Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц,боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа хуванцар хог хаягдлыг дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл хэрэгжүүлэгч “ Каритас Чех Репаблик” Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын төслийн менежер, Хүрээлэн буй орчны инженер Б.Санчиргаравыг урьж ярилцлаа.

 

Монгол Улс нэг хүнд ногдох хуванцрын хэмжээгээрээ есдүгээрт бичигдэж байна

Блиц

Батзоригийн Санчиргарав

Төрсөн газар: Ховд аймаг, Мөнххайрхан сум

Боловсрол:

-2015 онд: Сант сургууль

-2019 онд: Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль, Хүрээлэн буй орчны инженер

-2019 онд: ХБНГУ-ын Фрайбергийн технологийн их сургуулийн инженерийн солилцооны хөтөлбөр

Ажилласан байдал:

-2024 оноос-Одоог хүртэл: Каритас Чех Репаблик ОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Төслийн менежер

-2021- 2024 онд: Каритас Чех Репаблик ОУБ- ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Төслийн техникийн зохицуулагч

-2019-2021 он: Грийнтрендс ХХК-ийн Байгаль орчны мэргэжилтэн

 

-Монгол Улс дахь хуванцар хог хаягдлыг дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл Европын холбооны 2.0 сая еврогийн санхүүжилтээр 2020 оноос эхлэн хэрэгжиж энэ онд дуусаж байна. Улаанбаатар хот, Булган аймаг, Хишиг-Өндөр сум зэрэг гурван байршлыг сонгож жишиг тогтоохыг зорьсон. Улаанбаатар хотод хуванцар хог хаягдлын менежментийн үр дүнтэй тогтолцоог бий болгож, дахин боловсруулах үйлдвэрийг хөгжүүлсэн. Булганд орон нутгийн дахин боловсруулах үйлдвэрийг дэмжиж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд туслалцаа үзүүлж ажилласан. Харин Хишиг-Өндөр сумыг Монгол Улсын анхны хог хаягдалгүй сум болгож чадлаа. Төсөл хэрэгжүүлэгч гол байгууллага нь  “Каритас Чех Репаблик” Олон улсын байгууллага. Төслийг хамтран хэрэгжүүлэгч нь “Эко сум”, мөн “Монголын байгаль орчин аюулгүй байдлын төв”, “Монголын тогтвортой хөгжлийн гүүр” ТББ. Монгол Улсын ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах,ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлж ажилласан.

2019 оны судалгаагаар Монгол Улсын нэг хүнд ногдох хуванцрын хэмжээгээр хуванцрын хэрэглээ өндөр арван орны есдүгээрт эрэмбэлэгдсэн. Манай улс хуванцар бүтээгдэхүүн  үйлдвэрлэдэггүй орон хэр нь импортын хэмжээгээр нэг хүнд ногдох нь өндөр болохыг судалгаа харуулсан. Түүнчлэн хог хаягдлыг зохицуулах тогтсон системгүй. 2018 оноос өмнө хуванцар хог хаягдлыг ченжүүд  цуглуулж урд хөрш рүү гаргаж худалддаг эргэлтийн системтэй байсан гэж болно. Тэгвэл 2018 оноос эхлэн БНХАУ хуванцар хог, хаягдал импортоор худалдаж авахгүй гэсэн шийдвэрийг гаргаснаар ченжүүдийн үйл ажиллагаа зогссон. Ингэснээр үнэ хүрэх боломжгүй болсон хуванцар дотоодод хог болж үлдэх эхлэл тавигдсан. Тиймээс дотооддоо ямар нэг аргаар дахин боловсруулахаас өөр аргагүй болсон. Мөн хуванцар хог, хаягдлын зэрэгцээ дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний сав, багалаа,боодол үүнд хамааралтай болсон. Нэгэнт Хятад улс гаднаас хог хаягдал импортлохгүй  болохоор дотоодын үйлдвэрүүд өөрсдөө хуванцраа цуглуулах шаардлага тулгарсан. Хэдийгээр үйлдвэрүүд хуванцраа буцааж худалдан авч эхэлсэн ч ченжүүдэд урагш гаргаснаас ашиг багатай болохоор идэвхтэй цуглуулах нь саарсан. Ингэснээр дахин боловсруулах үйлдвэрүүдэд түүхий эдийн тасалдал үүссэн. Нэг өдөр түүхий эдтэй байсан ч дараагийн өдрүүдэд тасардаг. Ченжүүд хүсэн үедээ дахивраа цуглуулж аваачиж өгвөл үйлдвэр ажилладаг нөхцөлтэй байсан.

