль буюу 1924 оны Үндсэн хуулийн талаарх судалгаатай үнэнээ хэлэхэд ховорхон танилцаж байсан шүү. 1970-аад оны үед хэвлэгдсэн 1924 оны Үндсэн хууль, түүний өмнө болон дараа батлагдсан Нутгийн захиргааны дүрэм зэргийн эмхэтгэлийг шинэ Үндсэн хууль батлагдах үед лавлагаа гаргах үүднээс уншиж байснаа санаж байна. Энэ нь судалгааны материал гэхээсээ илүү Үндсэн хууль болон түүнд холбогдсон бусад хэм хэмжээний баримт бүгд байв. Харин 2004 онд хэвлэгдсэн Ж.Амарсанаа, О.Батсайхан нарын Монгол Улсын Үндсэн хууль, баримт бичиг ном нэлээд судалгаа хийх боломжийг нээсэн гарын авлага байсан. 1924 оны Үндсэн хууль, түүний батлагдах үеийн төслийн талаарх илтгэл, төслийг хэлэлцэж баталсан тэмдэглэл, анхдугаар Үндсэн хуулийн тайлбар зэргийг оруулсан номыг бид судалгаандаа өргөн ашигладаг. 2024 оны эхээр Шихихутуг их сургуулиас гаргасан академич Ц.Батбаяр, шинжлэх ухааны доктор Д.Лүндээжанцан нарын бүтээсэн “Хэмжээт цаазтаас Бүгд Найрамдах засагт шилжсэн нь”: ном судалгааны маш чухал бүтээл юм гэдгийг хэлье. Энэхүү номонд гадаадын нэлээд олон судлаачид Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн судалгааг хийсэн болохыг баримтаар өгүүлсэн байна лээ. Үндсэн хуулийн судалгааны сонирхолтой материал бол яах аргагүй 1914 онд гарсан Ж.Цэвээний «УЛСЫН ЭРХ» бүтээл юм. Үг бүтээлийг Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол улсын хамаг хэргийг бүгд ерөнхийлөн шийтгэх яамны тэргүүн сайд, Сайн ноёнхан Т.Намнансүрэнгийн захиасаар хийсэн гэдэг. Үүнийг дурдахын учир нь тэр үеэс Үндсэн хуульт ёсны үндсэн зарчмуудыг монголчууд судалж, монгол улсыг тухайн үеийн боловсон улсын жишгээр хөгжүүлэх анхны үндсэн хуулийн үзэл санаа бүрэлдэн тогтоход зохих хувь нэмрээ оруулсан байдаг .
Нийгэм эдийн засгийн байгууллыг тодорхой тусгаж чадаагүй
Ч.ОТГОЧУЛУУ
Эдийн засгийн ухааны доктор
-Мэдээж үнэ цэнтэй. Гэхдээ 1992 оны Үндсэн хууль нь шилжилтийн бас завсрын үед батлагдсан учир сул тал бий. Жишээлбэл, нийгэм эдийн засгийн яг ямар байгуулалтай болох вэ гэдгээ тодорхой тусгаж чадаагүй санагддаг. Төрийн оролцоо яг хаана эхэлж хаана дуусах зааг, хил нь тодорхойгүй байдаг. Үндсэн хуулийн нэг чухал үзэл санаа нь Хүний эрх ба эрхийн хамгаалалт юм. Энэ эрх дотор ажил хөдөлмөр бизнес эрхлэх эрх чөлөө ч бас багтана. Ийм эдийн засгийн эрх чөлөөнд хамгийн их саад болж буй хүчин зүйлийн нэг нь инфляц юм. Гэтэл инфляцтай тэмцэх Төв банкны статус, бие даасан шийдвэр гаргах байдал, улс төрөөс хараат бус шийдвэр гаргах чадамж зэргийг дутуу тооцсон санагддаг. Цаашид энэ чиглэлээр буюу төрийн мөнгө валютын бодлого, түүнийг хариуцсан институтийн чиг үүргийг тодорхой оруулах шаардлагатай гэж бодож байдаг.
