Ц.МЯГМАРБАЯР

 

Дэлхийд газар сайгүй нүүрлэж буй хог хаягдлын асуудлыг зөвхөн тухайн улс дангаараа шийдэх боломжгүй нөхцөл үүсжээ. Тиймээс улс бүхэн үндэсний хэмжээний бодлого боловсруулж мөрдөхийн зэрэгцээ дэлхий дахинд хамтарсан шийдэл хэрэгтэй болоод байна. Хамтарсан шийдлүүдийн нэг нь “Олон улсын хуванцрын гэрээнд” Монгол Улс нэгдэх нь том боломж. Энэ нийтлэлийн эхний хэсгийг 2024 оны “Зууны мэдээ” сонины 2024 оны арван нэгдүгээр сарын 13- ны дугаарт гарсан билээ. Үргэлжлэлийг хүлээн авна уу?

 

Хуванцрыг үйлдвэрлэхэд 16 мянга гаруй химийн бүтээгдэхүүн ашигладаг

 

Хуванцарт хүний эрүүл мэндэд хортой химийн бүтээгдэхүүн орсон байдаг. Хорт хавдар үүсгэдэг, дотоод шүүрлийн булчирхай үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг болохыг тогтоосон. 99 хувийг нь газрын тос буюу шатах тослох материал болох байгалийн хийнээс гаргаж авдаг. Газрын тосыг олборлох, үйлдвэрлэх үе шат бүрд  химийн бодис хэрэглэдэг. Энэ утгаараа хүүхдийн тоглоомоос эхлүүлээд бүхий л эд хэрэглэлд химийн бодис орсоор байна. Дэлхийд нэгдсэн зохицуулалт байхгүйгээс хэн дуртай нь ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж юу ч хамаагүй хольж үйлдвэрлэж байна. Энэ нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах болдоггүйтэй холбоотой. Энэ бүгдийг энэ гэрээгээр зохицуулах боломжтой. Ингэснээр хуванцарт ордог полимер гэх мэт аюултай анхаарал  татсан химийн бодисуудыг бүтээгдэхүүнээс бүрэн таних, ашиглалтаас гаргах, мөшгөх ил тод стандартыг бий болгох юм. Үйлдвэрлэгч энэ мэдээллээр хангахгүй бол зах зээлд нийлүүлэхгүй байх зарчмыг мөрдөнө гэсэн үг. Түүнчлэн нэн шаардлагагүй төвөгтэй, асуудал дагуулдаг бүтээгдэхүүн материалыг халах шаардлагатай. Тухайлбал, нэг удаа хэрэглээд хаядаг хуванцрууд үүнд багтана.

 

Хүний тархинаас бичил хуванцар илэрчээ

 

 Мөн сүүлийн судалгаагаар хүний тархинаас бичил хуванцар илэрсэн байна. Хуванцар байгальд маш ихээр задардаг онцлогтой. Задрах бүрдээ жижиг, жижиг бичил хуванцар бодлог аж. Нүдэнд үзэгдэж буйг нь бичил, үзэгдэхгүйг нь нано хуванцар гэж нэрлэдэг ажээ. Эдгээр нь хүний биед амьсгалын зам болон арьсаар нэвчиж орно. Дэлхийд 15 цогцсоос бичил хуванцар илэрсэн аж. Мөн ходоодноос ч илэрчээ. Бичил хуванцрын ширхэглэгийн дийлэнх нь хувцсаар дамждаг. Хүнээс ялгарч буй нус, цэр,  цус, шээс зэргээс ялгардаг байна. Хуванцар хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар олон улсад судалсан байна. Эдгээр судалгааг үндэслэж Олон улсын хуванцрын гэрээгээр бичил хуванцрын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзжээ. Мөн зарим хуванцарт санаатайгаар бичил хуванцар нэмдэг талаар судалгаа харуулсан. Тухайлбал, гоо сайхны бүтээгдэхүүн болон шүдний 00 зэрэгт нүүрийг нь толигор болгоно, шүдийг цайруулна гэх зэргээр. Түүнчлэн газарт тариалангийн салбарт бордоонд нэмэлт бичил хуванцрыг санаатай хийдэг аж. Бордоог хөрсөнд удаан нэвчүүлэхийн тулд. Ингэхдээ бичил бөмбөлөгт шингээдэг. Энэ үйлдэл нь өөрсдийгөө санаатай хордуулж буй үйл ажиллагаа. Тиймээс эдгээр санаатай болон санамсаргүй байдлаар үйлдвэрлэлд ашиглаж байгаа үйлдлийг таслан зогсоох зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлага үүсжээ. Орлуулах бүтээгдэхүүн,өөр бусад хувилбар зэрэг зохистой арга замыг хөгжүүлж бичил хуванцрын бохирдлоос эх үүсвэр дээр нь болон хуванцрын амьдралын мөчлөгийн туршид урьдчилан сэргийлэх хэрэгтэй болжээ.

