Л.МӨНХНАР

 

Дэлхийн ядуурлын түвшин өссөөр байгаа энэ үед Дэлхийн банкны найм дахь удаагийн эдийн засгийн тоймд Гана улсын ядуурал 2023 онд 30.3 хувь хүртэл буурсан тухай мэдээлэв. Гана улсын эдийн засаг сэргэж байгаа ч 2022 оны эдийн засгийн хүнд хямралын дараа ядуурлыг бууруулахтай нягт уялдуулсан бодлого зайлшгүй шаардлагатайг онцолж байв. Тэгвэл инфляц 2024 оны дунд үе гэхэд 22.8 хувь, наймдугаар сард 20.4 хувиар буурсан ч ядуу хүмүүс өнгөрсөн жилийн цочролын үр дагаварт өртсөн хэвээр байгаа аж.

Тиймээс нөхцөл байдлыг улам хурцатгаж, хэрэглээний зардал нэмэгдэх хандлагатай байгаа нь бага орлоготой өрхийн санхүүд ихээхэн аюул учруулжээ. Гана улсын банк саяхан мөнгөний бодлогын хүүг 29 хувиас 27 хувь болгон бууруулсан. Гэхдээ хүмүүсийн орлогын гол эх үүсвэр нь хөдөө аж ахуйд суурилсан байдаг. Гэтэл тус улсын хойд хэсэг болон хөдөө орон нутагт хүндхэн нөхцөл байдал үүсэж байгаа ажээ.

Эдийн засгийн хямралд хэдийн өртөмтгий болсон жижиг фермерүүдэд бордоо, тээвэр зэрэг зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг өссөнөөр амьжиргаагаа тэтгэхэд улам хэцүү болж буй юм.

Төсвийн тогтвортой байдал нь Гана улсын урт хугацааны эдийн засагт нэн чухал боловч тус улсын хамгийн эмзэг бүлгийн хүн амыг хохироох ёсгүй гэдгийг Дэлхийн банк онцолжээ. Татварын шинэчлэл хийхийн зэрэгцээ зардлаа танах, өрийн бүтцийг өөрчлөх замаар төсвийн тэнцвэрийг сэргээхэд Гана улсын хүчин чармайлт зайлшгүй шаардлагатай боловч болгоомжтой зохицуулахгүй бол орлогын тэгш бус байдлыг нэмэгдүүлж, ядуурлыг гүнзгийрүүлэх эрсдэлтэй юм байна.

Дэлхийн банкнаас Гана улсад ажлын байр бий болгож, орлогыг нэмэгдүүлэхийн тулд хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг салбарт эдийн засгийг төрөлжүүлэх нь чухал болохыг тодотгож буй. Хүний капиталд оруулах хөрөнгө оруулалт, ялангуяа боловсрол, эрүүл мэндийг сайжруулах замаар эдийн засгийн урт хугацааны өсөлт, ядуурлыг бууруулах гол түлхүүр юм. Ганачуудыг хөгжиж буй эдийн засагт шаардлагатай ур чадвар, мэдлэг, ажлын байраар хангаснаар тус улс уламжлалт аж үйлдвэрээс хамааралтай байдлаа бууруулж, өндөр бүтээмжтэй салбаруудад шинэ боломжуудыг бий болгож чадна гэж Дэлхийн банкны тоймд дурджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 192 (7436)