Үндсэн хуулийн эзэн, эх сурвалж ард түмэн юм
П.Амаржаргал
Хууль зүйн ухааны доктор, дэд профессор
-Та бүхэндээ Монгол Улсад анхны Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр бид анхны Үндсэн хуулиа албан ёсоор баталсан. Тиймээс энэ өдөр хүн бүрийн хүндэтгэн дээдлэх өдөр мөнөөс мөн. Энэхүү Үндсэн хуулийг батлагдахаас өмнө Монгол Улсад Үндсэн хуулийн шинжтэй хууль, тогтоомжууд хэрэгжиж байсан. Хүн төрөлхтөн хүний эрх, эрх чөлөөний төлөө, улмаар үүнийг баталгаажуулсан Үндсэн хуулийн төлөө тэмцсээр ирсэн билээ. Энэ бол зүгээр өөрөө олддог, аяндаа бий болдог, цаасан бичиг баримт биш юм. Манай улсад авчирсан анхны Үндсэн хуулийн гол өөрчлөлт нь Хэмжээгүй эрхт хаант засаглалаас Бүгд найрамдах засаглал руу шилжсэн шилжилт юм. Мөн тал нутагт анх удаагаа бичмэл Үндсэн хуультай болсон явдал юм. Гаднын улс оронтой харьцуулаад үзвэл, дэлхийн хамгийн анхны Үндсэн хууль 1215 оны Магна Харт юм. Азид хамгийн анхны Үндсэн хууль 1889 оны Японы Улсын Үндсэн хууль байдаг. Үүний дараа Монгол Улс 1924 онд Үндсэн хуулиа баталсан түүхтэй. Мөн Үндсэн хуулийн гол эзэн, гол эх сурвалж нь ерөөсөө ард түмэн байна гэдгийг тунхагласаар байна. Үндсэн хууль хэний төлөө байдаг юм бэ гэхээрээ ард түмний л төлөө байдаг. Ард түмэн өөрөө энэ Үндсэн хуулийг төлөөллөөрөө бий болгож батална. Ард түмэн Үндсэн хуулийг өөртөө ашигтай, хэрэгтэй байдлаар баталж, өөрсдийн эрх чөлөөг хангаж, төрийн эрх мэдлийг хязгаарлах ёстой.
Үндсэн хуулиар босгосон багана дээр төр улс ч, түмэн олон ч тогтож ирлээ
Д.Мөнх-Эрдэнэ
Хуульч
-Төр, улс, түмэн олны ажил, амьдралын суурь багана болдогт Үндсэн хуулийн агуу мөн чанар оршино. Нийгмийн гэрээ болох Үндсэн хуулиар босгосон багана дээр төр улс ч тэр, түмэн олон ч тэр ажил, амьдралаа цогцлоон хөгжүүлж өнөөг хүртэл авч ирсэн. Төрт ёсны мянга мянган жилийн түүхэн уламжлалтай Монголын ард түмэн өнөө цагт анхдугаар Үндсэн хуулийнхаа ойг тэмдэглэж буй нь бахархалт үйл явдлын нэг юм даа. Алдаа, оноотой түүхийн сургамжид тулгуурлан эцэг өвгөд маань Үндсэн хуульт ёсыг төгөлдөржүүлж ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлан мөрдөж байна. Ардчилсан шинэ Үндсэн хуулиар тунхаглан зарласан тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилгуудыг төр, нийтийн алба цаашид ёсчлон биелүүлж, хариуцлагатай ажиллах шаардлагатай байгааг энэ дашрамд хэлье.
Хамгийн олон эмэгтэй гишүүнтэйгээр100 жилээ угтаж байна
О.ЦЭЦЭГБАЛ
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Л.Энхнасангийн зөвлөх
-Манай улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа батласнаар ХХ зууны хүн төрөлхтний улс төрийн дэвшилт үзэгдэл-Бүгд Найрамдах байгуулалд шилжин эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Азийн анхны улс болоход нөлөөлсөн болов уу гэж хардаг. Анхдугаар үндсэн хуулиар тунхагласан эдгээр үзэл баримтлал, эрх дараа дараачийн үндсэн хуулиудад улам бэхжиж ирсэн нь анхдугаар үндсэн хуулийн үнэ цэнийг илэрхийлж байна.
