Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ
Хорвоогийн жаргал зовлонг хоёрхон чавхдаст багтаадаг хосгүй энэ хөгжмийн гайхам сайхныг биширч дуусамгүй. Гэвч хуурч нь үгүй бол хуур хэрхэн эгшиглэх билээ. Бид энэ удаагийн “Өв соёл” буландаа “Халх жонон” татлагын өв тээгч, Соёлын тэргүүний ажилтан, Хэл шинжлэлийн докторант М.Билгүүнчимэгийг онцолж байна.
Исгэрээ аяз, цохилтыг нарийн гаргах нь хамгийн чухал
Тал нутгийн босоо хийморь, шандаст хүлгийн хурдан давхил, олон янз явдлыг агуулж, хурууны өндөгний торгомсог мэдрэмжээр нарийн өнгөнүүдийг тохируулан исгэрээ аяз гаргахыг татлага гэдэг. Энэ бол хэн нэгэн авьяастны нот болгон зохиосон аялгуунаас тэс өөр ажээ. Хэн зохиосон нь мэдэгдэхгүй ч олон зууны тэртээгээс шавиас шавьд, үрээс үрд өвлөгдөн ирсэн гайхамшиг юм. Бие биелгээ, тууль хайлах зэрэг Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвд бүртгэлтэй морин хуурын 23 татлага бий. Тэрхүү 23 татлагын нэг “Халх жонон” буюу “Төв халхын жонон” татлагын албан ёсны өвлөн уламжлагч нь М.Билгүүнчимэг ажээ. Тэрээр ярихдаа “Жонон хар морины явдал” хэмээх хуурын уламжлалт татлагыг нутаг нутагт өөр өөр хувилбараар хуурддаг. Нэг хувилбар болох Халх жонон нь мөн сонирхолтой, өвөрмөц, онцлог ая дантай. Нутаг нутгийн татлага өөрсдийн онцлог хэв маягтай ч исгэрээ аяз, хосгүй нандин цохилтыг нарийн гаргах нь хамгийн чухал. Уян зөөлөн тэр аялгууг гаргахад чадвар их шаарддаг. ЮНЕСКО-ийн биет бус өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх төслийн хүрээнд Монгол Улсын “Телепат” гоц авьяастан, Төв халхын нэрт жононч, Соёлын тэргүүний ажилтан Д.Раднаа багш “Халх жонон” татлагыг өвлөн уламжлах шавь сургалтыг 20 хүүхдэд зохион байгуулсан. Тухайн үед миний бие багшийнхаа татлагад хамгийн төхөм суралцаж “Сайн шавь” батламжийг гардан авч билээ. Ийнхүү багшийнхаа хамт Улаанбаатар хотыг зорьж төслийн тайлан тоглолтод орж, “Халх жонон” татлагаа нэгэн тайзнаа тоглож буй бичлэг МҮОНРТ-ийн 2007 оны “Алтан сан хөмрөг”-т хадгалагдаж байгаа. “Халх жонон” татлагыг 2007 оны анхны шавь сургалтад хамрагдсан болон хамрагдаагүй хэд хэдэн хуурч татаж байна. Гэвч ихэнх нь үндсэн аяыг гуйвуулан, исгэрээ аялгууг гээж, хэмнэлийг алдуулж, татлагыг эрс өөрчлөн хуурдаж байгаад ихэд сэтгэл чилээдэг. Тиймээс “Халх жонон” татлагаа багшийнхаа зааж сургаснаар өвлүүлэн үлдээж, дараа үеийн өв тээгч шавь нараа төрүүлэхээр сэтгэл зүрхээ зориулан эрмэлзэж явна” гэдгээ ярьж байв. Түүний багш Д.Раднаа нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул кино механик мэргэжилтэй хүн ажээ. Төв халхын нэрт морин хуурч Алтангэрэл гэх хүнээс “Халх жонон” татлагаа өвлөн уламжилсан гэдэг. Д.Раднаа багш хүүхэд байхдаа гараа түлж, зүүн гарын хуруугаа алджээ. Гэвч морин хуурын гайхамшгийг түгээн дэлгэрүүлж, өвлөн уламжлуулсан ховорхон тохиох гоц авьяастан юм.
