Б.Нямсүрэн
Энэ жилийн Нобелийн Утга зохиолын шагналын эзнээр Өмнөд Солонгосын зохиолч Хан Кан тодорсныг энэхүү нэр хүндтэй шагналыг олгодог Шведийн академи өчигдөр зарлалаа. Ийнхүү Хан Кан Нобелийн Утга зохиолын шагналыг гардан авсан анхны ази эмэгтэй болж түүхэнд бичигдэж байна. Мөн энэхүү шагналыг хүртсэн 18 дахь эмэгтэй юм.
1970 онд төрсөн Хан Кан 1993 оноос уран зохиолыг сонирхож эрчимтэй уран бүтээл туурвиж эхэлсэн. 2007 онд “Цагаан хоолтон” номыг нь бичсэн нь дэлхийн уран зохиолын өв санд томоохон шинэчлэл хийсэн онцлох бүтээл болсныг утга зохиол судлаач, шүүмжлэгчид дүгнэдэг.Энэхүү зохиол нь түүний хувьд англи хэлнээ орчуулагдсан анхны бүтээл боловч асар их амжилт дагуулж 2016 онд International Booker Prize олон улсын шагналыг анх удаа эх орондоо авчирч байжээ. Хан Канг “Цагаан хоолтон”-оос гадна “The White book”, “Human acts” зэрэг бүтээлийг туурвисан нь хүний бие мах бодь, сэтгэл зүй, оюун санааны хоорондын холбоо хамаарлыг өвөрмөцөөр илэрхийлсэн онцгой ач холбогдолтой хэмээн үнэлэгддэг.
Шведийн Академийн Нобелийн хороон дарга Андерс Олссон "Хан Канг бие ба сүнс, амьд ба үхэгсдийн хоорондын уялдаа холбоог өвөрмөц ухамсарлаж, яруу найргийн болон туршилтын хэв маягаараа орчин үеийн зохиолд шинийг санаачлагч болсон" хэмээн онцлон тэмдэглэжээ.
Зохиолч Хан Нобелийн шагналтан болсноо мэдэх үедээ оройн хоолоо идэж байсан бөгөөд ихэд гайхаж бас талархалтай хүлээн авсан тухайгаа “”Ройтерс” агентлагт ярьжээ. Сонирхуулахад, түүний аав Хан Сьён Вон мөн алдартай зохиолч аж.
Эх сурвалж: zms.mn