О.ЭНХЖИН

Хип хоп од Шон “Дидди” Комбс одоогоор залилан болон бэлгийн мөлжлөг үйлдсэн хэргээр шүүхэд дуудагдаж, цагдан хоригдож байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт гомдол гаргасан иргэний нэхэмжлэлийн дагуу Диддиг бэлгийн хүчирхийлэл болон бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр Нью-Йоркт баривчилсан. 2001 онд Комбс болон түүний бие хамгаалагч нийлж 11 дэх хохирогч болох Талиа Грейвсийг үл мэдэгдэх бодисоор мансууруулж, хүлж, хүчирхийлээд зогсохгүй тэр үйл явдлыг камерт бичиж авсан хэмээн гомдлынхоо дагуу мэдүүлэг өгсөн ч үүнийг Дидди одоог хүртэл эрс үгүйсгэсээр байгаа юм. Холбооны прокурорууд түүнийг эргэн тойрныхоо хүмүүсийг хүчирхийлж, хэргийг олон нийтээс нуун дарагдуулахын тулд бүлгэм хүртэл байгуулж хохирогчдыг заналхийлж, дарамталсан гэж буруутгаж байгаа бөгөөд эмэгтэй хохирогчдыг эрх мэдлээ урвуулан ашиглаж мансууруулах бодис өгч, дарамт шахалт үзүүлж зохион байгуулж буй “Freak Off” гэх үдэшлэгтээ зочидтой нь бэлгийн харилцаанд орохыг шаардаж бурангуй үйлдэл гаргадаг хэмээн мэдүүлэг өгчээ. Цагдаагийн мөрдлөгийн алба гуравдугаар сард Майами, Лос Анжелес дахь Комбсын гэрт нэгжлэг хийж байх үеэр галт зэвсэг, сум, 1000 гаруй савалгаатай хүүхдийн тос олдсон гэдгийг мөн баримтжуулан авчээ. Прокурорууд Комбсын эсрэг гомдол гаргаж байгаа хохирогчид болон түүний доор ажиллаж байсан гэрчүүдтэй холбогдон мэдээлэл цуглуулж байгаагаа нийтэд мэдэгдсэн юм. Одоогоор Дидди хоригдлуудын хар дарсан зүүд болсон Бруклин дахь Метрополитаны цагдан хорих газарт саатуулагдаж байгаа ба Диддигийн өмгөөлөгч хуульчид нь ийм аймшигтай орчинд байлгахыг хүсээгүй тул батлан дааж гаргах хүсэлт гаргасан ч түүнийг оргон зайлах эрсдэлтэй хэмээн албан хаагчид авч үзэлцээгүй байна. Хэрэв Дидди гэм буруутай нь тогтоогдвол багадаа 15 жил, цаашлаад бүх насаар нь хорих ял авах юм.

Гомдол гаргасан хохирогчид хэн, хэн байв?

Комбсын хуучин найз охин Кесси Вентура нь энэ хэргийн шүгэл үлээгч

Өнгөрсөн арван нэгдүгээр сард шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ загвар өмсөгч Кесси, Диддитэй үерэж байх үедээ турш хүчирхийлэл, дарамт, бэлгийн мөлжлөгт өртөж байсан гэдгээ мэдэгдсэн ч Комбс үүнийг эрс үгүйсгэж байж. Шүүхэд нэхэмжлэл гарснаас хойш нэг өдрийн дараа хоёр тал хоорондоо тохиролцон шийдвэрлэсэн гэж олонд дэлгэсэн ч Комбсын өмгөөлөгч Диддиг ямар нэг байдлаар хийгээгүй хэргийнхээ буруутан болоогүй гэж мэдэгджээ. Гэвч тав дугаар сард CNN мэдээний агентлаг 2016 оны үед Вентураг хэрцгийгээр зодож байгаа Диддигийн дүр зураг камерийн бичлэгт буусныг олон нийтийн сүлжээгээр цацсанаас хоёр хоногийн дараа өөрийн Инстаграм хаягандаа өөрийнхөө үйлдэлд гэмшиж, хариуцлагаа үүрэхээ амлаж буйгаа мэдээллэжээ. Энэ явдлаас хойш удалгүй 10 өөр хохирогч өөрсдийн туулсан зовлонгоо хуваалцжээ.

Жой Дикерсон-Нил, 1991 онд Сиракузийн их сургуулийн оюутан байхад нь түүнд мансууруулах бодис өгч, хүчирхийлэх үедээ бичлэг хийж, тэрийгээ бусдад дамнан зарсан гэж гомдол гаргахад Диддигийн өмгөөлөгч үүнийг цэвэр мөнгө хүүлэх гэсэн гүтгэлэг хэмээн үзэж хүчингүйд тооцохыг шаарджээ.