“Халх жонон” татлагаа 36 хүүхдэд зааж, уламжлуулсан
М.Билгүүнчимэг нь Баянхонгор аймгийн хүүхдийн “Тэмүжин” театрын урилгаар 2024 оны долоодугаар сард 36 хүүхэд, мөн хөгжмийн багш нарт “Халх жонон” татлагаа заан уламжлуулжээ. Тэдний дотроос түүний татлагатай хамгийн ойр, тун эвлэгхэн тоглож буй нь “Номундалай” цогцолбор сургуулийн сурагч н.Дүгэрсүрэн тэргүүтэй хэдэн хүүхэд байгаа гэнэ. Тэрээр 20 жилийн хугацаанд хуурдахдаа “Халх жонон” татлагаа олны сонорт хүргэж, язгуур өв соёлоо нандигнаж, ардын урлагийн их наадмыг алгасалгүй оролцож, ачит багш, адист нутгаа дуудуулсаар иржээ. 2011 оны Бүх ард түмний урлагийн үзлэг буюу “Ардын урлагийн их наадам”-д “Халх жонон” татлагаараа Баянхонгор аймгаа төлөөлөн оролцож “Мөнгөн од” шагнал хүртсэн байна. Мөн “Нүүдэлчин Монгол-2018” их наадмын хүрээнд зохион байгуулагдсан “Соёлын биет бус өвийн их наадам”-д Баянхонгор аймгаа төлөөлөн оролцсон. Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Asian Championship of Folklore 2019” Азийн ардын урлагийн их наадам; “Нүүдэлчин Монгол-2022” Соёлын биет бус өвийн их наадам, НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдтэй хамтран зохион байгуулдаг “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”; “Нүүдэлчин Монгол-2023” Дэлхийн соёлын фестивальд Баянхонгор аймгаа төлөөлөн оролцож тус тус ардын язгуур урлаг болон ардын хөгжмийн төрлөөр “Халх жонон” татлага, “Чойдоржийн татлага” зэргээ хуурдаж амжилттай оролцсон билээ. М.Билгүүнчимэг “Монголчууд бол нүүдлийн, уламжлал мал аж ахуйн соёлтой ард түмэн. Энэхүү соёл, мал аж ахуйтай хамгийн ойртдог үндэсний хөгжмийг морин хуур гэж боддог. Морин хуураа тоглоход үндэсний гэх тодотгол улам сэргэдэг. Арга хэмжээ, баяр ёслол дээр тоглоход хүмүүс их хүндэтгэлтэй, сайхан хүлээж авдаг. Зөвхөн эрэгтэй хүн тоглох ёстой, энэ хуурч эмэгтэй юм байна гэсэн жендерийн тэгш бус хандлага гаргадаггүй. Тэр нь их таалагддаг. Одоогийн байдлаар бараг 3000 орчим арга хэмжээнд хуурдсан байна. Би анх 2004 оноос хуур тоглож эхэлсэн. Тэр үед эмэгтэй хуурч цөөхөн байсан шиг санагддаг. Одоо бол морин хуур илүү хөгжиж, арга барил нарийсаад, орчин үеийн хөгжимтэй их сайхан хорших болсон. Хуурчдын чадвар, чансаа дэлхийн хэмжээнд гарчээ” гэсэн юм. 20 жилийн турш ардын язгуур ургалаа ардын авьяастны хүрээнд өвлөн тээж, түгээн дэлгэрүүлж, ОХУ, Тайван, Малайз, Хятад зэрэг улсуудад аялан тоглолт хийж үндэсний өв соёлоо олон улсад сурталчилсан хөдөлмөрөө үнэлүүлж, 2024 онд тэрээр Соёлын тэргүүний ажилтан цол хүртжээ. Морин хуураасаа жоохон, алаг нүдтэй бяцхан охин өдөрт дөрвөөс таван цагийг бэлтгэл хийж өнгөрүүлдэг байснаа ярьж байсан юм. Түүний хичээл зүтгэл, хөдөлмөрийг нутгийнхан нь андахгүй гэнэ. Энэ шагналыг авахад өөрөөс нь илүү баярласан хүн урлагийн зам руу хөтлөн оруулсан ээж нь гэж байв