100 жилийн өмнө Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиараа жендэрийн тэгш байдлыг баталгаажуулж байсан бол өнөөдөр 100 жилийн ойг хамгийн олон эмэгтэй гишүүнтэй Улсын Их Хурал болсон түүхэн амжилтаар угтаж байна.
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь эрүүл ардчиллыг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг хангах суурь юм.
Монгол Улсын хувьд энэхүү амжилтаа бэхжүүлж, дараагийн шатанд хүрэхийн тулд шийдвэр гаргах түвшинд өнөөдөр ажиллаж буй, өмнө нь ажиллаж байсан эмэгтэйчүүд дэмжлэгийн тогтолцоо бүрдүүлэн, хувь оролцоотой, үр дүнтэйгээр хамтран ажиллах шаардлагатай гэж харж байна.
Монголчууд бидний шинэ түүхийн эргэлтийн цэг бол Анхдугаар Үндсэн хууль
Д.Золбоо
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал доктор, дэд профессор
-“Үндсэн хууль” гэж бид бүхний хэрэглэдэг нэр томьёо зөв эсэхийг хэлж мэдэхгүй юм. Орчуулгын хувьд хууль, эрх зүйн зарим нэг судлаач эргэлздэг л юм билээ. Зарим улс үндэстнүүд өөрөөр нэрлэдгийг та бүхэн мэдэх байх. Хамгийн энгийн жишээ гэвэл Британийн “Магна харт” байна. Мэдээж үүрэг нь адилхан боловч нэршил нь өөр байдаг. 1992 оны Үндсэн хуулийг хэлэлцэх явцад “Их Засаг”, “Засаг хууль” гэх мэтээр нэрлэх санал гаргаж байсныг хүмүүс сайн санаж байгаа биз. Ардын Засгийн газраас Богд хаантай байгуулсан “Тангаргийн гэрээ бичиг”-ийг тухайн үедээ Үндсэн хуулийн үүрэг гүйцэтгэж байсан гэж үздэг. 1924 оны “Үндсэн хууль”-ийн хувьд сайн, саараар дүгнэж бичих нь байх боловч монголчууд бидний шинэ түүхийн эргэлтийн цэг болсон гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй. “Үндсэн хууль”-ийн төсөл боловсруулах анхны ажлын хэсэг дэлхийн улс орнуудын сайн жишээг авахын тулд тухайн үеийн олон улс орнуудын Үндсэн хуулийг монгол хэлнээ орчуулан ашиглаж байсан нь өнөөдөр ч Үндэсний төв номын санд хадгалагдаж байна. Тэр үеийн бичиг номын хүмүүс эх орныхоо ирээдүйг хэмжээт эрхт хаант засагтай байна гэж төсөөлж байсан учраас Британий “Магна харт”-ыг орчуулан ашиглаж байсан байж магадгүй. Ерөнхийд нь дүгнээд хэлэхэд “Үндсэн хууль” гэдэг бол тухайн улс орны тусгаар тогтнолын баталгаа, ноён тулгуур байдаг гэж хэлмээр байна. Цаг үеийнхээ хөгжлийн чиг хандлагыг дагаад өөрчлөлт, шинэчлэлт хийгээд явдаг нь зүй ёсны асуудал байх.