 

Ченжүүдэд ашиг бага учраас дахин боловсруулах үйлдвэр түүхий эдээр тасалддаг

-Тэр үед манай төсөл суурь судалгаагаа эхлүүлсэн. Тухайлбал, дахивар дахин боловсруулах үйлдвэрүүд суурилагдсан  хүчин чадлаараа ажиллаж чадаж байна уу, түүхий эдийн хангалт, үйл ажиллагаа тогтвортой эсэхэд судалгаа хийсэн. Ингэхэд түүхий эдийн тасалдлаас шалтгаалж зундаа нэг удаа ажилладаг. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй дүр зурагтай байсан.

Ингээд бид  хамгийн түрүүнд түүхий эдийн нийлүүлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх, үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн, тогтвортой хангах системийг боловсруулсан. Тэгээд түүхий эдийг эх үүсвэр дээр нь ангилах дадлыг олон нийтэд суулгаж энэ чиглэлд хүмүүсийн хандлагад нөлөөлөх нөлөөллийн ажлуудыг хийж эхэлсэн. Цуглуулгыг ченжүүдээр  гүйцэтгүүлэхээр үр дүнгүй байсан учраас бага зардлаар эдийн засгийн  үр ашигтай  цуглуулалтын хувилбар тооцооллыг хийсэн. Хэд, хэдэн хувилбар гаргасан. Тухайлбал, өрх, бүрээс хуванцрын хог хаягдлыг машинаар цуглуулаад явбал их хэмжээний зардал гарахаар байсан. Мөн хороо бүрд хуванцар төвлөрүүлдэг 1-2 цэг бий болговол мөн ямар хэмжээний хугацаа орох, хэдий хэрийн машин, төхөөрөмж шаардлагатай болох вэ гэх зэргээр тооцоо, судалгааг хийсэн. Энэ тооцооллыг хийхдээ  2019 онд гаргасан Улаанбаатар хотын Хог хаягдлын бүтцийн судалгааг ашигласан. Уг судалгаанд нэг хүнд ногдох  хог, хаягдлын бүтцийн зураглалыг гаргасан байсан. Тус судалгааг ашиглаж нэг хүн өдөрт тийм хэмжээний  хуванцар ялгаруулах юм бол тэрхүү ялгаруулсан хуванцрыг цуглуулбал хэдэн хоног хүлээх вэ. Ингэснээр аль бүс, хорооны хогийг ямар хугацаанд хуримтлуулж байгаад  хэзээ очиж авахад тохиромжтой вэ.

Хуримтлагдсан хуванцраа ямар багтаамжтай машин, тоног төхөөрөмжөөр, ямар нөөц зарцуулж тээвэрлэх үү гэх зэрэг шинжлэх ухаанч тооцоолуурыг мэргэжилтнүүдээр хийлгэсэн.

Ингэснээр тухайн дүүрэг, хороо, багийн хог хаягдал, хуванцар хэдий хэрийн хугацаанд хуримтлагдах уу гэдгийг уг тооцоолуурт оруулангуут тодорхой гарч ирнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, “ТҮК”-ийнхан өөрсдийнхөө тээвэрлэж байгаа хорооныхоо хүн амын тоо, байршил зэрэг бүх мэдээллээ оруулангуут тооцоолуур ажиллаж тухайн хорооны хог, хуванцар хуримтлагдах хугацаа, ямар багтаамжтай машинаар хэзээ тээвэрлэх боломжтой зэрэг бүх мэдээлэл нь гарч ирнэ. ТҮК-ууд өөрсдийнхөө бүтээмжийг нэмэгдүүлье гэвэл үүнийг авч ашиглахад бэлэн. Энэ тооцоолуурын загварчлалыг хийсэн манай төслийн нэг үр дүн. Үүнийг манайх Нийслэлийн захирагчийн  ажлын алба хэрэглэх боломжийг нээлттэй үлдээсэн.  Харамсалтай нь энэ хэрэглүүрийг “ТҮК”-ууд хэрэглэх сонирхол байдаггүй. Манай төслөөс хог, хаягдлыг тээвэрлэх үйл ажиллагааг зохицуулахгүй болохоор турших боломжгүй. Аль дүүрэг, хороо багт хэдэн хогийн цэг байх шаардлагатай. Ямар хугацаанд хог ачих тохироо бүрддэг зэргийг бүгдийг тооцож гаргасан.

