Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өв соёл” буландаа ардын урлаг судлаач, МУИС-ийн докторант, Соёлын тэргүүний ажилтан С.Дуламсүрэнг урилаа.

 

-Монгол өв соёлын нэг хэсэг болсон ардын дууны онцлогоос яриагаа эхлэх үү?

-Монголчууд  арвин соёл уламжлал, ёс заншилтай. Судлаачдад одоогоор 760 гаруй төрлийн өв соёл танигдаад байна. Түүний нэг нь ардын дуу юм. Ардын дуу нь монголчуудын ахуй амьдралаас урган гарч, аман уламжлалаар өвлөгддөг биет бус соёлын өв. Аялгуунаасаа хамаараад уртын болон богино гэж хуваагддаг. Харин агуулгаар нь ёст, төрт, зарлигт гэж гурав ангилж байсан юм билээ. Хамгийн анх 1732 онд түүвэр хэлбэрээр монгол ардын гурван дуу тэмдэглэгдсэн байдаг. Монголчууд бид эртнээсээ байгаль дэлхийтэйгээ шүтэлцээ холбоотой амьдарсан, нүүдэлчин улс болохоор дууны утга агуулга түүнийгээ дагасан байх нь элбэг. Уул ус, байгаль дэлхийгээ магтсан, эцэг эхийн энэрэл хайрыг илэрхийлсэн, ертөнцийн мөн чанарыг таних гэсэн гүн ухааны агуулгаас гадна хүн төрөлхтний мөнхийн сэдэв хайр дурлалын тухай дуулдаг. Харин нийгэм цаг үеийн нөлөөгөөр суурин соёлд шилжсэн тэр үед хүрээ дуу үүссэн. Энэ нь ардын богино дууны нэг төрөл бөгөөд донж маягийн хувьд ялгаатай. Миний хувьд энэ чиглэлийн судалгаан дээр илүү төвлөрч байна.

-Хүрээний ахуй амьдрал, соёлын онцлог нь хүрээ дууны аянд хүртэл шингэсэн байдаг. Түүнийг таны хувьд хэрхэн судалдаг вэ?

-Хувь хүний сонирхлоос хамаараад судалгаа бүр харилцан адилгүй байдаг. Ахмад буурал, малчин ардаас материал цуглуулж, дүн шинжилгээ хийж болно. Харин миний хувьд “Бөмбөгөр ногоон” театрт дуулагдаж, радиогийн алтан фонтод үлдсэн хүрээ дуун дээр ажилладаг. Ихэвчлэн Их хүрээ, Нийслэл хүрээнд зохиогдсон болон дуулагдаж байсан дуунууд энэ төрөлд хамаардаг. Жишээлбэл, 1925 онд Оросоос хүрээнд онгоц орж ирэхэд түүнийг танин мэдэх гэсэн сэдлээр “Монгол самолёт” ардын дуу зохиосон байдаг. Монголчуудын нэг онцлог бол цэцэн билиг сайтай, явуут туурвил өндөртэй хүмүүс. Тиймээс ахуй амьдрал, ёс уламжлал, соёлын онцлогоо шингээсэн олон дууг туурвижээ. Хүрээ бол сайн, муу хосолсон их хөлийн газар. Иймд хүрээ хүүхний хэв маягийг шингээсэн унагаж, шидсэн нугалаатай аялгуу элбэг. Хүрээ дууг дуулж явсан “Бөмбөгөр ногоон” театрын уран бүтээлчид хожим нь “Эртний сайхан” чуулга байгуулж, миний бие зургаан жил ажиллах боломж тохиосон юм. Чуулгад ортол Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Г.Хайдав, Д.Жамъянжав, Ц.Дашдулам тэргүүтэй домог болсон эрхмүүд угтан авч, олон сайхан зүйлийг зааж сургасан. Тэр хүмүүсээс сонссон, мэдсэн бүхнээ түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн уламжлуулах ёстой гэж боддог. Энэ хугацаанд олон эх сурвалжаас цуглуулсан  зургаан мянга гаруй ардын дуу урын санд минь бий.

-Та баялаг урын сантай юм. Энэ бүхнийг түгээн дэлгэрүүлэх, таниулахад хэрхэн анхаардаг вэ. Уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг уу?