Өвөг дээдсээ үнэхээр биширч, дээдлэн хүндэтгэмээр байна
Ж.Гомбожав
Ардын Их Хурлын дарга асан
-Аливаа улс оронд нийгмийн эрс шинэчлэлт өөрчлөлт, хувьсгал гарсны дараа Үндсэн хуулиа шинээр бичдэг юм болов уу гэж би боддог. Монгол Улсын хувьд ч ялгаагүй. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал,1921 оны ардын хувьсгалын үр дүнд 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан байдаг. Гэтэл 1924 оны түүхэн цаг үе нь өөрөө улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан. Гэсэн хэдий ч өвөг дээдэс маань ухаанаа зарж, анхдугаар Үндсэн хуулиа баталж чадсан байдаг. Иймд анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой тохиож буй энэ цаг үед өвөг дээдсээ үнэхээр биширч, шүтэж, дээдлэн хүндэтгэмээр байна, бас тэдэндээ талархах ёстой. Учир нь 1924 оны Үндсэн хууль нь 1940, 1960,1992 оны эцэг хуулийн суурь, углуурга нь болсон. Модоор зүйрлэвэл үндэс нь гэх үү дээ. Мөн 1924 оны Үндсэн хуулиас бидний суралцах, анхаарах ёстой нэг асуудал байна. Хэдийгээр тухайн цаг үед нөхцөл байдал хүнд байсан ч Улсын Их Хурлаа хоёр танхимтай байгуулахаар баталсан байгаа юм. Харин бид парламентаа нэг танхимтайгаар баталсан. 1992 оны Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасан. Гэхдээ ард түмэн нь эрх мэдлээ яаж хэрэгжүүлэх вэ гэхээр “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалтыг тусгаж баталсан ч, дутуу боджээ. 30 гаруй жилийн дараа эргэн харахаар парламентаа хоёр танхимтай байгуулах байжээ.
Хуульд хэрэггүй цэг, таслал байдаггүй
Л.Өлзийсайхан
Гавьяат хуульч
-Хуулийн үг өгүүлбэр, цэг таслал бүр нь эрх зүйн үр дагавар үүсгэх боломжтой байдаг. Энгийнээр хэлбэл, хуульд хэрэггүй цэг, таслал ч байдаггүй. Хууль амьдралаас урган гарч, эргээд амьдралд үйлчилж байх ёстой. Эрх зүйн онолд хууль бүтээнэ гэдэг бол “Хүний сайн сайхны төлөө зориулагдсан мэдлэг, ухаан” гэж номлодог. Миний ой тойнд байнга бодогддог, мэргэжлийн хувьд үнэт зүйл болсон алтан зарчим.
Үндсэн хуулиа тогтвортой мөрдөж байгаа улс орнууд хөгжиж байна
Ц.Товуусүрэн
Үндсэн хууль судлаач
-Үндсэн хуулиа дээдэлж, ягштал мөрдөж чадах юм бол улс орны хөгжилд үнэлж баршгүй ач холбогдолтой. Судалгаанаас үзвэл аль тивд оршдог, социалист, коммунист, капиталист, хаант засагтай, парламентын, Ерөнхийлөгчийн засаглалтайгаас үл хамааран Үндсэн хуулиа тогтвортой мөрдөж байгаа улс орнууд л Үндсэн хуульдаа ойр ойрхон гар хүрдэг улсуудаас илүү хурдан хөгжиж байгаа нь харагддаг. Ингэхээр Үндсэн хууль улс орны урагшлах хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтой гэж хэлэх байна.
Өөрийн гэсэн хууль дүрэмтэй, хэл, язгууртай байна гэдэг жаргал
Б.Мөнхболд
Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч
-Тусгаар улс байхын хамгийн сайхан нь өөрийн гэсэн хууль дүрэмтэй, амьдрах орчинтой, хэл, язгуур угсаатай байна гэдэг нь жаргал юм даа. Зарим үндэстэн ястан цагийн эрхээр буурч бусдын хараат эрхшээлд орно гэдэг туйлын харамсалтай. Монгол орон дэвшин дээдлэх, уруудан доройтохын цагийг хангалттай хүртсэн тул бид бүгдийн цагийн эрх айсуй. Өөрийн гэх орондоо тавтай сайхан амарч, ажиллаж, амьдарч, амьсгалж байгаа нь бид бүгдийн жаргал бус уу.
