П.ЛХАГВАЖАРГАЛ

Өнө эртний түүхтэй, өргөн уудам нутагтай монгол түмний өв соёл, ёс уламжлал дундаршгүй арвин билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өв соёл” буландаа буриад сурын харвааны онцлогийг хүргэж байна.

Эр бяр, цэц мэргэн, эрдэм чадлаа сорьдог төв түмний цэнгэл эрийн гурван наадмын нэг бол сур харваа юм. Сур харваа нь монголчуудын дунд үндсэн дөрвөн төрлөөр дэлгэрч, түүнийг дагасан ёс журмыг агуулсаар ирсэн түүхтэй билээ. Уламжлалт буюу халх, урианхай, мөсөн, буриад гэсэн төрлүүдтэй бөгөөд харвах зай, онох бай, шунгинах сумнаас эхлээд онцлог ялгаатай.

 

"Буриад сурын хөгжилд Мухардаан овгийнхны хувь нэмэр их"

 

Буриад сурын харваа үүсэж хөгжихөд тухайн ястны ахуй амьдрал ихээхэн нөлөөлсөн гэдэг. Хойд буриадын ном судар, баримт бичигт дурдсанаар ан ав хийж ирснийхээ дараа сумынхаа зэвийг сольж нааддаг тухай өгүүлжээ. Тодруулбал, гөрөөлөх зориулалттай хурц үзүүртэй сумны хошууг булцуугаар сольж бай онож, нааддаг байжээ. Монголын буриад сурын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, спортын мастер М.Одмандах “Буриад түмэн 1830 оны үеэс “бүлэн” буюу буриад сурын харваагаар наадаж  байсан гэдэг. Богд хаант Монгол Улсын үед тархан суурьшсан байсан буриад зон олон Монгол нутагтаа төвлөрөн суурьшсан. Ингэхдээ буриад сурын харваагаа өвлөн тээж, уламжлуулсаар ирсэн билээ. Тэр тусмаа Дорнод аймгаар нутагтай Агын буриадууд голчлон хөгжүүлж байсныг цохон дурдах нь зүйтэй” хэмээсэн юм. Энэхүү харваа нь зөвхөн буриад түмний дунд гэлтгүй Монгол орны өнцөг булан бүрд тодорхой хэмжээгээр хөгжихөд Мухардаан овгийнхны оруулсан хувь нэмэр хэмжээшгүй ажээ. Мухардаан Цэрэндоржийн үр удмаас өдгөө 60 гаруй спортын мастер, улсын мэргэн цолтон төрснийг энэ спортын төлөө бие сэтгэлээ зориулсан хэн бүхэн  бахархан ярина.

 

Эрчүүд малгайгаа газар тавьж, хүндэтгэлтэй харвадаг

 

Монголчуудын цэц мэргэнээ сорьдог  дөрвөн сурын харваанаас хамгийн хол зайнаас буюу 75 метрээс халх харваа харвадаг. Харин буриад сурын харваа нь хамгийн ойроос буюу 45 метр болон 30 метр гэсэн хоёр зайнаас найман сум ээлжлэн тавих зарчмаар, нийт 64 сум харвадаг онцлогтой. Аливаа тэмцээн уралдааны адилаар нэг нь түрүүлэх учиртай тул тавин хувиа хангаж чадаагүй тохиолдолд хасах зарчимтай явна. Эхний 32 сумны байдлаар 16 ба түүнээс дээш оносон харваачид хоёрдугаар шатандаа ордог. 48 сумны байдлаар 24 ба түүнээс дээш оносон харваач гуравдугаар шат руу орж цэц мэргэнээ сорьдог дүрэмтэй ажээ. Хэдийгээр тэд өрсөлдөгч нар мэт боловч үргэлж нэгнийхээ зөвлөгч, дасгалжуулагч  хийнэ. Зурхайд зогсож буй харваач төвлөрлийн дээд цэгтээ хүрч, өөрийгөө ялан дийлж байхад бусад нь сумыг нь зөөж, уухайлан дэмжиж, сум байныхаа хаана туссаныг дохиогоор хэлж, мэдээ хүргэнэ. Зөвхөн монгол хүнд л баймаар тал шиг уужим сэтгэл харваач хүний зүрхэнд гүн шингэсэн гэлтэй. Мөн харваа эхлэхийн өмнө зурхайдаа ёсолж хүндэтгэл үзүүлдэг.  Урианхай харваагаар зөвхөн эрчүүд нааддаг бол буриадыг хүйс харгалзахгүй, ижил зайнаас харвадаг. Харин эрчүүд  малгайгаа газар тавьж харвадаг бол эмэгтэйчүүд үс задгай байхгүй гэдэг үүднээс үргэлж малгай өмсөнө.

