Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банкны нэрэмжит “Ажилтай, тэтгэлэгтэй” шилдэг 100 оюутан тодорлоо. 20 дахь жилдээ зохион байгуулж буй энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын их, дээд сургуулиудын 3, 4-р дамжааны 1,500 гаруй оюутан материалаа ирүүлснээс шилдэг оюутнуудаа шалгаруулж, 2024 оны 11-р сарын 14-нд батламж гардуулан “Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт оюутан” хэмээх алдрыг хүртээлээ.

Улс эх орны тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, боловсролыг дэмжих, оюутан залууст санхүүгийн болон тэдний хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд бизнесийн салбараас анхлан “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын 50 гаруй их, дээд сургуулийн мэргэжлийн чиглэл харгалзахгүй 1,800 гаруй оюутанд сургалтын тэтгэлэг олгожээ.

“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 20 дахь жилийн ойн босгон дээр тэтгэлгийн хэмжээг 2,000,000 төгрөг болгон нэмэгдүүлж, тэтгэлэгт оюутан Голомт банканд урилгаар бүтэн болон хагас цагаар шууд ажиллаж эхлэх боломжтой болсон. Энэхүү хөтөлбөрийн тэтгэлэгт оюутан болсноор Голомт академийн хувийн хөгжлийн болон мэргэжлийн сургалт, эрүүл мэндийн хөтөлбөрт хамрагдаж, суралцах хугацаандаа мэргэжлийн ментор, коучингийн удирдлагатай хамтран ажиллах зэрэг олон боломжийг хүртэнэ.

Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” нь үндэсний хэмжээний, нэр хүндтэй хөтөлбөр бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд нийт 200 сая төгрөгийн тэтгэлгийг ийнхүү 100 оюутанд олгосноор тэтгэлгийн үр шимийг хүртсэн шилдэг оюутны тоо 1,900 гаруйд, тэтгэлгийн хэмжээ 1.3 тэрбум төгрөгт хүрлээ.

Сайн сайхныг санхүүжүүлнэ