Хуулиа дээдэлдэг улс орон зөв цэгцтэй явдаг
Д.Өсөхжаргал
МУИС-ийн багш, доктор
-Үндсэн хуулийн үнэ цэнэ, үзэл баримтлал бол их гүн гүнзгий. Эх оронтой байна гэдэг хамгийн үнэ цэнтэй зүйл шүү дээ. Үндсэн Хууль бол тусгаар улсыг л дагаж явдаг. Өөрийн гэсэн тусгаар тогтнолгүй, газар нутаггүй улс оронд хуультай байх боломжгүй. Биднийг оюутан байхад “чи эх орныхоо төлөө амиа өгөх үү гэхэд хариулж чаддаггүй байсан. Харин одоо бол эх орныхоо төлөө амиа өгнө”. Яагаад гэвэл өөрийн гэсэн газар нутаг, өв соёл, бичиг үсэггүй хүмүүс байсан бүхнээ авах гэж яаж зовж байна. Үндсэн хууль бол эх оронтой, тусгаар улсын дотор аливаа улс үндэстэн эв нэгдэлтэйгээр, хэн хэнийхээ эрх ашгийг хүндэтгэн, оршин тогтноход эрхийг нь баталгаажуулах үүрэг юм. Аливаа улсын тогтвортой, эв нэгдэлтэй байдал нь хууль дээдлэхээс шалтгаална. Хэн нэгэн ямарваа зүйлийг бүх цаг үед бодож олж болно. Гагцхүү энэ санаа нь хууль зөрчөөгүй л байх ёстой. Хуулийг дээдэлдэг улс зөв цэгцтэй явах боломжтой.
Анхдугаар Үндсэн хуулиар Богдын тамгыг Ардын засагт шилжүүлсэн юм
Д.ГАНБАЯР
Хүний эрхийн хорооны дарга, эрх зүйч
- Богд хаант засагтай байсан Монгол Улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж бүрэн эрхт байдлаа баталгаажуулж тусгаар тогтносон БНУ болсноо зарласан. Ингэснээр хил хязгаар, хүн ам, газар нутаг, засаг, захиргаагаа тогтоосноороо асар өндөр ач холбогдолтой хууль. Түүнчлэн Монгол Улс өөрийн гэсэн Үндсэн хуультай тусгаар тогтносон улс гэдгээ зарласан явдал. Өөрөөр хэлбэл, Богдын тамгыг ардын засагт шилжүүлсэн гэсэн үг. Үндсэн хуулийн үзэл санаа Монголын төр, нийгэмд үзүүлсэн ач холбогдлын хувьд Монголын түүхнээ анх удаа хаант ёсыг эрх зүйн хэм хэмжээгээр тайван замаар халж, үндэсний ардчилсан өөрчлөлт, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн байгууламжийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, төр улсынхаа тусгаар тогтнолыг дэлхий дахинд тунхагласан түүхэн ач холбогдолтой баримт бичиг мөн болохыг нийтээр хүлээн зөвшөөрсөн явдал. Анхдугаар Үндсэн хуулиар тайж, ноёдын хэргэм зэргээр нь ялгаварладаг байсныг халж, хүн бүр өмчлөх эрхтэй байхыг зөвшөөрсөн. Тухайн үед анхдугаар хууль батлагдсаны дараа Улсын дээд эрх барих газар гэж байгуулагдсан. Энэ нь БНМАУ-ын дээд эрхийг УИХ хадгална, чөлөөт цагт нь Улсын бага хуралд эрх нь байна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, хоёр танхимтай УИХ байсан гэсэн үг. Мөн улсын сан хөмрөг, гадаад харилцаа, гадаадын зээл тусламж, зам тээвэр, батлан хамгаалал гээд бүх стратегийн чухал газрууд ямар байхыг энэ хуулиар баталгаажуулсан.
