З.БАТЦЭЦЭГ
Холливудын жүжигчин Деми Мур энэ долоо хоногт 62 нас хүрчээ. Бага наснаасаа тэрээр эцэг эхийн урвалт, хүчирхийлэл, өөрийгөө үзэн ядах, архидалт зэрэг хэд хэдэн аймшигт үйл явдлуудыг даван туулах ёстой байв. Гэвч хувь заяа түүнд үзүүлсэн бүх аймшигт явдлыг үл харгалзан донтолтоо ялж, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, эрэлттэй, өндөр цалинтай жүжигчдийн нэг болжээ. Деми Мур одоо хэрхэн амьдарч байгаа талаар “Lenta.ru” сайтын мэдээллийг хүргэе.
“Энэ бол хөгшрөлтийн асуудал, нийгмийн дарамт, эмэгтэй хүний дүр төрхийг судлах өвөрмөц арга байсан. Энэ бүхний гол цөм нь бидний өөрсдийнхөө эсрэг хүчирхийлэл, бидний бодол санаа юм. Энэ бол сонголт бөгөөд бид өөр сонголт хийх боломжтой гэдгийг ойлгох асар их хүч байдаг. Үүнийг биет байдлаар дүрсэлсэн нь надад их таалагдсан” гэж Деми Мур “Бодис” кинонд тоглосон дүрийнхээ талаар ярьжээ. Д.Мур “Бодис” киноны зураг авалтаас 5 сая ам.доллар олсон.
“Миний төгс бус түүх” гэж дурсамж номондоо Д.Мур 1990-ээд онд, ялангуяа хоёр дахь охин Скаутаа төрсний дараа хатуу хоолны дэглэм барьж, эрчимтэй дугуй унаж, төсөөлж болох бүх төхөөрөмж дээр дасгал хийдэг байснаа хүлээн зөвшөөрсөн. Тэр үед жүжигчин бүсгүй бэлтгэлээ зогсоох боломжгүй гэдгээ мэдэрсэнээ. “Би өөртөө маш их дарамт учруулсан. Би өөрийнхөө биед юу хийснээ бодохоор л галзуу юм шиг, инээдтэй ч юм шиг” гэсэн юм.
Өнөөдөр олон залуу охид Деми Мурын дүрд атаархаж хардаг ч жүжигчин бүсгүй гоо сайхнаа өөр зүйлээр дэмждэг. Тэрээр хоол тэжээл, дасгал хөдөлгөөнд илүү анхаарлаа хандуулдаг. Тэр шүтэн бишрэгчиддээ хамгийн чухал нь эрүүл байх ёстой гэдгийг ойлгуулхыг хичээдэг. Энэ зарчмын дагуу йог, аэробик, бүжгээр хичээллэдэг бөгөөд хүнсний ногоо, жимс жимсгэнэ, буурцагт ургамал дээр суурилсан веган хоолны дэглэмийг баримталдаг.
Үүнээс гадна Д.Мур архинаас татгалзахаар шийджээ. Тэрээр 20 жилийн турш татгалзаж байсан ч хэсэг хугацаанд шар айраг уугаад түр завсарласан байна. Жүжигчин бүсгүй өөрийн сонголтын мөн чанар нь амьдралынхаа ганц ч мөчийг алдахыг хүсдэггүй гэж мэдэгджээ. Энэ шийдвэр нь залуу насандаа тохиолдсон аймшигт үйл явдлуудтай холбоотой байх.
Дэми Мур дурсамж номондоо эдгээр аймшигт үйл явдалд бүхэл бүтэн бүлгийг зориулав. Тэр дундаа аав, ээж нь архидан согтуурахтай тэмцэж, өр барагдуулагчдаас нуугдаж, байнга нүүж байсан бөгөөд жүжигчин бүсгүйг дөнгөж 12 настай байхад ээж нь амиа хорлохыг завджээ. “Би ээжийнхээ залгисан эмийг гаргах гэж амыг нь ухаж байснаа санаж байна” гэж тэр бичжээ.
