О.ГЭРЭЛТ
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп энэ жилийн сонгуулийн хувьд сүүлийн гол муж болох Аризонад ялалт байгуулжээ. Ассошиэйтед Пресс (AP) Бүгд найрамдах намаас нэр дэвшигч саналын хуудасны 87 хувийг тоолсны дараа тус мужид 52,6 хувийн санал авч, Ардчилсан намын өрсөлдөгч Камала Харрисыг 6,2 хувийн саналаар илүү байгааг мэдээлсэн байна. Хэдийгээр саналын хуудсыг гүйцэд тоолж дуусаагүй байгаа ч одоогийн зөрүү нь энэ муж дахь сонгуулийн үр дүнг албан ёсоор хүлээн зөвшөөрөх боломжийг олгож байна гэсэн байна.
Аризона дахь ялалт нь хэд хэдэн шалтгааны улмаас Трампын хувьд чухал гэдгийг америкийн хэвлэлүүд бичжээ. Нэгдүгээрт, 2020 оны сонгуульд Америкийн одоогийн удирдагч Жо Байден энэ мужид ялалт байгуулж байжээ. Тиймээс Аризона нь “хөх”, “улаан”-ны алин руу нь ч савлаж мэдэх "дүүжин" гэдэг ангилалд багтаж байсан. Хоёрдугаарт, Аризонагийн ялалт нь Бүгд найрамдах намаас нэр дэвшигчид 11 санал нэмж, сонгуулийн коллщгийн нийт 312 саналтай болж байна. Энэ дүн нь Дональд Трампын хувьд болон 1992 оноос хойш Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн бүх хүний хувьд дээд амжилт болж байна.
Невада мужид Трамп ялалт байгуулсан нь 2024 оны арваннэгдүгээр сарын 8-нд тодорхой болсон. Энэ нь Америкийн хэвлэлүүдийн хувьд бас нэгэн онцлох мэдээ байсан билээ. Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид энэ мужид 20 жил ялж байгаагүй аж. Тодруулбал, хамгийн сүүлд 2004 онд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Жорж Буш төрийн эрхийг авч байжээ.
Эх сурвалж: www.polit.mn