“Зууны мэдээ” сонины “Бизнес, хөгжил” булангийн энэ удаагийн зочноор “Бурамхан” брэндийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А.Солонгыг урилаа.

 

-Чихрийн бизнес эрхлэх санаа хэдийд төрсөн бэ гэдгээс ярилцлагаа эхэлье. Чихрийн үйлдвэртэй байх сонирхолтой байдаг болов уу?

-“Бурамхан” брэнд 2017 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анхны бүтээгдэхүүнээ гэрийнхээ гал тогооноос эхэлж байсныг хүн бүр мэдэх байх. Манай гэрийн гал тогооноос эхэлсэн бизнес маань том үйлдвэр болон өргөжсөн байна. Миний хувьд энэ хүртэлх хугацаанд зогсолтгүй ажилласан он жилүүд байлаа.

Бичил бизнесээс эхлээд шинэ үйлдвэрийн байраа ашиглалтад оруулах хүртэл явах зам маань дардан байгаагүй. Бид шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулаад гурван сар болж байна. Мэдээж бидний үйлдвэрлэсэн чихэр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, шинэ цагийн технологийн дэвшлийг ашиглахын зэрэгцээ олон улсын стандартад нийцсэн байх шалгуурыг тавьсан. Тиймээс Швейцар технологид тулгуурлан шинэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийг зорьсон. Мөн олон улсын стандартын дагуу хөрөнгө оруулалт хийсэн. Тэр ч утгаараа сэтгэл хангалуун байна. Ер нь чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд тав тухтай, сайн орчин бий болгох хэрэгтэй.

-Дэлхийд алдартай Швейцар брэндийг Монголд нэвтрүүлж бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон түүхээсээ хуваалцаач?

-Швейцар улс дэлхийд амттан үйлдвэрлэлээр тэргүүлдэг орнуудын нэг. Тэд хэмжээнээс илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ алдартай. Швейцарчууд түүхий эдээ импортоор авдаг ч технологи өндөр түвшинд хөгжсөн орон учраас бид хамтарч ажиллах сонголт хийсэн. Тодруулбал, Швейцар улсын алдарт “Ricola” брэндийн үйлдвэрлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Томас Фрингели Изомалттай хамтарч ажилласан. Энэ хүн 90 жилийн түүхтэй үйлдвэрийн 46 жилийн түүхийн хуудсыг бичилцсэн чихрийн хамгийн том эксперт гэж хэлж болно.

-Ямар ч хүн амттаны сайхныг мэдрэх эрхтэй. Чихрийн хэт хэрэглээ эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа өнөө үед танайх сахаргүй чихэр худалдаанд гаргажээ?

-Туршилт, судалгаа, түүхийн эдийн сонголт, хүний нөөцөө бэлтгэх гээд амаргүй ажлын дараа Монголын хамгийн анхны сахаргүй чихрийг худалдаанд гаргаж “I Love Mongolia” хэмээх гэр бүлийн багцыг худалдаанд гаргасан.  Анх чихэр үйлдвэрлэж эхлэхдээ хүмүүсийн эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн хийхийг зорилгоо болгосон. Тухайлбал, чихрийн шинжин өвчтэй, цусан дахь сахарын хэмжээгээ өсгөх сонирхолгүй, жингээ барих сонирхолтой хэрэглэгчид маань чихрийн сайхан амтыг мэдрэх ёстой байсан. Хэрэглэгчдийн зүгээс ч манайд сахаргүй чихэр үйлдвэрлэх хүсэлтийг удаа дараа ирүүлж байсан. Сахаргүй чихэр гэхээр гадаадын чихрээр төсөөлдөг байсан бол эх орондоо Швейцар технологиор үйлдвэрлэдэг боллоо. Энэ технологид нийцүүлэхэд түүхий эдийн сонголт их чухал. Тиймээс хамгийн органик, чанартай түүхий эдийг Германаас худалдаж авдаг. Мэдээж бидний үйлдвэрлэлдээ хэрэглэж байгаа түүхий эд үнэтэй байдаг ч хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа болохоор сэтгэл хангалуун байдаг.

-Хүмүүсийн дунд сахаргүй чихэр гэхээр сахар орлуулагчаар хийдэг гэсэн ойлголт байдаг. Танай сахаргүй чихрийн давуу тал юу вэ?

-Сахар орлуулагчдын нэг чанар бол элсэн чихрээс хэдэн зуу дахин их чихэрлэг амттай. Тиймээс маш багаар хэрэглэдэг. Манай чихрийн гол орц болох изомальт бол зохицуулах үйлчилгээтэй хүнс. Юу зохицуулаад байна гэхээр таны илчлэгийг зохицуулна, шүдний эрүүл мэндийг зохицуулна, цусан дахь сахарын хэмжээг зохицуулна, бүр таргалалтыг ч зохицуулна. Дэлхийн зах зээлд чихрийн түүхий эд хувьсан өөрчлөгдөж байна. Хүн чихэр идээд угаахгүй унтахаар шүд өвчилдөг. Сүүн хүчил шүдийг цоолдог аюултай. Гэтэл мекамалт нь шүдэн дээр сүүн хүчил үүсгэдэггүй. Тиймээс хүний шүдэнд ээлтэй гэж хэлж болно. Мөн жингээ барьж байгаа хүмүүст бага илчлэгийг бий болгодог. Чихэр цусан дах сахарыг огцом өсгөөд буулгадаг гэж хэлдэг. Харин бидний хэрэглэж байгаа түүхий эд маш гайхалтай. Стева хэмээх ургамал нь чихрийн амтыг 500-1000 дахин гаргаж өгдөг ногоон навчтай. Тиймээс л эрүүл, органик чихэр бий болж байгаа юм. Олон улсын стандартад нийцсэн Швейцар технологийн чихрийг эх орондоо үйлдвэрлэж байгаадаа баяртай байна.

