Л.ЖАРГАЛ

“Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо”, “Эрх чөлөө” төв хамтран Ардчилсан намын дотоод асуудал, үзэл санааны бодлогын талаар мэдэгдэл хийлээ. 2024 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд Ардчилсан нам харьцангуй ялагдал хүлээсэн нь дараах шалтгаантай хэмээв. Ардчилсан нам үзэл санааны бодлогоо гээж, Х.Баттулгаар толгойлуулсан гэмт бүлэглэлийн орогнох байр болсон. Мөн гишүүд дэмжигчдийн итгэл үнэмшлийг үл ойшоон МАН-ын халаасанд орсон Лу.Гантөмөрөөр толгойлуулсан хүмүүс байгаа нь иргэдийн итгэлийг алдахад хүргэж байна. Иймд “Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо”, “Эрх чөлөө” төв үзэл санааны хөдөлгөөнөө эхлүүлж, гурван зорилтыг тавьж байгаагаа илэрхийлэв.

Нэгт. 1990 оны тэмцлээр олж авсан эрх чөлөө, чөлөөт нийгэм, ардчилсан тогтолцоо, нээлттэй засаглал, хувь хүний эрх, хувийн өмч, чөлөөт өрсөлдөөнийг хамгаална.

Хоёрт. Х.Баттулгаар толгойлуулсан бүлэг этгээд, сэтгэцийн эмгэгтэй гишүүдийг намаасаа нэн даруй явуулна.

Гуравт. Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшлийг үл хүндэтгэн Монгол Ардын намтай эвцэлдэж буй Лу.Гантөмөрийн багтай хариуцлага тооцно гэдгээ мэдэгдэв. Мөн иргэдийнхээ эрх, эрх чөлөө, хувийн өмчийг төрийн нэрээр дээрэм тонуул хийж буй МАН-ын засгийн газартай улс төрийн хатуу тэмцэл явуулах чадварлаг сөрөг хүчин байхын төлөө үзэл санааны хөдөлгөөн эхлүүлнэ гэдгээ зарлалаа.

Эх сурвалж: www.polit.mn