Л.МӨНХНАР
Хелен нэртэй томоохон хар салхинаас болж Хойд Каролинагийн баруун хэсэгт байрлах цорын ганц тусгай зориулалтын Asheville's Mission гэх эмнэлэгт цэвэр ус хэрэгцээтэй байгаа аж. Тухайлбал, тоног төхөөрөмжийг ариутгах, шарх цэвэрлэх, гараа савангаар угаах гэхэд ус олдохгүй байгаа юм. Мөн эрүүл мэндийн бусад байгууламжууд усгүйн улмаас үйлчилгээгээ зогсоохоос өөр аргагүйд хүрчээ. Үүнтэй зэрэгцээд өнгөрсөн сарын сүүлээр болсон үерийн дараа оршин суугчид бохир ус, үйлдвэрлэлийн хорт хаягдлаас шалтгаалж шумуулаар дамжих өвчинд нэрвэгдэх болжээ. Гэсэн хэдий ч усны хомсдол нь тус бүс нутгийн хамгийн том асуудал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь оршин суугчид хоол тэжээл, ариун цэврийн байгууламжид хамрагдах боломж хязгаарлагдмал бөгөөд өвчин, халдвар зэрэгт өртөх магадлал өндөр. Ачаалал ихтэй эмнэлгүүд ачааны машинаар ус зөөж, шинэ худаг ухахын зэрэгцээ өвчтөнүүдийг эмчлэх гэж тэмцэж байгаа бололтой. Жишээ нь Миссион эмнэлэг өдөр бүр 30 гаруй ачааны машин ус авчирч 200 мянга гаруй баллон ус шахдаг байна.
Үерийн уснаас үүссэн мөөгөнцөр нь амьсгалын замын эмгэг үүсгэдэг. Дээрээс нь бохир ус нь шумуул үржиж, вирусын эрсдлийг нэмэгдүүлдэг. CDC-ийн мэдээлснээр Америкчуудын 60 хувь нь дор хаяж нэг архаг өвчтэй, 40 гаруй хувь нь олон архаг өвчтэй байдаг хэмээжээ. Халдварт өвчний аюулын зэрэгцээ шуургад нэрвэгдсэн бүс нутагт ус цахилгаан тасарч, хүмүүсийн дунд зүрхний өвчин, чихрийн шижин нь хүндэрсэн байна. Мөн тэдгээр хүмүүс эмчилгээ авах боломжгүй байгаа юм. Хойд Каролинагийн хар шуурганы гамшигт 230 гаруй хүн, Флоридагийн Милтоны ослоор 17 хүн нас баржээ. Хүлэмжийн хийн ялгаруулалтаас үүдэлтэй далайн халуун ус нь шуургыг илүү хүчтэй болгож, хурдтайгаар хар салхи болгон хувиргадаг. Энэхүү цаг агаарын таагүй үзэгдэл улам эрчээ авч байна. Колумбын Уур амьсгалын сургуулийн төвийн захирал Жеффри Шлегелмилч, "Бид үүнийг үл тоож болохгүй. Үнэндээ энэ бол мөсөн уулын зөвхөн үзүүр хэсэг юм" хэмээн USA TODAY-д хэлэв.
Эх сурвалж: www.zms.mn