Д.Мур өсвөр насандаа аавыгаа гэж бодож хайрлаж явсан хүн нь үнэн хэрэгтээ аав нь биш гэдгийг мэдсэн тухайгаа ярьсан юм. Тэр үед охин өөрийгөө хүсээгүй хүүхэд, амьдрах эрхгүй гэж өөртөө итгүүлсэн байна. Нөхрөөсөө салсны дараа ээж нь Демиг эрчүүдэд зарахын тулд баар руу дагуулан явж эхэлсэн байна. 15 настайдаа түүнийг эдгээр “үйлчлүүлэгчдийн” нэг нь хүчирхийлжээ. “Энэ бол энгийн гэрээ байсан. Тэр намайг 500 долларын янхан гэж дуудсан” гэж од дурсамжиндаа дурджээ.
16 настайдаа Деми сургуулиа хаяж, гэрээсээ явсан байна. Тэрээр Элит загварын агентлагтай гэрээ байгуулж, жүжигчний мэргэжлээр суралцаж эхэлжээ. Тэр үед алдах зүйлгүй учраас л өөртөө итгэлтэй байсан. Яг ийм шалтгаанаар “Нэгдсэн эмнэлэг” киноны зураг авалтын үеэр 19 настай Мур архи, дараа нь хар тамхи хэтрүүлэн хэрэглэж эхэлжээ гэдэг.
Д.Мур 1984 онд “Гэгээн Элмогийн гал” кинонд “бодлогогүй, зугаалагч бүсгүй”-н дүрийг авсан нь түүний тухайн үеийн амьдралын хэв маягийг бүрэн тусгасан байдаг. Гэсэн хэдий ч зураг авалтын өмнө продюсер, найруулагч нь түүнийг нөхөн сэргээх курст хамрагдахыг шаардсан байна. Жүжигчин бүсгүйн хэлснээр энэ бол “тэдний түүнд өгч чадах хамгийн том бэлэг” байв. Тэр цагаас хойш 40 нас хүртлээ тэрээр архи уугаагүй байна.
Өнөөдөр Деми Мур бол хамгийн амжилттай жүжигчдийн нэг бөгөөд түүний хөрөнгө 200 сая ам.доллараар үнэлэгддэг. Түүний их орлого нь жүжигчин, продюсерийн хувьд киноны зураг авалтын ажилд голчлон ордог ч үүнд зар сурталчилгааны гэрээ, үл хөдлөх хөрөнгө чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүүхдүүдийнх нь дансанд бас их мөнгө бий. Бага охин Скаут, Таллула нар тус бүр гурван сая ам.доллар, том Румер дөрвөн сая ам.долларын хөрөнгөтэй.
1980-аад онд Деми “Гэгээн Элмогийн гал”, “Өнгөрсөн шөнө болсон явдал” кинонд тоглосныхоо дараа тэр даруй од гэдгээ хүлээн зөвшөөрөв. Мөн тэрээр “Сүнс”, “Цөөн хэдэн сайн эрчүүд”, “Зохисгүй санал”, “Ил тод байдал” зэрэг хит дүрүүдэд тоглосныхоо ачаар дэлхийн хамгийн өндөр цалинтай жүжигчин цолыг хүртжээ.
Гэсэн хэдий ч 1990-ээд оны сүүлээр Мурын бокс оффисын орлого буурч эхэлсэн. Хэдийгээр тэрээр хамгийн өндөр цалинтай жүжигчин болж, “Стриптиз” кинонд тоглосныхоо төлөө 12.5 сая ам.долларын шагнал авсан ч түүний уран бүтээл үзэгчдэд ч, шүүмжлэгчдийн ч сэтгэлд хүрсэнгүй.
Үүнтэй ижил “Стриптиз” Америкийн кино театрт бүтэлгүйтэж, Мур хамгийн муу эмэгтэй дүрийн Алтан бөөрөлзгөнө шагналыг хүртжээ. Зарим нь түүнд “Gimme Moore” гэсэн хоч өгсөн.
“Стриптиз” киногоор би бүх эмэгтэйчүүдээс урвасан юм шиг, “цэрэг Жейн” киногоор бүх эрчүүдээс урвасан мэт болсон. Гэхдээ хамгийн сонирхолтой нь намайг хамгийн өндөр цалинтай жүжигчин болоход тэд намайг унагахаар шийдсэн. Тэд түрүүлж, эрэгтэйчүүдтэй адил тэгш эрхтэй болсон ямар ч эмэгтэйг ялна гэж бодож байна. Гэхдээ би стриптиз ертөнцтэй холбоотой кинонд тоглосон болохоор маш их ичиж байсан” гэж жүжигчин бүсгүй дараа нь хэлэв.
