Гэрэл зургийг Р.Оюун

Ховд аймгийн малчдын бэлчээр, суурьшлын бүсийг сүйтгэдэг ганц амьтан бол заарт харх буюу ондатр юм. Тиймээс “Зууны мэдээ” сонины “Эрэн сурвалжлах баг” Ховд аймгаас энэ удаагийн ээлжит сурвалжилгаа бэлтгэлээ. Энэ талаар гэрэл зургийн сурвалжилгаас харна уу.

Заарт харх буюу ондатр нь хойд Америкийн унаган амьтан. 1.5 кг жинтэй энэ амьтан анх 1930-аад оны сүүлээр голын урсгал дамжин манай улсад орж ирсэн байдаг. Судлаачид түүний мах, арьсыг ашиглаж болох юм гэсэн нь үнэхээр биеллээ олсон байдаг. Гэвч Хар ус нуурыг заарт хархнууд олон салаа хөндий суваг, нүх ухах замаар арлын хөрсийг эвдэж, ухсан сувгаар нь ус дүүрэхэд арлууд тасарч хөвөх, усанд автах, намагших нөхцөлийг бүрдүүлдэг нь нуур орчмын экосистемд сөрөг нөлөө үзүүлж байна. Түүнчлэн нуурын эргийн болон намгийн ургамалд ялангуяа, түүний идэш тэжээл, овоохойд их хэмжээгээр ашиглагддаг зэгс, шагшуурын нөхөн сэргэлтэд сөргөөр нөлөөлдөг байна.

Б.Мөнхжаргалынх Ховд аймгийн Чандмань сумын “Сүлжээ” багт нутаглаад 30 гаруй жил болж буй. Энэ жил тэдний гэрийн доогуур ухаж заарт харх үүрээ барьж, овоохойгоо засжээ. Энэ тухай тэрээр “Заарт харх Цагаан голын арлыг сүйтгээд дуусаж байна. Тухайлбал, манай гэрт овоохойгоо ухчихсан. Үүнээс үүдэж хөхөө өвлийн хүйтэнд буйраа сэлгэж буулаа. Заарт харх үүрлэсэн арлууд дулаан орохоор нурдаг.  Манай энэ арал ирэх хавар нурах байх. Ингэхээр бид ирэх жил дахин өөр арал дээр өвөлжих нөхцөл үүсэж байна” гэж байлаа.

Буянт сумын Нарийн гол багийн Хашаатын даланд малын бэлчээрт заарт харх овоохойгоо зассан байгаа нь.

Буянт сумын анхны байгаль хамгаалагч Б.Болд заарт хархны овоохой гэрээс нь нэг км гаруйн зайд малын бэлчээрт байгааг харуулсан юм. 

Овоохойны дээд тал нь яг таг шиг ажээ.

Нэг овоохойд голын ус руу орсон гурван сувагтай юм байна.

Хоёр метр гаруйтай шагшуургаар сувгийн уртыг хэмжлээ.

Суваг руу нэг метр гаруй орсныг байгаль хамгаалагч  маань харууллаа. 

Заарт хархын идэш хөеө.

Судлаач, доктор М.Отгонбаатар “1967 онд төрийн бодлогоор агнуурын нөөц амьтан бий болгож, зах зээлд арилжих зорилготой нутагшуулсан байдаг. 1970 оноос агнуурын зориулалттай агнаж 1-3 ам.долларын үнэтэй гадаад руу худалдаалж эхэлсэн. Мөн арьсаар нь дотооддоо малгай хийдэг болсноор заарт хархны арьсны эрэлт хэрэгцээ нэмэгдэж хууль бус агнуур, хар захын наймааны эх үүсвэр тавигдсан. Үүнээс шалтгаалан заарт хархны үүр овоохойг ухаж, Хар ус нуурын арал тохойг хөндөж эхэлсэн. Учир нь заарт хархны авыг аравдугаар сарын 15-наас буюу ус хөлдөхөөс өмнө эхэлж, арванхоёрдугаар сарыг дуустал буюу ус бүрэн хөлдөж дуусахад зогсоодог байлаа. Энэ нь хэмжээг зохицуулагч байгалийн хүчин зүйл болдог байсан. 1990 оноос агнуурын аж ахуйн зохион байгуулалт байхгүй болж, арьс нь ч үнэгүйдэж агнахаа больсон. Заарт харх нь жилд гурван удаа төрдөг. Нэг төрөхдөө дунджаар 12 гөлчгий гаргадаг. Үржлийн өндөр идэвхтэй тул тоо толгой нь маш хурдацтай өсдөг" гэж байв.

Дөргөн сумын байгаль хамгаалагч Л.Бэлэгдэмбэрэл “Жилд 40 мянга орчим заарт харх агнуур болон байгалийн улирлын шинж чанартай хорогдож байна. Ингэхдээ эдгээр амьтан нь уснаас гаралгүй усан дотроо үхдэг. Үүнээс үүдэж гол бохирдож байна. Тухайлбал, манай Дөргөн сумын ундны ус шинжилгээгээр муу гардаг. Үүнээс үүдсэн хорт хавдрын өвчлөл ч их байдаг. Манай сумын иргэд ихэвчлэн ходоодны хавдраар нас бардаг” гэсэн юм.

Эх сурвалж www.zms.mn