 

Хогийн цэг дээр их хог аваачих тусам ТҮК-үүд төсвөөс тэр хэрээр их мөнгө авдаг

 

-Тохижилт үйлчилгээний компаниуд энэ хэрэглүүрийг яагаад туршихгүй байна вэ гэдэг шалтгаан нь тэд хогийн цэг дээр аль болох их хэмжээний хог аваачиж хаяснаараа төсвөөс тэр хэрээр их мөнгө авдагтай холбоотой. Нэг үгээр хэлбэл, тэдний ажлын үнэлгээ  их хог ачиж их мөнгө авах. Тэгэхээр “ТҮК”-үүд  хогоо ангилж, ялгаад үйлдвэрт өгөхийг нь өгөх зэргээр багасгаж хаях сонирхолгүй гэсэн үг. Манай төсөл бүтээмж дээшлүүлэх арга зүйн талаас нь энэ мэтээр ажилласан нь ч  хууль эрх зүйн орчинд нь өөрчлөлт хийхгүй бол үр дүн гарахгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс Хог хаягдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал, зөвлөмжийг богино болон урт хугацаанд хэрэгжүүлэх боломжтойгоор боловсруулсан. 

Хог хаягдлын тухай хуульд оруулах гол өөрчлөлт нь хог, хаягдлыг үйлдвэрлэгч буюу импортлогч  бохирдуулагч нь тарьсан хог хаягдлынхаа төлбөрийг барагдуулах зарчмыг тусгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ өөрчлөлтийг даруй хийхгүй бол  Монгол орон даяар тархсан үйлдвэрлэгч, импортлогчийн тарьсан хог улам тэлсээр эцэст нь зохицуулах боломжгүй их хог хуримтлагдах нөхцөл бий болно. Түүнчлэн буцаагаад татах зардал нь дахин боловсруулах үйлдвэрүүдийн олох ашгаас илүү их зардал гарах нь тодорхой. Тиймээс сав, баглаа боодол үйлдвэрлэж ашиг олж буй үндсэн үйлдвэрлэгч нарт эдийн засгийн хариуцлага хүлээх хөшүүргийг хуулиар зохицуулах ёстой. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд  ийм заалт байхгүй учраас байгаль дэлхийд учруулж буй хог, хаягдал ямар ч зохицуулалт, хяналт, хариуцлага хүлээх боломжгүй. Зарим үйлдвэрлэгчид нийгмийн хариуцлагын хүрээнд жижиг оролдлогууд хийж буй ч тэр нь тухайн компанийн бүтээгдэхүүнээ борлуулах, нэр хүндээ өсгөх маркетингийн нэг хэлбэр. Бодит байдал үр дүнгүй.

 

“3R” зарчим гэдэг нь дахин боловсруулалтаас зайлсхийх арга

 

-Хог хаягдлын “3R” зарчим дэлхий нийтэд түгж байна. Үүний гол үзэл санаа нь  хог хаягдлыг багасгах, бууруулах тухай ойлголт юм. Хуванцар зохицуулахад ашиглаж буй шийдлүүдэд хийсэн шинжлэх ухаанч тойм шүүмжээс бидний үйлдвэрлэж, хэрэглэж байгаа энэ их хуванцрыг зохистой зохицуулах бодит шийдэл  дэлхийн хаана ч одоогоор байхгүй. Тэгэхээр хог хаягдлын үндсэн дүрэм “3R”-ыг нухацтай эргэн харах нь нэн чухал байна. Эхлээд хог хаягдлын гарцыг бууруулах,зайлшгүй гарах хог хаягдлыг дахин ашиглах, эцэст нь үлдсэн хог хаягдлыг дахин боловсруулах юм. Харин манай улсын Хог хаягдлын тухай хуульд  хог хаягдлыг багасгах, бууруулах гэсэн үзэл санаа агуулаагүй. Өөрөөр хэлбэл, хог хаягдлыг багасгах талаар ямар нэг хөшүүрэг заалт байхгүйгээс үйлдвэрлэгчид хүссэнээрээ сав, багалаа, боодлыг олон  янзын дизайн загвараар хэвлэж хүссэнээрээ сонгодог. Дэлхий нийтэд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх гарцуудыг ач холбогдлоор эрэмбэлэхэд хамгийн түрүүнд  багасгах хэрэгтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ сав, багалаа, боодолд хог хаягдал болохоор зүйлсийг аль болох бага ашиглах. Эсвэл дахин ашиглах боломжтой жишээлбэл, шил гэх мэт дахин ашиглахад аль болох бага зардал, байгалийн нөөц шаардагдах зүйлсийг сонгон ашиглахыг эрмэлзэх хэрэгтэй. Ер нь дахин боловсруулахаасаа өмнө дахин ашиглах, засаж, сэлбэх зэрэг аль болох багасгах гэсэн арга хэмжээг авч чадах юм бол тэр хэмжээгээр дахин боловсруулахаас илүү үр дүнтэй байх. Энэ алхмыг бизнес эрхлэгчид хэрэв хэрэгжүүлбэл түүнийг нь дэмжих, урамшуулах хөшүүрэг хэрэглэх хэрэгтэй. Учир нь дахин ашиглаж тэр хэрээр хог үйлдвэрлэлтийг багасгах нь дахин боловсруулахаас илүү үр дүнтэй. Ялангуяа хуванцрыг дахин боловсруулах нь дахин ашиглалтаас илүү их эрчим хүч, ус, хүн, хүч, машин, техник зарцуулна гэсэн үг. Хуванцар шатах тусам агаарт дэгдэх химийн хорт  бодис нь дахин ялгарна. Хог хаягдлын менежментийн чиглэлд гол баримтлах зарчим нь хог хаягдлын эх үүсвэрийг аль болох таслан зогсоох, багасгахад  үе шаттай дэмжлэг, хөшүүрэг чухал. Үүний дараа дахин боловсруулах үе шат руу шилжих зарчмыг баримтлахыг “3R” зарчим гэж нэрлэж байгаа юм.