Багшгүй хүн өрөөсөн далавчтай жигүүртэн мэт
М.Билгүүнчимэг багадаа сурлага сайтай ч гадаа тоглоод гэртээ ордоггүй сэргэлэн хүүхэд байжээ. Ээж нь түүнийг чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэг хэмээн сургуулийнхаа дуу хөгжмийн багш Б.Чойдоржид шавь оруулсан байна. Багш нь цэргийн хөгжимчин байсан бөгөөд хуучирч, хуурч хүн аж. М.Билгүүнчимэгийг анх ээжтэйгээ хамт очиход багш нь “Сонсгол сайтай ч гар нь жижигдэж магадгүй” гэж байв. Гэвч түүний хуур татаж сурах явц гайхалтай хурдан байв. Дөнгөж хоёр дахь өдрөөсөө “Маамуу нааш ир” тоглож сурсан тэрээр нэг сарын дараа сургуулийнхаа 80 жилийн ойд “Хэнтийн өндөр ууланд” аяыг тоглож анхны тайзан дээрээ гарч байсан гэнэ.
М.Билгүүнчимэг “Багш маань “Чулуун царгил” хэмээх биет бус соёлын өвийг уламжилж, өөрийн биеэр түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж явсан төдийгүй морин хуураар жонон харын явдлыг зохиосон. Би Чой багшийгаа эсэн мэнд байхад нь “Эгшиглэ, хуур минь” Улсын анхдугаар уралдааны өсвөрийн ангилалд оролцон тусгай байр эзэлж баярлуулж байлаа” гэж сайхан дурсамжаа хуваалцсан юм. Тэрээр 2007 оноос Баянхонгор аймгийн хүүхдийн “Тэмүжин” театрын морин хуурын ангид Я.Бямбадорж багшийн удирдлагаар суралцан, “Найман шарга” морин хуурын чуулгад хуурдаж эхэлжээ. “Багшгүй хүн өрөөсөн далавчтай жигүүртэн мэт байдаг юм билээ. Хэрэв багш нар минь өөд болоогүй байсан бол би мэргэжлийн хөгжимчин болоод урлагийн сургуульд орох байсан байх” хэмээн тэрээр дурсав.
Хуураас гадна түүний хайрлаж, дурлаж хийдэг байсан зүйл нь монгол бичиг, монгол хэлний хичээл ажээ. Монгол хэлний улсын уралдаанд дэд байр, монгол бичгийн төрөлд нь дөрөвдүгээр байр эзэлж, хүссэн их сургуульдаа үнэгүй суралцах эрх авчээ. Ийнхүү МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн ангийг төгссөн байна. Оюутан байхаасаа эрдэм шинжилгээ, судалгааны ажилд шимтэн дурлаж одоо ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн Эх бичиг сан хөмрөг, лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан хийдэг аж. Мөн МУИС-даа хэл, бичгийн ухааны докторантад суралцаж, туулийн хэлийг хэл шинжлэл талаас нь судалж явна.
М.Билгүүнчимэг 2018 оноос морьт харваагаар хичээллэж, олон улсын соёлын фестиваль арга хэмжээнд оролцож байв. Мөн монгол бичгийн бийр, угалзан эвхмэл зэрэг калиграппын төрлөөр өөрийгөө хөгжүүлдэг ажээ. Үүнээс харахад түүнийг монгол өв соёлоо өв тэгш тээгч ховорхон монгол судлаач хэлж болох юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 188 (7432)