 

Малгайнд шигтгэсэн эрдэнийн чулуу нь амжилтыг илтгэнэ

 

Харваачдын малгайн чимэг, зүүлт цол зэргийг нь илэрхийлдэг. Үндэсний их баяр наадмын буриад сурын харваанд хамгийн олон буюу 10 удаа түрүүлсэн цорын ганц эрхэм бол хоридай мэргэн Д.Цэцэг билээ. Тэрээр гурван хүүхэд төрүүлж, 30 хүрсэн хойноо энэ спорттой амьдралаа холбосон юм.  Өдгөө 75 насыг зооглосон ч нум татаж, сум тавьсаар явна. Түүний малгай  мөнгөн толь дээр дөрвөн шүр байрлах бөгөөд хамгийн эрхэм дээд гэдгийг илтгэх ажээ. Тэрээр “Буриад түмнийг “Хун шувуун гарвалтай, хос модон цэрэгтэй” хэмээн амаас ам дамжин ярьсаар ирсэн билээ. Тиймээс малгайн толь дээр хос хунг дүрсэлдэг. Дээд талд нь галын гурван чандмань байрлана. Мөн харваачийн зэрэг цолыг илэрхийлэх эрдэнийн чулуу шигтгэдэг.  Дөрөв хүртэлх удаа түрүүлсэн хүн тэр тоогоороо оюу эрдэнийг шигтгэнэ. Таван удаа түрүүлбэл нэг улаан шүр болох зэргээр өөрчлөгддөг” хэмээн утгыг тайлж, учрыг зангидаж өгсөн юм.  Буриад малгайны орой  нарны цацрагийг бэлгэдсэн улаан цацагтай байна. Оройгоос суурь хүртэл буриадын 11 овгийг бэлгэдсэн 11 давхар оёдол бий. Тэрхүү оёдлыг тасалж оёх учиргүй буюу тусгай аргаар зүү утас салгалгүй урлана. Энэ нь буриадын 11 овог яг энэ оёдол шиг нэг язгууртай бөгөөд тасрах ёсгүйг гэдгээ бэлгэддэг ажээ.

 

Буриад харвааг булцуут сумаар харвана

Нум нь улирал, цаг агаарын чанартайгаар зөөлөн, хатуу гэж ялгарах боловч хийц, хэмжээний хувьд төрөл харгалзахгүй ижилхэн байдаг. Харин сумны тухайд ялгаатай бөгөөд буриад харвааных үзүүргүй булцуут сум байна. Сумны булцуу нь 2.8 см диаметртэй бөгөөд ихэвчлэн мод, үйс эсвэл хуванцар материалаар хийдэг. Мөн харваачийн онцлогоос шалтгаалан 50-90 грамм жинтэй байна. Сумны хошуу үзүүргүй булцуут байгаа нь онох байтай шууд холбоотой. Учир нь эгнүүлэн тавьсан сурыг гортиг татсан ганганаас гаргаж харвасан тохиолдолд оноо болгон тооцдог. Тэрхүү сурыг хонины ноос, үхэр, тэмээний хөөврийг бүрж хийдэг, зөөлөн эд тул сумны хошуу үзүүртэй байж болохгүй.  Орчин үед сурын дотрыг эсгий, зулхайгаар хийх болсон ба наймыг харьцах нь найм гэсэн тогтсон харьцаатай байна. Эгнүүлэн тавьсан 20 сурын голд улаан цацагтай ласти байрлана. Ласти нь гурвыг харьцах 10 см хэмжээтэй бөгөөд үүнийг онооны чанар гэж үздэг. Нийлбэр дүнгээр хамгийн их оноотой хүн ялах хэдий ч тэнцсэн тохиолдолд 45 метрээс оносон ластиг тоолно. Хэрэв 45 метрийн ласти тэнцвэл 30 метрээс оносон байдлыг тоолж ялагчийг тодруулна. Харваа мэргэн байж бүх ласти тэнцсэн тохиолдолд товх  харвадаг. Товх нь тавны бэлчир буюу таван сур нэг ластигаар байг нарийсгаж сум тавьж ялагчаа тодруулдаг онцлогтой ажээ. Мөн оноо тэмдэглэхдээ хүртэл бэлгэтэй сайхныг ерөөдөг. 45 метрийн оноог борооны дусал шиг тэмдэглэнэ. Харин 30 метрийг дугуй дотор цэгтэй тэмдэглэх ба энэ нь сурын хэлбэрийг агуулсан болно. Ластиг тэмдэглэхдээ мөн цацгийн онцлогийг шингээж дугуйн дээр нь эвэртэй тэмдэглэдэг. Найм дараалан оновол  бүрэн дүүрэн байгааг бэлгэдэн онооны тэмдгийг битүүлж хүрээлдэг.

 

Буриад сурын цол олгох дөрвөн тэмцээн болдог

 

Буриад харвааны спортын цол олгох тэмцээн жилд дөрвөн удаа зохион байгуулагддаг. Улсын нээлтийн харваа, улсын аварга шалгаруулах харваа, бүсийн чуулга харваа, отог буюу хаалтын харваан дээр  спортын зэрэг цол олгодог. Өмнө нь үндэсний их баяр наадмаар цол олгодог байсан боловч ноднин жилээс больж зөвхөн үндэсний цолыг нь олгох болжээ. Нийт 64 сумнаас 54-56 оновол спортын дэд мастер, 57-оос дээш оновол спортын мастер цолны болзол хангадаг уламжлалтай. Энэ жилийн буюу 2024 оны хаалтын харваа аравдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдаж зургаан шинэ спортын цолтон мэндэлжээ. Онцлууштай нэгэн үйл явдал болсон нь дөрвөн сурын мастер төрсөн билээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Улаанбаатар хот, “Засагт хан” клубын харваач, Буриад сурын спортын дэд мастер, улсын мэргэн Б.Дашзэвэг 57 оноо, дөрвөн ласти онож буриад сурын спортын мастер цол хүртсэн нь харваач хүний ховорхон тохиох амжилтын нэг юм. Өнөө цагт буриад сурын харваагаар нас хүс, үндэс угсаа харгалзахгүй хэн бүхэн хичээллэж Монгол орны өнцөг булан бүрд хөгжиж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 202 (7446)