Р.Оюун

ЗГХЭГ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран "Хүүхдийн эрхийг хангахад орон нутгийн байгууллагын оролцоо, түншлэлийг сайжруулах нь" хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт нийслэл болон 21 аймгийн удирдлага, нийгмийн бодлого, гэр бүл, хүүхэд хөгжил хариуцсан мэргэжилтнүүд оролцож, тухайн орон нутагт тулгамдаж буй сорилтыг хуваалцаж, туршлага судлах, орон нутгийн нөхцөлд хэрэгжүүлж болох практик шийдлүүдийг хоёр өдөр хэлэлцэх юм. Хэлэлцүүлгийн зорилго нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг орон нутагт ямар байгаа. Хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулахад үндэсний болон орон нутгийн түвшинд хэрхэн ажиллах талаар ярилцаж, туршлага солилцох аж. 

Өнгөрсөн онд Статистикийн ерөнхий хороо, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийсэн өрхийн нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжих боломжийн үзүүлэлт хот, хөдөөд ялгаатай хэвээр байжээ. Ялангуяа, аюулгүй ундны усны үйлчилгээний хэрэглээ, сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмж хөдөөд хотынхоос бага хэвээр байна. Мөн хөдөө гурван хүүхэд тутмын нэг нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байна. Тиймээс тэгш бус байдлыг хэрхэн арилгах, хот, орон нутгийг хүүхдэд ээлтэй болгох, хүүхэдтэй холбоотой төсөв, төлөвлөлтийг сайжруулах, нийгмийн салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр ирэх өгөөж, үндэсний болон орон нутгийн хэмжээнд хэрхэн хүүхдийн сайн сайхны төлөө хамтран ажиллах гэсэн сэдвээр санал, мэдээлэл солилцож яриа өрнүүлж байна. Энэ арга хэмжээ арваннэгдүгээр сарын 20 буюу дэлхийн хүүхдийн өдөр болж байгаагаараа онцлог ажээ. Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан энэ өдрийг дэлхийн 190 гаруй улсад тэмдэглэдэг. Хүүхдийг сонсох, хүүхдийн эрхийн төлөө үүрэг, амлалт өгөх өдөр байдаг. Энэ жил "Ирээдүйг сонсье" уриатайгаар тэмдэглэх гэж байна. 

 

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах зөвлөх Т.Батсүх "Нийгмийн салбарын төсвийн шинэчлэл, орон нутгийн төсвийн төлөвлөлт-2025" хүүхэдтэй холбоотой төсвийн талаар танилцууллаа.

Эх сурвалж www.zms.mn