Ч.ГАНТУЛГА
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэд төлөөлөгчдийн хурлын сонгуульд нийслэлийн Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид хууль зөрчиж байгаа тухай тус дүүрэгт АН-аас нэр дэвшигчид Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тодруулбал, МАН-аас нэр дэвшигчид нь олон нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллагыг иргэдийн саналыг татах зорилгоор сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө удаа дараа явуулсан. Үүн дотроо ахмад настнуудыг ахмадын баяр гэж хүлээн авч, дайлж, бэлэг тараасан гэв. Сонгуулийн сурталчилгааны өөр арга, хэлбэр буюу масс мессежийг сонгогчид руу явуулж иргэдийн саналыг татах оролдлого хийж байна гэж АН-аас нэр дэвшигчид үзэж байгаа юм байна. Мөн одон медаль зэргийг сонгогчдод гардуулж, тэдний саналыг авах зорилготойгоор хууль зөрчиж байна гэсэн юм. Тиймээс АН-аас нэр дэвшигчид “Бидний зүгээс эдгээр зөрчлүүдийг арилгуулах хууль, хяналтын эрх бүхий байгууллагад хандсан боловч одоогоор шийдэгдсэн асуудал алга. Сонгуулийн санал хураалт болоход ганцхан өдөр дутуу байна. Эрх баригчид Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэд төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн хууль, Зөрчлийн тухай хуулийг хууль гэж үзэхгүйгээр, дагаж мөрдөхгүйгээр ямар ч хамаагүй аргаар ялна гэсэн зорилготой явж байгаа нь энэхүү зөрчлүүдээс харагдаж байна. Тиймээс бид хуулийг дээдэлж, шударга өрсөлдөхийг бүх улс төрийн намуудад уриалж байна" гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 196 (7440)