М.АНАР

 

Хятад улс Вьетнамд хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтад туслахаар тохиролцож, хөдөө аж ахуйн импортыг нэмэгдүүлэхээ мэдэгдсэнийг өнгөрсөн ням гарагт  Вьетнамын албан ёсны хэвлэлд мэдээллээ.

Ерөнхий сайд Ли Цян Вьетнамд албан ёсны айлчлал хийхдээ Хятад улс зах зээлээс өндөр чанартай жимс, далайн бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүнийг худалдаж авах болно гэв. Хятад бол Вьетнамын худалдааны хамгийн том түнш, АНУ-ын дараа орох хоёр дахь том экспортын зах зээл юм. Тус хоёр орны худалдааны хэмжээ 2023 онд 172 тэрбум ам.долларт хүрчээ.

Вьетнамын Ерөнхий сайд Фам Мин Чинх Ерөнхий сайд Лид хэлэхдээ “Хоёр тал бие биеийнхээ хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэж, маргааныг энхийн замаар, загасчид болон тэдний хөлөг онгоцтой холбоотой асуудлыг зохих ёсоор шийдвэрлэх ёстой” гэжээ. Учир нь Ерөнхий сайд Ли хөрш Лаос улсаас Вьетнамд ирсэн бөгөөд Зүүн Өмнөд Азийн удирдагчдын уулзалтын үеэр Өмнөд Хятадын тэнгис дэх нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаар олон улсын хуулийг хүндэтгэх уриалгыг эсэргүүцэж байсан юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен өнгөрсөн долоо хоногт Лаост цугларсан Зүүн өмнөд Азийн удирдагчдад хандан “Өмнөд Хятадын тэнгис дэх нутаг дэвсгэрийн маргаан улам аюултай болж байгаад АНУ санаа зовниж байна” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн ням гарагт болсон хэлэлцээний үеэр Чин, Ли нар дипломат харилцаа, үндэсний батлан хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлын салбарт солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцсон бөгөөд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх ажлын хэсэг байгуулах, QR-код, хил дамнасан төлбөрийн үйлчилгээг хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны 10 хэлэлцээрийг харилцан солилцсон байна.

Төмөр замын хэлэлцээрүүд нь Вьетнам, Хятадын хоорондох галт тэрэгний холболтыг сайжруулах техникийн төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэлийг хамарсан аж. Худалдааны талаар халуун орны жимс, махан бүтээгдэхүүн, фермерээр үржүүлсэн хавч, ургамлын гаралтай уламжлалт эм зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг илүү хүртээмжтэй болгохыг хүссэн. Вьетнамын тайланд дурдсанаар, Хятад улс худалдааны асуудлаа шийдвэрлэж, Вьетнамтай хорио цээрийн дэглэм, гаалийн горимын талаар хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 199 (7443)