Европын Зөвлөлийн тэргүүн Чарльз Мишель АНУ-ын сонгуульд ялалт байгуулсан Дональд Трампад баяр хүргэж, Европын холбоо энэ чигээрээ явна гэж мэдэгджээ. Тэрээр энэ тухай X (хуучнаар Twitter) дээр бичжээ.

"Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампад баяр хүргэе. ЕХ, АНУ хоёр хүчтэй эвсэлтэй, түүхэн харилцаатай. Холбоотнууд, анд нөхдийнхөө хувьд ЕХ бидний бүтээлч хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. ЕХ нь стратегийн мөрийн хөтөлбөрийнхөө дагуу энэ чиглэлээ үргэлжлүүлнэ. Дүрэмд суурилсан олон талт тогтолцоог хамгаалахын зэрэгцээ хүчирхэг, нэгдмэл, өрсөлдөх чадвартай, бүрэн эрхт түнш байна" гэж тэр бичсэн байна. 

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Украйны Ерөнхийлөгч В.Зеленский, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Литвийн Ерөнхийлөгч Гитанас Науседа, Латвийн Ерөнхийлөгч Эдгарс Ринкевич, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, Австрийн Канцлер Карл Нехаммер нар зэрэг дэлхийн олон улс орны төр засгийн тэргүүнүүд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трампад баяр хүргэсэн байна.