Д.Мур дараа нь жүжигчний ажлаасаа зодог тайлж, Айдахогийн Хэйли хотод охидоо өсгөхөд анхаарлаа хандуулжээ. Тэрээр зөвхөн 2010 онд зураг авалтдаа бүрэн эргэн орж, “Аз жаргалын нулимс”, “Бас нэг аз жаргалтай өдөр”, “Харгис шөнө”, “Маш сайн охид” болон бусад кинонд тоглосон юм.
Нэмж дурдахад, Деми зар сурталчилгааны янз бүрийн төслүүдээс мөнгө олж, зохиолчийн хувьд 2019 онд түүний намтар дурсамж ном нь Нью Йорк Таймс сонины бестселлер болжээ.
Деми Мур 1987 онд жүжигчин Брюс Уиллистэй гэрлэж, гэрлэх хугацаандаа өөрсдөдөө болон гэр бүлийн гишүүддээ хэд хэдэн байшин худалдаж авчээ. Тэдний хамгийн алдартай нь Нью-Йорк дахь Сан-Ремогийн барилгад хос долоон сая долларын өртөгтэй пентхаус байв. Дотор нь таван унтлагын өрөө, гоёл чимэглэлийн задгай зуухтай зочны өрөө, Төв цэцэрлэгт хүрээлэнгийн панорама бүхий өргөн хоолны өрөөтэй. Стивен Спилберг, Стив Мартин нар тэдний хөрш болсон боловч бүх алдартнууд уг барилгад орон сууц авах боломжгүй байгаа нь анхаарал татаж байна. Жишээлбэл, Мадоннад орон сууц худалдахаас татгалзсан.
2000 онд 13 жил гэрлэсний дараа Деми, Брюс нар салсан. Жүжигчин бүсгүй пентхаусаа авч, 2015 онд 75 сая ам.доллараар худалдаанд гаргажээ. Хоёр жилийн дараа л худалдан авагч олох боломжтой байсан бөгөөд гүйлгээний дүн 45 сая ам.доллар болжээ. Сан Ремо дахь пентхаусын хамт тэрээр Хейли дахь үл хөдлөх хөрөнгө, 2003 онд 3.15 сая ам.доллароор худалдаж авсан Беверли Хиллст харш эзэмшдэг.
Мур, Уиллис хоёрын салалт Холливудын түүхэн дэх хамгийн үнэтэй салалтын нэг хэвээр байгаа бөгөөд эхнэртээ 90 сая ам.доллар бэлнээр болон үл хөдлөх хөрөнгө үлдээсэн байна. Өмч хуваах асуудал ганцхан өдрийн дотор шийдэгдсэн ч алдартнууд дотно найзууд хэвээр үлдэж, хүүхдүүдээ хамтдаа өсгөжээ. Мөн Деми жүжигчний одоогийн эхнэр Эмма Хэминг Уиллис болон тэдний хоёр охинтой халуун дотно харилцаатай байдаг.
Деми Мур гурван удаа гэрлэсэн. Анхны нөхөр нь 1981 онд 18 настайдаа түүнээс 12 насаар ах хөгжимчин Фредди Муртэй гэрлэв. Хэдэн жилийн дараа хосууд салж, алдартан жүжигчин Эмилио Эстевезтэй сүй тавьжээ. Гэсэн хэдий ч тэр удалгүй сүйг цуцалсан. 2003 онд Брюс Уиллисээс салсны дараа Мур өөрөөсөө 15 насаар дүү жүжигчин Эштон Катчертай болзож эхэлсэн. Тэд 2005 оны есдүгээр сард хуримаа хийсэн ч найман жилийн дараа харилцаагаа дуусгажээ.
“Хүүхдүүддээ амьдралынхаа туршид хэлдэг нэг гол зүйл бол цорын ганц бодит тогтмол зүйл бол өөрчлөлт юм” гэж 62 настай од дүгнэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 224 (7468)