Лиза Гарднер, 16 настай байхад нь Дидди Комбс болон Аарон Холл хоёр түүний уух зүйлд үл мэдэгдэх мансууруулах бодис хольж, хүчээр бэлгийн харилцаанд оруулахаас гадна тус явдлын маргааш өдөр нь гэрт нь дайран орж ирж биед нь халдан ухаан алдтал нь боомилсон талаар мэдүүлэг өгч гомдол гаргасан ч мөн адил Диддигийн өмгөөлөгчид “ямар ч үндэслэлгүй” хэмээн шүүмжисэн.

Эдгээр гомдол, мэдүүлэг Нью-Йорк мужийн шүүхэд хүргэгдсэн бөгөөд сэжигтэн Диддигийн эсрэг нэхэмжлэл гаргах нэг жилийн хугацаа олгосон ч саяхан тус гурван эрүүгийн гэмт хэргийн хариуцлагаас мултраад зогсохгүй өмгөөлөгч нь Диддиг ямар ч буруугүй, зоригтой тэмцдэг, дайчин хүн гэх зэргээр магтан олны дургүйцлийг хүргэж байгаа юм

Нэрээ нууцласан эмэгтэй, 17 настай ахлах сургуулийн сурагч байх үед нь түүнийг Комбс болон “Bad Boy Records”-н хуучин захирал Харь Пьер нь Нью-Йорк хотын студидээ бүлэглэн хүчирхийлсэн гэх гомдол гаргасан ч хэдэн өдрийн дараа Комбс тус мэдээллийг олон нийтийн сүлжээг ашиглан амархан аргаар мөнгө олж авах гэсэн заль хэмээн өөрийгөө өмөөрсөн байна.

Родни "Лил Род" Жонс, Комбсын цомог дээр продюсер, зураглаачийн үүргээр ажиллаж байсан түүнийг хар тамхи худалдаж авах, биеэ үнэлэгч захиалж авчрах, ёс бус бичлэг хийхийг хүчээр шаардан үйлдүүлдэг байсан ба жүжигчин Куба Гудинг Жр-тай нийлэн биед нь зүй бусаар хүрэх торхиолдолууд гарч байсныг олонд дэлгэсэн.

Грейс О'Маркей, 2022 онд Комбсын гэр бүлийн нэр дээрх түрээсийн дарвуулт завин дээр ажиллаж байсан тэрбээр Комбсыг хүү Кристиантайгаа нийлэн хүчирхийлэл үйлдсэн хэмээн гомдол гаргасан.

Кристал МакКинни, 2003 онд болсон эрэгтэй загварын долоо хоногийн арга хэмжээний үеэр түүнд мансууруулах бодис өгч хүчирхийлэн нэрийг нь хар жагсаалтанд оруулж амьдрал, карьерыг нь тэр чигт нь самарсан хэмээн олон нийтэд хуваалцсан

Апрель Лампрос, 1994 онд Нью-Йоркийн загварын технологийн дээд сургуулийн оюутан байхдаа Комбстой анх танилцаж байсан ба дөрвөн ч удаа биед нь зүй бусаар хүрж байсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Адриа Инглиш, 2000-аад онд Комбстой хамтран ажиллаж байсан тэрбээр Диддигийн зохион байгуулсан үдэшлэг болгонд өөрийнх нь болон бусад зочдын дур хүслээ хангах тоглоом, мөнгө олох гахай нь болж байсан хэмээн гомдол гаргасан.

Даун Ричардс, Комбсын нэр доор ажиллаж байсан тэрбээр Вентураг зодож, хүчирхийлдэг байсныг нүдээрээ харж байсан ба энэ талаар хэн нэгэнд мэдэгдсэн тохиолдолд амт настай нь хариуцлага тооцно хэмээн заналхийлж байжээ.

Талиа Грейвс, Комбс болон бие хамгаалагчтайгаа нийлж мансууруулах бодис хүчээр өгч, гар хөлийг нь хүлж, хүчирхийлж байгаагаа бичлэг хийн зарж борлуулсан гэж мэдүүлэг өгчээ. Комбсын өмгөөлөгч одоогоор мэдэгдээд буй сүүлийн зургаан хохирогчдын гомдол, мэдэгдлүүдийг үгүйсгэж шүүх тэнхимд эдгээрийг хүчингүйд тооцохыг шаардаж байгаа аж.