Сахар буюу элсэн чихэр нь шүд цоолдог бодис биш. Харин сахараар хийсэн чихэр идээд, өнөөх нь бага ч гэсэн шүдний завсар наалдаад үлдсэн бол аюултай. Өөрөөр хэлбэл, чихэр идсэний дараа шүдээ сайтар угааж цэвэрлэдэггүй бол амны хөндийд байх сүүн хүчлийн бактериуд сахараар хооллож сүүний хүчил үүсгэн шүдийг уусгаад цоолдог. Изомальт нь глюкоз үүсгэдэггүй тул шүдэнд наалдаж үлдсэн ч сүүн хүчлийн бактериуд түүгээр хооллож чаддаггүй. Тиймээс сүүний хүчил үүсэхгүй, шүд цоолохгүй гээд байгаа юм.

-Шинээр худалдаанд гарч буй бүтээгдэхүүний онцлог юу вэ?

-Хуш модны самартай чихэр шинэ төрлөөр нэмэгдсэн. Самрын уурагт 19 төрлийн амин хүчил агуулагддаг. Эдгээрийн 70 хувь нь бие махбодод үл орлогдох амин хүчил байдаг. Иймд хушны самрыг уургийн дутагдлыг нөхөх, дархлааг сайжруулахад хэрэглэхэд тохиромжтой. Хушны чөмөг нь ханасан тос болох омега 3, 6, 9-ийг агуулсан байдаг. Монголын хуш модны самар европт тайгын алт хэмээн нэрлэгддэг. Бид өндөр үнэтэй омега худалдаж авдаг бол чихрээр дамжуулан авах боломжтой.

-Бүтээгдэхүүний сав, баглаа боодол орчин үеийн монголчуудын хэв маягийг шингээсэн нь өвөрмөц болжээ. Зар сурталчилгаандаа хэрхэн анхаарч байна вэ?

-Бүтээгдэхүүнүүдээ худалдаанд гаргахаас өмнө Швейцарт  шинжлүүлж хүсэн хүлээсэн хариугаа авсандаа баяртай байна. Үүгээр дамжуулж сайн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэдгээ хэнд ч хэлж чадахаар урам авсан. Үйлдвэрлэлээ сайн хийж байгаа ч маркетингийн тал дээр дутмаг зүйл байна. Чанартай бүтээгдэхүүнийг дагаж сайн маркетинг явах ёстой юм билээ.

-Амтлах мэдрэмж хүн бүрд ялгаатай байдаг. Түүнтэй адил улс орнуудад ч амтыг өөр, өөрөөр хийдэг байх, тийм үү?

-Орон орны хүмүүсийн амтлах мэдрэмж өөр. Дэлхийн франчайс брэндүүдийн амт улс бүрд өөрийн онцлог амттай байдаг нь үүний нэг илрэл. Манай бүтээгдэхүүн Монгол хүний амтлах мэдрэмжид зориулж бүтээсэн чихэр. Амттан хүнд аз жаргал бэлэглэдэг. Амттай чихэр хүлхээд явж байгаа хүн амнаасаа муу үг унагах нь ховор гэж боддог. Хүн амтаар дамжуулж дурсамжийг хадгалж байдаг. Хүүхдийг чихэр идүүлэхгүй гэж хорих тусам идэхийг хүсдэг. Хүүхдийн бага насыг амттангүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэхдээ бүх зүйлд зохист хэмжээ гэж бий. Хүүхдүүд чөлөөтэй идэж болох чихэр бүтээсэндээ баяртай байна. Бид хатуу чихрээ төгс хийхийг зорьж байна. Хатуу чихэр маань жилээс жилд чанар нь сайжирч байгаа.

-Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гэхээр өндөр үнэтэй байдаг гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг. Танай бүтээгдэхүүнүүдийн үнийг сонирхож болох уу?

-Бид аль болох боломжийн үнээр хамгийн сайн бүтээгдэхүүнийг хүргэхээр зорьдог. Изомальтаар хийсэн бүтээгдэхүүнүүд сахараар хийсэн чихрүүдийг бодвол ямагт үнэтэй байдаг. Түүнээс үндэсний үйлдвэрлэгч гээд монопольдоод үнэ нэмээгүй. Хүн өөртөө болон гэр  бүлдээ юуг зориулах вэ гэдэг сонголтыг хийдэг шүү дээ. Түүнтэй адил хэрэглэгч бүтээгдэхүүний шошго дээрх орц найрлагыг анзаарч, таньж, уншиж мэддэг байх хэрэгтэй. Гоё цаастай болгон гоё биш. Дотор нь агуулагдаж буй орц, найрлага чухал. Түүхий эд, материал органикаас эхлээд олон төрлийн амт, үнэр орлуулагч, өнгө будаг гэсэн химийн найрлага агуулсан байдаг. Манай аль нэг чихэр дээр асуудал үүслээ гэхэд би өөрөө хариуцлагаа хүлээгээд сууж байна. Тиймээс санаа зовох зүйлгээр идэж, хэрэглэж болно. Энэ нь хэрэглэгчийн сонголт. Бид “Үндэсний мөнгөн дэвсгэртийг Монголдоо үлдээе” гэсэн уриатай ажиллаж байна. Үйлдвэрийн байр маань нэлээд томорч, тохижсон тул валютын эргэлтэд оролцоход бэлэн. Өөрөөр хэлбэл, марафонд гүйх хувийн бэлтгэлээ сайтар хангасан гэж хэлж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 186 (7430)