С.УРТНАСАН

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн нэгдсэн группийн төлөөлөл өнөөдөр “Үндэсний мэдээллийн төвд”-д хэвлэлийн хурал хийлээ. Тэд сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын чанар муу, асран хамгаалагч нарт тулгамдаж буй санхүү мөн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгэм дэх ялгаварлан гадуурхалтын талаар мэдэгдсэн юм.

Энэ үеэр 29 дүгээр сургуулийн эцэг эхийн зөвлөлийн дарга Ц.Алтанзул: Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрх зөрчигдсөөр байна

-Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдсөөр байна. Сонсож чадахгүй хүүхдүүд дэлхийн жишгээр хараан дээрээ суурилан сурч боловсрох эрхтэй ч энэ нь манай улсад хэрэгжихгүй байгаад харамсаж байна. Сонсголын бэрхшээл дотроо олон төрөлтэй боловч огт сонсохгүй гэсэн өрөөсгөл ойлголт байсаар байна. Энэ талаар аймаг, хот, сум, дүүргийн эмч нарт сургалт явуулах шаардлагатай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулна гэсэн ч хүртээмжгүй байгаа. Сонсголгүй, сул сонсголтой, дунгийн суулгацтай хүүхдүүдэд хүртээмжийн асуудал байсаар байна. Олон хүүхдийн дунд тэгш хамруулгаар ороход дуу чимээг ялгаж чадахгүй, багш нь тулж харьцах боломж бага учраас бидний хүүхдүүд хуулан бичлэг хийгээд сууж байгаа. Сургууль өдөр өнжүүлэх газар биш, сурах бичгээс эхлээд суралцахад ашиглах техникээр хангагдах хэрэгцээ үүсээд байна “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг Ерөнхийлөгчийнхөө ивээл дор авна уу” гэсэн хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүлж сурч боловсрох эрхээр хангадаг тэр жишгээр явах хүсэлтэй байгаагаа сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн өмнөөс хүсэж байна гэв.

29 дүгээр сургуулийн эцэг эхийн төлөөлөл н.Лхамсүрэн: Нийгэмд энэ хүүхдүүдийг гадуурхдаг хандлага их анзаарагддаг

-Миний хувьд дунгийн суулгацтай хүүхдээ асраад долоон жил болж байна. Ийм хүүхдүүдийн хувьд асаргаа их шаардлагатай, дархлаа султай, эмзэг байдаг учраас түүнийгээ илэрхийлэх чадваргүй байдаг. Тиймээс олон жилийн хугацаанд энэ мэдлэгт суралцсаар явна. Хүүхдээсээ холдож чадахгүй ч хийж бүтээхийг хүссэн олон зүйлээ бага багаар хийсэн ч хангалтгүй байдаг. Төрөөс тусалж дэмжээд энэ хүүхдүүдийн боловсролд анхаараасай гэж хүсдэг. Нийгэмд сонсголын бэрхшээлтэй хүүхдийг гадуурхдаг хандлага их анзаарагддаг. Тухайлбал, манай хүүхэд тавдугаар анги байх ёстой ч хоёрдугаар ангийн мэдлэгтэй байсан учраас үеийнхнээс нь бага хүүхдүүдтэй суралцуулахаас санаа зовоод өөрөө тусалж дэмжинэ гэж гуйснаар дөрөвдүгээр ангид оруулсан. Дунгийн суулгацтай хүүхдийн сонсох чадварыг тестэлж бодитой судалгаатай дүгнэлтийн хариу мэдээллийг тухайн хүүхдийн асран хамгаалагчдад өгдөг байх шаардлагыг ЭМЯ-нд хүргүүлж байна гэж байлаа.

Эх сурвалж www.zms.mn