Анхдугаар Үндсэн хуулиас улс орны хөгжил эхэлсэн
Д.Алтай
ШУА-ийн Олон улсын судлалын хүрээлэнгийн зөвлөх, доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн
-Улсын анхдугаар Их Хурлаар Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой тохиож буй учраас хуулийн ач холбогдол, мөн чанарыг танилцуулж, үүх түүхээ бодитоор хойч үедээ үлдээх ёстой юм. XX зууны эхэн үед дэлхийн улс орон хаант засаглалаас Бүгд Найрамдах засаглалд шилжиж, хаант Орос улсад хувьсгал гарч, түүхийн шинэ цаг эхэлж байсан. 1920-иод оны эхэн үеийн Монгол орны гадаад бодлогын аюулгүй байдлын зорилт, тодорхой нөхцөлөөс шалтгаалан хэмжээт хаант засаглалыг халж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан. 1924 оны Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд “Бүх Монгол үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардуудад эдлүүлэн…” хэмээн дурдаж төрийн эрх барих дээд байгууллагыг Улсын Их Хурал болохыг заасан. Мөн Нийслэл хүрээг Улаанбаатар хэмээн нэрлэхээс эхлээд засаглалын тогтолцоог тодорхой болгох, ард иргэдийн эрх чөлөөг хангах, эрүүл мэндээ хамгаалах, сурч боловсрох олон боломжийг нээсэн. 1924 оны Үндсэн хуулиар “...тус улсын харьяат ард түмэнд угсаа, шашин, эрэгтэй, эмэгтэй хэмээн ялгаварлахгүй...” гэснээс гадна 18 насанд хүрсэн иргэн бүхэн сонгох, сонгогдох эрхтэйг баталгаажуулсан. Ийнхүү Улсын Анхдугаар Их Хурлаас улс орны цаашдын хөгжилд ардын төрийн гүйцэтгэх үндсэн зорилтыг тодорхойлж, бүгд найрамдах байгуулал, парламентат ёсыг хуульчлан бататгасан Ази тивийн анхдагч улсын нэг болсон түүхтэй.
Анхдугаар Үндсэн хууль XX зууны түүхэнд сод байрыг эзэлнэ
Ч.ӨНӨРБАЯР
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Хууль зүйн ухааны доктор
- Анхдугаар Үндсэн хууль нь Бүгд Найрамдах Монгол Улсыг тунхаглаж, түүний үндэс тулгуурыг бэхжүүлсэн бөгөөд Монголын шинэ эрх зүйн суурь болсон анхны гол хууль мөнөөрөө XX зууны Монголын төр эрх зүйн түүхэнд сод байрыг эзэлнэ. Бичмэл Үндсэн хуультай байх нь эдүгээ Үндсэн хуульт төрийн бэлэг тэмдэг болсон. Энэ утгаараа анхдугаар Үндсэн хууль бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын илэрхийлэл юм. Аливаа зүйлд алдаа сургамж цаг хугацааны шалгуураар илэрдэг. Энэ утгаар “ Сайны хажуугаар саар” гэгчээр Анхдугаар Үндсэн хуульд өдгөө түүхээр нэгэнт гэрчлэгдсэн ноцтой сөрөг тал байсныг үнэнээр өгүүлэхээс зайлсхийх хэрэгцээ, шаардлага байхгүй. Монголын ард түмнийг улс төрийн хагаралд оруулж, нэг хэсэг нь нөгөө хэсгийгээ “ангийн хувьд устгах” хэт зүүний үзэл баримтлалд автан их хэлмэгдүүлэлд хүргэсэн гэх үндэстэй.