 

Хишиг-Өндөр сум хогоо ангилдаггүй айлын хогийг тээвэрлэдэггүй

 

-Хишиг-Өндөр сумын иргэд хэд хэдэн удаагийн давтамжтай сургалтад хамрагдсанаар хогоо ангилаад урамшуулал авна гэсэн сэдлээр биш хог хаягдлаа ангилах нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд ач тустай гэдгийг ойлгож одоогоор дөрвөн жилийн өмнөх хандлага нь өөрчлөгдсөн. Улмаар хог тээвэрлэх үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Ингэхдээ хогоо ангилж байгаа өрхүүдийн хогийг тээвэрлэнэ. Харин хогоо ангилдаггүй өрхийн хогийг тээвэрлэдэггүй. Жижиг сум учраас Хог хаягдлыг зохицуулах төв нь ашигтай ажиллах боломжгүй. Тиймээс хогийн хураамжийг нэмэх эсвэл төсвөөс татаас гаргах шаардлага үүссэн. Ингээд иргэдээс хураамжийг хэдэн төгрөг болгох уу гэсэн саналыг авахад тэд 7000 төгрөг төлөх боломжтой гэж үзсэн. Өмнөх хураамж нь 2000 төгрөг байсан.

 

Эко төлбөрийн тухай хуультай болох шаардлагатай 

 

-Манай улсын  Хог хаягдлын тухай тухай хуульд таван жил тутамд мониторинг хийж цаашид нэмэлт өөрчлөлт оруулах, санал зөвлөмжийг тусгаад явах зохицуулалттай.  Уг хуульд хамгийн сүүлд 2017 онд зарим нэг өөрчлөлтийг хийсэн. Үүнээс хойш хуулиар 2023 онд хэрэгжилтэд үнэлгээ хийх ёстой. Ингээд манай байгууллага үнэлгээ хийж бохирдуулагчид төлөх зарчмыг хуульд нэмж оруулах хуулийн төслийг боловсруулж зөвлөмжид тусгасан. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж холбогдох судалгааны хамт энэ онд  БОАЖЯ-д хүлээлгэн өгсөн. БОУАӨЯ цаашид энэ хуулийн төслийг үргэлжлүүлэн авч явах уу, сайжруулах уу гэдэг нь тухайн сайдын хүсэл эрмэлзлээс шалтгаалах байх. Бид өнгөрсөн наймдугаар сард хуультай холбоотой хэлэлцүүлэг зохион байгуулсан. “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт  “Эко төлбөр”-ийн тухай хуулийг батлахаар тусгасан байсан. Үүнтэй холбоотойгоор бидний боловсруулж өгсөн хуулийн төслийг дээрх хуулийг батлахад ашиглах боломжтой. Монгол Улсад газрын, усны төлбөрийн тухай хуультай хэр нь Хог хаягдлын тухай хууль мөн Хог хаягдлын төлбөрийн тухай  хууль зэргээр салбарласан хууль хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бохирдуулагчдад ногдуулах төлбөр, хариуцлагын тухай хууль тусдаа байх шаардлагатай. Тодруулбал, Хог хаягдал үйлдвэрлэж байгаа болон сав, багалаа боодлыг ямар хэмжээнд импортолж байгаагаар нь зөвшөөрөгдөх эс зөвшөөрөгдөх зэргээр зааглах. Хэрэв зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрвэл ямар хэмжээний торгууль ногдуулах, зөвшөөрөгдөх хэмжээнд байвал мөн ямар хэмжээнд төлбөр төлөх зэргээр хариуцлага хүлээлгэхийг нарийн тогтоож өгөх шаардлагатай. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэж буй хог хаягдлын хэмжээг нарийн тогтоох  судалгаа шаардлагатай болно. Гэхдээ бүх үйлдвэрлэгчдээр төлбөр төлүүлнэ гэвэл эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай тул аль болох томоохон үйлдвэрлэгчид  төлбөр төлөх нь шударга. Бусад оронд тухайлбал Герман улс төлбөрийг сав, баглаа боодлын өртөгт нь барьцаа байдлаар шингээдэг тогтолцоотой. Жишээлбэл, нэг ундаа худалдаж авлаа гэвэл үнийн дүнгийн 25 цент нь тухайн бүтээгдэхүүний сав, багалаа, боодлыг  цуглуулахтай холбоотой зардал гэдгийг тэмдэглэсэн байх жишээтэй. Хэрэв 25 центээ буцааж авъя гэвэл тухайн хуванцар савыг худалдаж авдаг газар нь өгөөд авах зарчимтай.

