Баатарын НЯМСҮРЭН
Бага насны хүүхдийн эрүүл мэнд, хөдөлгөөн, өсөлтөд эерэг нөлөөтэй гимнастик, чөлөөт бөхийн дугуйланг чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ З.Занабазар болон түүний гэргий Г.Мөнхцэцэг нар хамтарч хичээллүүлж байна. З.Занабазар нь ДАШТ-ий хүрэл медальтай, Азийн аваргын мөнгөн медаль, улсын хошой аварга билээ. Харин Г.Мөнхцэцэг нь өсвөрийн ДАШТ-ий хүрэл медаль, өсвөрийн Азийн аваргын мөнгөн медаль, улсын аваргын мөнгөн медальтай. Тэд сургалтынхаа үйл ажиллагааг өнгөрсөн сарын 16-наас эхлүүлжээ.
Сүүлийн үед хүүхдүүд чөлөөт цагаараа гар утас их ашиглах болсон. Энэ дадлаас ангижрах боломжтой, эрүүл амьдралын хэв маягт сургах тохилог орчинтой, дулаахан ур амьсгалтай сургалтыг онцлон сурвалжиллаа. Сургалтад ирж буй хүүхдүүд хаалгаар орж ирээд хүндэтгэлтэйгээр багш нартайгаа мэндэлнэ. Ингээд хувцас солих өрөө рүү ороод бэлтгэлийн хувцсаа өмсөнө. Дараа нь дэвжээндээ гараад бие халаалтаа хийгээд бэлтгэлдээ ордог.
Долоо хоногт гурван удаа хичээллэдэг
Үүдээр нь ороход хүүхдийн аз жаргал, инээд баясал угтана. Багш нар нь болох З.Занабазар, Г.Мөнхцэцэг нар бяцхан шавь нартаа мэддэг бүхнээ чин сэтгэлээсээ зааж өгөх нь бахархалтай. Хүүхдүүд өдрийн гурван ээлжээр хичээллэж байна. Эцэг эхчүүд хүүхдээ хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор сургалтад явуулж байгааг онцолж байв. Мөн тамирчин болохоор зорьж ирсэн хүүхэд ч байгаа аж. Тэдний дугуйлан долоо хоногт гурван удаа хичээллэдэг. Нэг удаагийн сургалтын хугацаа нь 1-1:30 цаг. Хүүхдүүд багахан зүйлд анхаарал нь сарнидаг. Үүнийг тооцоолж дасгал болон сургалтаа хөгжилтэй байдлаар ордог гэнэ. Эхнээсээ хүндхэн дасгал хийлгэхээр ядарч, сонирхол нь буурах эрсдэлтэй гэдгийг тэд онцолж байлаа. Хөгжөөнт дасгалаар биеийнх нь чилээг гаргах нь тэдний зорилгын нэг хэсэг. Цаг хугацааны туршид сургалтын түвшин нь ахих юм байна. Сургалтын зорилго тодорхой хугацааны дараа биелнэ. Учир нь хүүхдүүдэд гарсан өөрчлөлтөөр дүгнэнэ.
Чөлөөт бөхийн багш З.Занабазар “Бэлтгэл сургуулилтаа зохицуулаад гэртээ байх хугацаандаа сургалт хичээллүүлэх талаар бодож эхэлсэн. Ингээд эхнэртэйгээ ярилцаж, олон зүйлийг төлөвлөсөн. Аливааг шинээр эхлүүлэх амаргүй. Хамгийн түрүүнд заал танхимын асуудалдаа анхаарсан. Б.Баттулга багштайгаа их зүйлийг зөвлөлдлөө. Ингээд “Шандас MMI” клубийн заалыг сонгосон. Бүртгэлээ эхлүүлэхдээ өөрсдийн цахим хаягаар түгээсэн. Хүмүүс их сайхан хүлээж авсан. Дүү нартаа сургалт орох сонирхолтой байна. Өөрийгөө шинэ зүйлд сорьж байгаадаа талархалтай. Зорилгын тухайд гэвэл том зүйлийг бодохгүй байна. Багаас нь эхлээд томруулаад явна. Гэхдээ чөлөөт бөх, бэлтгэлээ орхиогүй. Хажуугаар нь бэлтгэлдээ анхаарна. Бүх зүйл сурах зүйлтэй. Хүүхдүүдтэй ажиллаад ирэхээр мартсан зүйлээ сэргээж, өөрийгөө өөр өнцгөөс харах боломж гэдгийг ойлгож байна. Би багаасаа спортоор хичээллэсэн. Гэр бүлийн хүн маань ч ялгаагүй 12 наснаасаа бөхөөр хичээллэсэн. Хүмүүсийн дунд хүүхдийг багаас нь спортоор хичээллүүлэх буруу гэсэн ойлголт байдаг. Бусад улсад хүүхдүүд бага наснаасаа ямар нэг спортоор хичээллэж амжилт гаргаж байгаа нь ажиглагддаг. Тухайн хүүхдэд насан туршдаа тамирчны замналыг сонго гэж тулгахгүй. Гэхдээ спортоор хичээллээд ихийг сурч авна. Тэвчээр сууна, бусадтай зөв харилцаж сурна. Тамирчин болох хүүхдэд өөрийн хүсэл сонирхол, биеийн хөгжил чухал” гэлээ.
Спорт өв тэгш хүмүүжил олгоно
Нэг гэр бүлийн тамирчид маань хүүхэд, эцэг эхчүүдээс урмын үгээр цэнэглэгдэж илүү хичээх сэдэл авдаг гэнэ. Нэгэн хүүгээс сургалтын талаарх сэтгэгдлийг нь асуув. Хүү “Маргааш ирнэ. Гоё сургалт байна" гэж аз жаргалтайгаар хариулав.
Дасгалжуулагч Г.Мөнхцэцэг “Би Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрж өссөн. Чөлөөт бөхөөр 10 гаруй жил хичээллэсэн. Энэ удаа ханьтайгаа хамтарч сургалт хичээллүүлж байна. Хүүхдүүдтэй ажиллах сайхан мэдрэмж төрүүлдэг. Чөлөөт бөх арвин түүхтэй сайхан спорт. Дэлхийд Монгол Улсыг таниулсан гэхэд хилсдэхгүй. Тиймээс сургалтдаа 6-10 насны хүүхдийг авна гэсэн боловч таван болон 10-аас дээш насныхан манай сургалтыг зорьж ирсэн. Хичээл дээр хүүхдүүд ширээний ард удаан сууснаас болоод бие бялдар нь хатуурч эхэлдэг. Өөрөөр хэлбэл уян хатан байдал алдагдаж байгаа. Хатуу байгаа байдал нь цаашлаад хүүхдийн өсөлтөд нөлөөлж булчингийн зангирал үүсгэж ядраадаг. Учир нь хүүхдийг хичээлээс гадуурх биеийн тамир хийлгэх нь хамгийн зөв. Гэхдээ хүүхэд бүрийг тамирчин бол гэсэн үг биш. Хүүхэд болгон хөдөлгөөн хийх шаардлагатай” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 190 (7434)