- Ардын дууны ая нь аргадаж, үг нь сургадаг. Үндэстэн, угсаатныхаа соёлын сэтгэлгээний тусгал болсон ардын дуугаа хүн бүр аялдаг байвал сайхан. Гэвч энэ сайхан өв соёл залуучууд гэлтгүй нийгэм даяараа мартаж байна. Ард түмэн гэлтгүй уран бүтээлчдээ харахад  50-60 дууны дунд эргэлдээд байгаа нь харамсалтай. Би “Хүрээ дуу” пэйжээрээ дамжуулж мартагдсан дуунуудыг сэргээх зорилготой бичлэг тавьдаг юм. Гэтэл ажиглаад байхад “Хулсан ташуур”, “Цэнхэрлэн харагдах уул” зэрэг нийтлэг гэж бодсон дууг хүртэл мэдэхээ больсон байна. Энэ бүхнийг ард түмэнд хүргэх гүүр нь уран бүтээлчид байдаг. Гэвч дуучид маань эрэл хайгуул хийхгүй, дууныхаа түүх домог, утга учрыг таниулахгүй байна. Олны сонорт хүрсэн нийтлэг дууг олон янзаар дуулахыг илүүд үзэж байна. Ардын дуугаа үнэхээр сайхан дуулдаг уран бүтээлчид манайд байна. Тэд яг одоо залуучуудын сонирхол татаж байгаа энэ үедээ бага зэрэг соён гэгээрүүлэх зүйл хиймээр байгаа юм.  Гэвч судлаачдаас, мэддэг хүмүүсээс асуудаггүй. Хэрэв асуугаад сураглаад, ийм мартагдсан дуу дуулах гэсэн юм танд байна уу гээд эрэл хайгуул хийгээд, зүрх сэтгэлээ зориулаад ирвэл өөрийн мэддэг бүхнээ дуртай  заагаад өгнө.

-Сүүлийн үед ардын урлагаа залуучуудад хүргэхийн тулд ая данд нь бяцхан өөрчлөлт хийж дуулах болсон. Энэ нь нийгэмд хүрэх талаасаа сайн боловч, өв соёл талдаа өөр зүйл дагуулдаг болов уу?

-Залуучуудын таалалд нийцүүлэхийн тулд доргио, хөнгөн хэмнэл нэмж, хөгжмийн найруулга хийж байгаа нь буруу зүйл биш. Гэхдээ түмэн олны мэддэг, нийтийн хүртээл болсон дууг өөр хэлбэрээр дуулаад байгаа юм. Үнэхээр нийгэмд ардын дуугаа хүргэе гэсэн бодол байвал өмнө хэлсэнчлэн мартагдсан дууг яагаад сэргээж болохгүй гэж. Жишээлбэл, “Сээхэлзүүр” гэж ийм дуу байдаг юм байна. Өөрийн  толгойгүй, хүний үгээр үг хийж явж болохгүй гэсэн утга агуулгатай гээд таниулаад явбал ач холбогдол нь үүндээ оршиж байгаа юм. Ардын дуу гэдэг нутаг нутгийн онцлогоос хамаараад бага зэрэг аяны зөрүү гардаг. Харин ард түмэнд ямар дуучны, ямар хувилбараар илүү хүрсэн байна түүнийг зөв гэж боддог. Аяыг нь эрс гуйвуулаагүй л бол буруу өгөх боломжгүй. Харин үгийг бол зөв дуудах хэрэгтэй. Ахуй амьдралаас урган гарсан ард түмний дууг түмэн олноороо аялаад явах ёстой болохоос тайзан дээр дуулж мөнгөний хэрэгсэл болгож байгаа нь нэг талын буруу санагддаг. Урлаг нийгэмд найман үүрэг гүйцэтгэдэг. Хүмүүжүүлэх, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх зэрэг үүрэг нь нийтэд хүрэхгүй бол тоогүй.

-Хүн бүр өв соёл, ардын урлагаа мэддэг байх нь чухал. Та тэрхүү өвлөн уламжлагч нарт хандаж юу хэлмээр байна? 

-Өв гэдэг нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн мөр дээр мөнхөд өвлөгдөх боломжтой зүйлийг хэлээд байгаа юм. Соёлд муу муухай зүйл байх ёсгүй. Дуу бол соёлын нэг хэсэг. Тиймээс муухай утга агуулгатайг нь дуу гэж үзэх боломжгүй болоод байгаа юм. Сайн, муу хосолсон амьдралаас дуу хэдий бүтдэг ч орчин үеийн эрээ цээргүй, хараалын үг хэллэгтэй бүтээлийг дуу гэж үзэх боломжгүй. Тэрийг сонирхох хүмүүс байгаа ч энэ нь түр зуурын үзэгдэл. Бид дэлхийд соёлоор засагладаг. Хүнээр зүйрлэвэл тухайн үндэстний өв соёл нь толгой буюу зулай дээр нь байдаг. Иймд өв соёлоо мэддэг, таниулдаг, хэрэглэдэг байх нь хамгийн чухал юм. Улс орон оршин тогтнохын гол баталгаа үүнд л оршдог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 215 (7459)