 

Дахин ашиглах боломжтой бүтээгдэхүүн бол нэг загварын шил юм

 

-“АПУ” компани архины шил дахин ашиглах угаах технологитой хэдий ч  тухайлсан брэнд бүтээгдэхүүнийхээ шилийг л авах технологитой. Түүнээс биш бүх шилээ буцаан авах боломжгүй. Тэгэхээр хэрэглэгчид аль шилийг нь буцаан авах юм, алийг нь авахгүй юм гэдэг мэдээлэл нь эргэлзээтэй. Шилэн дээр нь тэмдэглэгээ байхгүй. Байсан ч хэрэглэгч анзаардаггүй. Зарим хэрэглэгч цуглуулж хуримтлуулаад аваачиж өгсөн ч ямар нэгэн шалтгаанаар авахгүй гэдэг. Зөвхөн нэг л брэнд бүтээгдэхүүний шилийг авна гэчихээр бусад шил нь яах юм гэсэн асуудал гардаг. Тэгэхээр шил мэт дахин ашиглах бүтээгдэхүүнд тухайн улсууд зөвхөн нэг л стандартын шил ашиглана гэсэн эрх зүйн орчинд загвараар нь зохицуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, манай улсын бүх төрлийн  шилэн савлагаа ийм, ийм загвартай байна гээд журмаар зохицуулчихвал болно. Зөвхөн шошгоороо ялгагддаг. Харин шилэн сав нь тогтсон нэг хэлбэртэй байвал болно.

Түүнчлэн Өмнөд Америкийн “Coco kolo”  компанийн салбарт хуванцар савыг дахин ашиглаж болох хувилбарыг туршсан байсан. Ер нь олон улсад хуванцрын хэрэглээг эрс буруулж аль болох дахин ашиглах бүтээгдэхүүнээр орлуулах тухай яригдаж байна. Дэлхийн хүн амын тоо нэмэгдэх тусам хуванцрын хэрэглээ байнгын өсөлттэй байна. Дэлхийд үйлдвэрлэгдэж буй хуванцрын мэдээгээр 2019 онд 464 сая тоон байсан бол энэ хурдаар явбал 2060  он гэхэд гурав дахин нэмэгдэхээр байгаа. Тэгэхээр энэ өсөлттэй хэрэглээг сааруулахын тулд  Олон улсын хуванцрын гэрээ гэдгийг гаргасан. Дэлхийн II дайны дараагаас хуванцар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн гэж тооцвол ихэнх хуванцрын байгальд задрах хугацаа болоогүй байна. гэсэн үг. 1945,1950 онд үйлдвэрлэгдсэн анхны хуванцар одоогоор 70 орчим жил болж байна гэж үзвэл аль нь ч задраагүй байгальд байна гэсэн үг. Хуванцар байгальд 300, 1000 жилийн дараа задардаг гэсэн тооцоог эрдэмтэд гаргасан. Олон улсын хуванцрын гэрээ энэ оны арван нэгдүгээр сарын сүүлээр Солонгос улсын  Бусанд хамгийн сүүлийн хэлэлцүүлэг болж батлагдах товтой. Өмнө  4-5 удаагийн хэлэлцүүлэг болж улсууд өөрсдийн саналаа тусгуулсан. Зарим чанга заалтуудад зөвшөөрөх,эс зөвшөөрөх орнууд сүүлчийн хэлэлцүүлгээс тодорно. Манай хоёр хөрш энэ гэрээнд нэгдэх, хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байх гэсэн хоригуудад тийм ч таатай хандахгүй байх магадлалтай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 223 (7467)