Ч.БЯМБАХАЖИД

 

“Digital Product Conference 2024”  арга хэмжээг “Education to Culture” сэдвийн дор өчигдөр зохион байгууллаа. Дижитал технологи бүтээх боловсон хүчний ур чадвар өнөөдрийн ажлын байрны шаардлагатай хэр нийцэж буй, цаашлаад ажлын байран дээр мэргэшсэн ур чадварууд соёл болтлоо нутагшиж чадаж байгаа эсэх асуудлаар салбарынхан илтгэл хэлэлцүүллээ. Тус арга хэмжээ нь анх 2020-2023 онд Дижитал бүтээгдэхүүний салбарын оролцогч талууд, UXUI дизайнеруудыг чадавхжуулах, салбарын ерөнхий мэдлэгийг тэлэх зорилгоор зохион байгуулагдаж байсан билээ.

 

СЭЗИС-ийн бүрэлдэхүүн инженер технологийн сургуулийн захирал Б.Тулга: Энэ удаад бүтээгчидрүүгээ анхааран ажиллаж байна

-“Энэхүү арга хэмжээ тав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Анх дижитал бүтээгдэхүүний дизайн дээр илүү анхаардаг байсан. Сүүлийн үед үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж дижитал бүтээгдэхүүний хөгжүүлэлт, дижитал бүтээгдэхүүний бизнес дээр анхааран ажиллаж байна. Харин энэ удаагийн онцлог нь дижитал бүтээгдэхүүн хөгжүүлдэг хүний нөөц өөрөө хэрхэн хөгжих ёстой вэ гэдэг үүднээс “Education to Culture” сэдвийн дор зохион байгуулж байна. Боловсорсон хүний нөөц нь бизнесийн соёлд хэрхэн хамрагдаж болох талаар голлон мэдээлэл өгч, санал солилцож байгаа юм. Бид өмнө бүтээгдэхүүн рүүгээ илүү анхаарч байсан бол энэ удаа бүтээгчид рүүгээ анхааран ажиллаж байна. Бүтээгчдийн суурь нь оюутнууд байх ёстой. Ийм учраас энэ жил оюутнууд их оролцож байгаа.

 

“Таван Богд Солюшнс” ХХК-ийн мэдээллийн технологи хариуцсан дэд захирал М.Гантулга: “Хиймэл оюун эрүүл мэндийн салбарт” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ

-“Өнөөдөр голчлон технологитой холбоотой илтгэлүүд тавигдлаа. Тэр дундаа “Ontime Pos”-ийн “Зах зээл дээр амьд үлдэхийн тулд ямар бүтээгдэхүүн хийх хэрэгтэй вэ” гэх сэдвээр ярьсан нь онцлог байлаа. Мөн манай “Таван Богд Солюшнс” ХХК “Хиймэл оюун эрүүл мэндийн салбарт” гэсэн сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Илтгэлийн гол агуулга нь Монгол Улсын эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдал, хиймэл оюуныг яагаад эрүүл мэндийн салбарт оруулах ёстой талаар болон хиймэл оюун, технологийн дэвшлийг ашиглаад эрүүл мэндийн салбарт, иргэдэд ямар нөлөөллийг үзүүлж болох талаар ярьлаа. Технологийн дэвшлийн хувьд байгууллага бүр энэ чиглэлээр хөгжиж, үйл ажиллагаандаа оруулах гэж хичээж байгаа. Гэвч технологийн салбарын хүний нөөцийн хомсдол, шинэ төгсөгчдийн ур чадвар гэх зэрэг зүйлсийг сайжруулах шаардлагатай хэмээн харж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 224 (7468)