Ард түмний засаглалыг бүрдүүлсэн чухал үүрэгтэй
Ш.Сүхбаатар
Монгол Улсын Гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор
-Үндсэн хуулийн хамгийн том ололт бол улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулж, “.. улсын дээд эрхийг ардад эдлүүлж, улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ” хэмээн тунхагласан. Мөн хүнийг эрэгтэй эмэгтэй, анги давхаргаар нь ялгаварлахгүй эрх тэгш болгож, олон түмэн ардад шүтэх бишрэх эрхийг чөлөөтэй олгосон. Монголын жинхэнэ ардын эрх, эрх чөлөөний асуудлыг түлхүү тусгасан юм. Ийнхүү Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх заалт анх оруулснаас эхлэн улс орон, ард түмний аж амьдралд олон дэвшилтэт ахиц өөрчлөлт гарсныг түүх бидэнд өгүүлдэг. Урьд өмнө нь улс орныхоо амин чухал хувь заяатай холбоо бүхий асуудлыг нэг хүний үзэмжээр шийдэж ирснийг өөрчилж, нийт ард түмний хүсэл зоригт нийцүүлэн шийдэх боломж бүхий засаглалыг бүрдүүлсэн нь анхдугаар Үндсэн хуулийн түүхэнд гүйцэтгэсэн чухал үүрэг билээ. Өдгөөгөөс нэгэн зуун жилийн өмнө Ардын Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарлаж, анхдугаар Үндсэн хуулиа баталснаар манай улс Бүгд Найрамдах засаглалд шилжин орсон Ази тивийн анхны улсын нэг болсон нь дэлхий дахинаа дурсагдах үнэ цэнтэй зүйл юм.
Төрийн тогтвортой байдлын үндэс нь хууль байдаг
Д.ХҮСЛЭН
“Их засаг” ОУИС-ийн хууль, эрх зүйн ангийн оюутан
-Үндсэн хууль бол аливаа орны гол хууль төдийгүй улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч хууль мөн. Энэ утгаараа Үндсэн хуулийн тогтвортой байдал нь төрийн тогтвортой байдлын үндэс болдог гэж боддог. Тухайн улсын хууль нь иргэн бүрд хамаатай учраас дагаж мөрдөх, өөрийгөө хамгаалах эрхтэй. Мөн Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг нийтээр дагаж мөрдөх нь зохистой.
Үндсэн хуулийн заалтууд хэрэгжиж байгаа нь эргэлзээтэй
О.БОЛОРМАА
МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, профессор
-Хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Энэ эрхийн тухай Үндсэн хуульд илүү дэлгэрэнгүй зааж өгсөн. Мэргэжлийн талаас харахад эрүүл аюулгүй орчинд амьдрахад бидэнд агаарын болон, ундны усны бохирдлын асуудал тулгарч байгаа нь Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх хэрэгжиж байна уу гэдэг дээр эргэлзээтэй байна. Тиймээс анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойг тунхаг баяр төдий биш аливаа асуудлыг хөндөж гарц шийдэл хайж өнгөрүүлбэл илүү үр дүнтэй гэж харагдаж байна. Мэдээж Үндсэн хууль батлалцсан түүхэн хүмүүсээ хүндэтгэх хэрэгтэй.
Үндсэн хууль үеийн үед орших алтан гэгээт бичээс
М.Мөнх-эрдэнэ
Төгөлдөр хуурч, концертмейстер
Миний бодлоор анхны 7 , их эзэн Богд маань, Их жанжин Д.Сүхбаатар гээд тэр он цагийн хатуу шалгуурт улс эх орныхоо эрх чөлөөт Үндсэн хуулийг бататган анхны хувьсгалаар бий болгож олсон үндсэн эрх эрх чөлөөт Бүгд найрамдах Монгол ард улс гэдэг нэр нэршил томьёололд бүгд багтсанд үнэхээр сэтгэл оюун бодол зүрх сэтгэлээр бахдан баярхаж, орших иргэн болсондоо тун азтайд тооцдог. Үндсэн эрх чөлөөт тусгаар улсын иргэн болсондоо талархаад үгээр хэлэхэд үл дүүрэх сан арвин.
Харин одоо барих засаглалд үндсэн хуульдаа хэт их туйлшрах гар дүрж байгаад санаа зовнидог.
Үндсэн хууль бидний улсын эрх төр ёсны хууль үнэ цэн, үеийн үед орших алтан гэгээт бичээс тул үе удмаараа үнэлж цэнэж эх орон ард түмнийхээ эрх чөлөө ариун газар нутагтаа эзэн болгож тунхагласан их хуульдаа хэзээд бэлхэн журамт сэтгэлээр хандаж ирсэн, ирнэ ,ирэх ч болно.
