Гэрэл зургийг Л.НОМИНГЭРЭЛ

16 дугаар сургуулийн зургаадугаар ангийнхан сургуулиасаа 500 метрийн зайд түрээсийн байранд хичээллэж байна.​​​​​​
Гэтэл эдгээр ангиуд түрээсийн байрандаа тавих ширээ сандалгүй учраас хичээл эхлэхийн өмнөхөн 11 дүгээр сургуулийн агуулахаас хэрэглэхгүй болсон ширээ сандлыг багш нар нь очиж авчран эцэг эх, сурагчидтайгаа хамтран цэвэрлэж тавьжээ.
Энд дэлхийн жишиг, олон улсын стандарт, боловсролын хөгжил дэвшил ярих илүүц юм. Харин агааргүй ангид удаан сууснаар толгой нь өвдөж, дотор нь муухайрч, ухаан алдаж унахгүй шиг хичээлдээ суух тухай, олон хүүхдийн амьсгалаар дамжин ханиад хатгаа тусчихгүй, харшил нь сэдэрчихгүй суралцах тухай л яриа байна. Ерөөсөө стандартад нийцсэн анги танхимаар хангагдах хамгийн анхдагч эрхээ эдэлж чадахгүй байгаа хүүхдүүдтэй сурлагын чанар яриад ч нэмэргүй.
Түрээслүүлж байгаа компанийн хувьд хана барих, ариун цэврийн өрөө зэргийг шинээр хийж чадахаараа тохижуулж өгсөн. Гэхдээ сургалтын зориулалтаар баригдаагүй барилга учраас ганцхан цонхтой танхимд нэг ангиа оруулсан. Тэр ангид хүүхэд өдөржин сууж хичээллэх нь битгий хэл ороод гарч буй багш бидэнд ч нүд халтирам. 

2024-2025 оны хичээлийн жил нийслэлийн хэмжээнд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж буй 30 сургууль байна. Эдгээр 30 сургуулийн 493 бүлгийн 17575 хүүхэд түрээсийн байранд суралцаж байна. Түрээсийн байрны зардалд улсын төсвөөс 8.7 тэрбум төгрөг зарцуулжээ.
Энэ түрээсийн байранд хичээллэж байгаа сурагчид стандартад нийцэх нь байтугай эвгүй хөдөлбөл эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж болохуйц ширээ сандал хэрэглэж байна.
​​​​​​Энэ мэтчилэн эрүүл, аюулгүй орчинд сурч, хөгжих, хамгаалагдах тэгш боломж болон хүний эрхийн наад захын шаардлага нөхцөлийг хангахгүй орчинд суралцах гэж сурагчид нь хичээн, сургах гэж багш нар нь зүтгэж байгаа дүр зураг Улаанбаатар хотын төв цэгээс хоёрхон км зайд байна. 
Ангийн хаалгаар ороход өөдөөс харсан ганц цонх. Цонхны цаана айлын тагт харагдана. Самбарын хажууд багшийн ширээ, үргэлжлээд сурагчийн ширээ залгаатай. Салаа хооронд ганц алхам ч хүрэхгүй зайтай. Гуравдугаар салааны дунд том баганатай учир ард нь суух сурагчдад самбар харагдахгүй. Тиймээс ширээгээ шахаж хоёрдугаар салааны хүүхдүүдтэй зэрэгцээд сууна. Саун мэт бүгчим, агааржуулалтгүй орчинд багш, хүүхдүүд нийлсэн 40 хүн хичээллэж байна.
39-42 хүүхэдтэй зургаадугаар ангийн найман бүлгийн 280 орчим сурагчийн дунд хоёр ариун цэврийн өрөө байна. Гэхдээ хөвгүүдийн ариун цэврийн өрөө нь хаалгагүй. Өсвөр насны хүүхдүүд яаж бусдынхаа нүдэн дээр бие засах билээ дээ. Таван минутын завсарлагаанаар ариун цэврийн өрөөнд амжиж орохын тулд хүүхдүүдээс багагүй тэвчээр шаардана.
Гэхдээ Ерөнхий боловсролын сургуульд тавьдаг шаардлагыг түрээсийн байранд тавих юм бол стандартын шаардлага хангах нэг ч газар байхгүй. Учир нь сургуулийн орчноор тохижуулсан байр байхгүй. Мөн бидний түрээсийн үнэ м.кв нь дунджаар 45 мянган төгрөг байдаг. Энэ нь ашиглалтын болон засварын зардал багтсан үнэ. Тиймээс бидэнд түрээсэлж буй газрууд их засвар хийх юм бол түрээсийн үнэ нь нэмэгдэх учир бидний хүссэнээр засвар хийдэггүй. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд сурч болохоор болгож л засаж өгдөг гэсэн үг.
Бусад гурван анги нь хэдий 2-3 цонхтой ч маш жижиг. Хүүхдүүд мөр мөрөө түших нь холгүй зайд сууж хичээллэж байна.

Эх сурвалж: www.zms.mn