О.ЭНХЖИН

 

Эртний Египетийн Кушийн хаант улс буюу одоогийн Судан улсын гүнж “Та-Кр-Хб”-ын шарил нь 1936 оноос хойш Пертийн музейн хамгийн үнэ цэнэтэй түүхэн үзмэрийн нэг байсаар ирсэн. Тэгвэл одоо хиймэл оюун ухааны тусламжтайгаар 2500 жилийн өмнө занданшуулсан уг эмэгтэйн дүр төрхийг амилуулжээ. Сэргээн засварлах ажилд оролцсон шинжээч, мэргэжилтнүүд түүнийг эртний  Дээд Египетийг хүртэл эзлэн авсан дэлхийн хамгийн том эзэнт гүрний нэг болох Кушийн хаант улсаас гаралтай хар арьст эмэгтэй гэж үзээд байгаа юм.

Антропологич, шүүх эмнэлгийн зураач Доктор Крис Ринн уг эмэгтэйг эртний Эгипетийн хүн мөн ч тэр үеийн Кеметикчүүдийн нэг байсан гэж үзэхгүй байгаа юм. Тэрээр Observer сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Гавлын хэлбэр нь миний өмнө нь харж байсан эртний египетчүүдийн гавлын ястай огтхон ч төсгүй юм. Кеметикчүүдийн гавлын яс нь нарийн, өргөн хамар, урт нүүрний хэлбэртэй байдаг” хэмээжээ. Эмэгтэйн шарил дээр сийлсэн иероглиф бичигт түүний нэрийг "Та-Кр-Хб" буюу "Такерхеб" гэж буулгажээ. Шүдний цоорол, бутралаас нь болж насыг нь оновчтой таамаглаж чадахгүй  байгаа ч Такерхебыг 30 гаруй настайдаа нас барсан гэж үзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, 25-26 дахь хаант улсын үед (МЭӨ 760-525 он) амьдарч байсан язгууртан удмын эмэгтэй эсвэл гүнж байсан байх магадлалтай гэж дүгнээд байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 30 (7454)