Р.Оюун

“Монгол туургатны гэрэгэ” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын төлөөлөгчид “Монгол үндэстний карт” хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн барьсан талаар мэдээлэл хийлээ. Тэд “Монгол үндэстний карт” нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг харгалзан, гадаадад амьдарч буй элэг нэгт монголчуудыг одоогийн иргэншлээсээ татгалзахгүйгээр Монгол Улсад зорчих, ажиллаж амьдрах, сурч боловсрох, нийгмийн үйлчилгээнд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой хуулийн төсөл ажээ. Дэлхий даяар тархан суурьшсан үндэстэн, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Буриад, Халимаг, Тувагийн иргэд тодорхой болзол, шаардлага ханган “Монгол үндэстний карт”-ын эзэмшигч болох боломжтой.

Энэ картыг эзэмшигч нь Монгол Улсын иргэдтэй ижил нөхцөлөөр Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эхлүүлэх, эрхлэх, төрийн болон хувийн санхүүгийн байгууллагаас зээл, санхүүгийн дэмжлэг авах, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авч, ажил эрхлэх эрхтэй. Евразийн тусгаар тогтносон улс үндэстнүүд эх хэл, түүх, уламжлалаа хадгалах, хөгжүүлэх үүднээс элэг нэгтнүүдээ дэмжих хууль тогтоомжийг баталсаар байна. Тухайлбал, Казахстан улс “Казах карт”, “Туйлын карт”, “Унгарын карт”, “Киргизийн гэрчилгээ” гэсэн Еврази даяараа өөрийн үндэс, угсаа нэгтнүүддээ зориулан хууль ёсны үнэмлэх олгож, уугуул нутагтаа ажиллаж, амьдрах нөхцөлөөр хангаж байна. Харин монгол үндэстэнд энэ төрлийн зохицуулалт, дэмжлэг өнөөг хүртэл гараагүй.

Цаг хугацааны ээдрээ, орон зай, амьдарч буй орчноос шалтгаалж тархан суурьшсан монгол үндэстний хэл, соёл, нэр томьёо, үндэсний онцлог бүдгэрэн устаж байна. Харин дэлхийн монгол туургатан түмэн “Монгол үндэстний карт” буюу “Монгол туургатны гэрэгэ”-тэй болсноор эх хэлээ сэргээн хөгжүүлэх, соёл, ёс заншлаа хадгалж үлдэх улмаар улс үндэстнээ даяарчлалаас ангид байлгаж, Монголоороо бахархах, Монголоороо үлдэх боломжийг олгож байгаа” гэсэн юм.

Эх сурвалж www.zms.mn