Эх түүх, эх орондоо хайртай үнэ цэнтэй ард түмэн байгаасай
Л.Баярцэцэг
Зураач
-Бидний үеийнхэн ямар эрх эдэлж, ямар үүрэг хүлээх талаарх мэдлэг дутмаг байдаг. Энэ нь Үндсэн хуулиасаа эхлээд уншиж судлаагүй, мэдлэг мэдээлэл хомс байдагтай холбоотой. Бидний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнолыг тунхагласан хуулиа мэдэхгүйн улмаас бусдад мэхлүүлж, хууртагдаж, хохирч амьдраад байна. Мэддэг нэг нь түүнийгээ буруугаар ашиглаж байна. Тиймээс залуу хойч үедээ Үндсэн хуулийнхаа ач холбогдол, үнэ цэнийг системтэйгээр багаас нь олгуулж, мэдлэгтэй болгох нь зүйтэй. Анхдугаар Үндсэн хуулиа батлаад 100 жилийг элээсэн ч Монголын нийгэмд хуульд заасан эрх, эрх чөлөөгөө эдэлж байгаа зүйл харагдахгүй байна. Бидний өвөг дээдэс туурга тусгаар эрх чөлөөт улс болохын төлөө ямар их хөлс хүч, хөдөлмөр гаргасныг бид мэднэ. Иймд тэдгээр хүмүүсийн ач гавьяаг сэтгэлдээ тээж, өөрсдийнхөө төлөө эх түүх, эх орондоо хайртай үнэ цэнтэй ард түмэн байгаасай гэж хүсдэг.
Хуульгүйгээр бид амьтнаас ялгарахгүй
Ц.БААТАРЧУЛУУН:
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбар хариуцсан дэд захирал
-Үндсэн хууль хүний эрх, эрх чөлөөг хангаж өгдөг. Хуульгүйгээр бид амьтнаас ялгарахгүй. Үндсэн хууль гэдэг бол тухайн тэр хүнийг, нийгмийг бий болгож байгаа хуулийн хамгаалалт гэж ойлгодог. Эрх чөлөө, тусгаар тогтнол, эдийн засаг гээд бүх зүйлийг багтаасан цогц хуулийг Үндсэн хууль гэнэ. Монгол Улсын бүх хууль Үндсэн хуульд захирагдана. Бид Үндсэн хуулиа дээдлэх ёстой. Уншиж судалж үүнийхээ хүрээнд ажиллаж амьдрах ёстой гэж боддог.
Ардын язгуур эрхийг баталгаажуулсан зэргээр хөөрцөглөх хэрэггүй
Г.МӨНХ-ЭРДЭНЭ:
Антропологич, хөгжил судлаач
-Монголчууд өөрсдөө хийсэн бүтээсэн, бичсэн бус 1920 оноос хойш большевикууд монголд тулгах гэж байсан үзэл санааг нэвтрүүлсэн бичиг баримт болсон. Өнөөгийн хүний эрхийн ойлголтоор харах юм бол ард иргэдээ жинхэнэ, жинхэнэ бус ард гэж ангилсан хэцүүхэн зүйлс хүртэл баталгаажсан. Тиймээс 1990 оноос өмнө үнэмлэхүй засгийн эрхийг барьж байсан МАХН-ын суртал ухуулга шиг “ардын язгуур эрхийг баталгаажуулан” гэх зэргээр хөөрцөгдөн бодох гэхэд дутагдалтай зүйлс бий. “Бүгд найрамдах улсаа тунхаглаж” зэрэг нь өнөөх л МАХН-ын суртал ухуулга бүх л албан баримт, сурах бичигт, албан сургалтын агуулгад орсон нь одоо ч хүмүүсийг ухамсарт үлдчихээд байгаа юм. Үнэндээ энэ өдөр монголд Зөвлөлт засаг тогтсоныг албан ёсоор хуульчилж өгсөн бөгөөд Бодоо, Данзан зэрэг цөөнгүй монголчууд тэр бүхний өртөгийг амиараа төлсөн байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 226 (7470)