 

Шатаах технологи хог хаягдлыг бууруулах шийдэл биш

 

Хог хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэнэ гэдэг ойлголт олон нийтийн дунд эерэг мэдээ байсаар байна. Тэгвэл шатаах технологи хүн төрөлхтөнд хамгийн хортой шийдэл болсныг энэ гэрээгээр мөн хязгаарлах болж буй юм. Химийн хортой олон нэгдэл агаарт дэгдэх нь хүн, байгальд хор хөнөөлтэйг олон судалгааны байгууллагуудын тайлан нотолсоор. Халахаараа хуванцар сав, гялгар уут болон бусад хуванцар зүйлс их хэмжээгээр урвалд орж дотор байгаа химийн бодисыг ялгаруулдаг. Тиймээс хуушуур болон бусад хүнсний зүйлээ гялгар уутанд халаалгаж авч явснаар нүдэнд үл үзэгдэх бичил хуванцартай нэгдэлд орж улмаар бидний амаар ордог байх нь. Сүүлийн үед шүүлтүүртэй шатаадаг, утааг нь тунгалаг болгож байна гэх мэт технологиуд гарч ирлээ гэж байгаа боловч энэ нь бүр ч илүү хортойг судалгаа харуулсаар байна. Өөрөөр хэлбэл, шатаах үйл явцад дэгдэмхий үнс, ёроолын үнс гэж ялгардаг аж. Энэ нь хоёулаа хортой. Эргээд аюултай хог хаягдлаа хэрхэн устгах гээд бас л асуудалтай. Энэ мэтээр дагаж ирдэг сөрөг үр дагаврыг нь ойлгох мэдлэг олон нийтийн дунд дутмаг байгаагаас бид гарах гарцгүй хавханд орж буй юм. Мөн шатаах үйлдвэр  өндөр зардалтай. Засгийн газар дангаараа шийдвэрлэхэд боломжгүй. Дагалдаж гарах алдагдал, осол аваар, асуудал их байгааг ч бусад орны туршлага харуулсаар. Япон зэрэг улс байж болох бүх аргаа хэрэглээд өөр ямар ч сонголтгүй учраас  учраас шатаадаг. Европын орнуудын гаргасан  шатаах үйлдвэр шинээр барих, санхүүжүүлэхийг хориглосон шийдвэрийг бид давтах ёсгүй. Ийм төрлийн саналд мэдээлэлтэйгээр татгалзах хэрэгцээ үүсэж байна. Шатаах үйлдвэрийн “ Улаанбаатар” төсөл хэрэгжих гэж буйг бүгд эсэргүүцэх нь зайлшгүй юм. Агаарын бохирдол дээр нэмээд шатаах үйлдвэр байгуулагдана гэдэг байж болохгүй. Энэ гэрээнд Монгол Улс нэгдсэнээр гэрээний үндсэн заалтуудыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн хараат бус үнэлгээний байгууллагууд оролцсоноор гэрээний хэрэгжилт хангагдана. Энэ гэрээний заалтуудыг зөвшөөрөх, эс зөвшөөрөх, улс бүр өөрийн саналуудаа оруулах  4-5 удаагийн олон улсын хэлэлцүүлэг өрнөсөн. Хамгийн сүүлийн хэлэлцүүлэг ирэх онд Солонгос улсад болж гэрээг батлах юм. Ингэснээр энэ гэрээнд хэдэн орон нэгдэх, гэрээний заалтуудыг ямар байдлаар мөрдөх вэ гэдгээ тогтох ажээ. Монгол Улс одоогоор хоёр удаагийн хэлэлцүүлэгт орж сүүлийн хэлэлцүүлэгт саналаа оруулаад байгаа юм байна.

 

Гэрээнд нэгдсэнээр санхүүжилтийн механизм ч чухал болох нь

 

Энэ гэрээнд нэгдсэнээр дагаж мөрдөх олон заалтуудыг зайлшгүй дагаж мөрдөх хэрэгтэй болно. Харин манай улс үүнд бэлэн үү. Санхүүгийн механизм ямар байх вэ гээд аливаа гэрээг дагаж мөрдөхөд мэдээж мөнгө хөрөнгө шаардагдана. Мөн зохицуулалт, эрх зүйн өөрчлөлт гээд олон асуудал тулгарна. Тэгэхээр үүнд тохирсон тусгайлсан санхүүгийн механизм байх шаардлагатай. Хөгжиж буй болон хөгжил буурай орнууд руу чиглэсэн санхүүгийн эх үүсвэрийг хялбарчлах,санхүүжилтийн дорвитой арга замыг хөгжингүй орнуудаас бүрдүүлэхийг зорьж байна. Энэ механизм нь “тэг” хаягдлын  зарчмыг баримтлах хог хаягдлаас урьдчилан сэргийлэхэд голлон анхаарах ёстой гэж үзжээ. Түүнчлэн энэ гэрээний харьяанд хараат бус шинжлэх ухааны олон талт холбоог, байгуулж ашиг сонирхлын чанд хатуу бодлоготойгоор зохицуулах юм байна. Эцэст нь хуванцрын үйлдвэрлэлийг дэлхий даяар эрс бууруулж хүн, байгалийн эрүүл мэнд, өнөөгийн болоод ирээдүйн иргэдийн эрхийг хамгаалж эх дэлхийн хил хязгаарыг хүндэтгэн дээдлэхтэй  тулгарчээ. Ирээдүйд зохицуулах боломжгүй хог хаягдал, хуванцар үүсэхээр байгааг сануулсаар. Бичил хуванцрын асуудал дэлхийд ийнхүү хурцаар яригдаж буйг “Олон улсын хуванцрын конвенц, түүний Монгол улсад үзүүлэх үр нөлөө” сэдэвт хог хаягдлын менежментийн сүүлийн үеийн чиг хандлага, сорилт, шинэ санаачилгуудын талаар мэдээлэл хүргэх, санал солилцох цахим хурлын үеэр онцолсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 222 (7466)