Д.НАДМИД

Энэ онд Монголын түүхийн ой санамжийг бататгасан түүхэн үйл явдал дэндүү олон байлаа. Түүний нэг нь 104 сум үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоо тэмдэглэн, баяр наадмаа хийсэн нь тухайн сумдын уугуул, суугуул иргэдийн сэтгэл санааг дэврээж, нутгаа гэх бодол юуг нь сэргээсэн юм.

Үндэсний бөх бол монголчуудын үнэт өв уламжлал, түүх, соёлоороо бахархах нэг сэжим байдаг. Тэгвэл баяр наадмын нэг цөм нь юу байдаг вэ гэвэл хүчит бөхийн барилдаан юм. Иймээс манай сонин 100 жилээ тэмдэглэсэн сумдын наадмын бөхийн мэдээг цувралаар нийтэлж байна.

Энэ удаа Дундговь аймгийн Сайнцагаан сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын манлай бөхчүүдийг танилцуулъя.

 

Тус сумын наадамд Улсын харцага Л.Пүрэвжав, улсын начин А.Алтанхуяг нарын улсын 18 цолтон оролцсон 64 бөх зодоглов.

Тэднээс улсын харцага Э.Даш түрүүлж аймгийн заан Ш.Ганбаяр үзүүрлэсэн байна.

Шөвгийн дөрөвт Луус сумын уугуул аймгийн начин С.Лундаа, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн харцага Ч.Чойжилсүрэн нар шалгарчээ.

Энэ наадмын түрүү бөх Эрдэнэбатын Дашийг бөх сонирхогчид андахгүй дээ.

Тус аймгийн Эрдэнэдалай сумын уугуул энэ бөх олон жил амжилттай барилдаж байгаа нэгэн сумын заан байхдаа “Бөхийн өргөө”-нд болсон сумын цолтнуудын барилдаанд хамгийн олон түрүүлсэн гэдэг.

Э.Даш харцага 2008 оноос Д.Дэлгэрбат багшийн секцээс бөх болох гараагаа эхлүүлж  Аварга биеийн тамирын дээд сургуульд сурч төгсгөсөн.

Тэрээр 2014 онд Бүх цэргийн наадамд зургаа даван шөвгөрч “Цэргийн харцага цол хүртэж байсан бол тэр жилээ Дундговь аймгийн баяр наадмаар түрүүлж аймгийн арслан болж байв.

Дараа жил нь Ардын Хувьсгалын 94 жилийн ойн баяр наадамд улсын арслан Б.Ганбаатараар дөрөв, улсын начин П.Баасанхүүгээр тав давж Монгол Улсын начин цолыг хүртсэн юм. Тэр “Бөхийн өргөө”-нд болсон улс, аймгийн цолтон оролцсон бөхийн барилдаанд гурав түрүүлж найман удаа үзүүрлэжээ.

Түүний саяхны нэг гарамгай амжилт нь Монгол бахархлын өдөрт зориулсан өндөр чансаатай 128 бөхийн барилдаанд түрүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” цомыг анхлан гардсан явдал байлаа.

Э.Даш харцага энэ барилдаанд түрүүлэхдээ улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан С.Сүхбат нарыг дараалан өвдөг шороодуулсан юм.

Сумын 100 жилд үзүүрлэсэн бөх Ширхбаярын Ганбаяр, Э.Даш харцагын нэг нутаг буюу Эрдэнэдалайн уугуул юм билээ.

Энэ залуу өмнө нь аймгийн начин цолтой байх үедээ 2022 онд Дундговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоор тун сайхан барилдсан ч дөрөвт үлдэж байсан бол Дундговь аймаг байгуулагдсаны 82 жилийн, Сайнцагаан сумын 100 жилийн ойн баяр наадамд үзүүрлэж наадамч олныг баясгажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 222 (7466)