Б.НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа Монгол Улсаас төрсөн анхны өсвөрийн дэлхийн аварга “Гүрү Дожо” клубийн тамирчин Т.Ариунзаяаг онцолж байна.
Гуравдугаар ангиасаа жүдогоор хичээллэсэн
Саяхан Перу Улсын нийслэл Лима хотод жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ зохион байгуулагдсан. Тус тэмцээнд Т.Ариунзаяа охин ирээдүйтэй тамирчин гэдгээ баталлаа. Охидын 57 кг-ын жинд алтан медаль хүртэж, түүхэн амжилтын эзэн болов. Тэрээр жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-д нийт таван барилдаан хийсэн. Хамгийн хариуцлагатай гол өрсөлдөөн нь Япон Улсын тамирчин Сузукитай учраа таарсан нь.
Т.Ариунзаяа өдгөө 16 настай. Түүнд барилдах олон жил, их амжилт хүлээж байгаа гэхэд хилсдэхгүй. Анх гуравдугаар ангиасаа жүдогоор хичээллэж эхэлсэн байна. Түүний амьдралын есөн жил жүдогийн татамитай салшгүй холбоотой. Тэнд тохиосон алдаа оноо нь өнөөдрийн тууштай, тэвчээртэй тамирчныг бүтээсэн гэж хэлж болно. Багадаа их хөдөлгөөнтэй, сэргэлэн охин байсан гэдэг. Тиймээс аав ээж нь тамирчин болгохоор шийджээ. Ингээд Т.Энхцэцэг багшийн Алтайн хүчтэн” дэвжээнд хөтөлж оруулсан аж. Авьяас удам дамждаг гэдэг. Учир нь Т.Ариунзаяагийн аав нэгэн цаг үед үндэсний бөхөөр барилдаж байсан бөгөөд сумын заан цолтой юм байна.
Гаргасан амжилтдаа ханаагүй жүдоч
Анхны дэвжээгээ зорихдоо одоогоос найман жилийн өмнө Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ. Тамирчин бүрд сэтгэлээс нь гардаггүй тэмцээн гэж бий. Харин Т.Ариузаяагийн хувьд 2022 оны дотоодын чансаа олгох насанд хүрэгчдийн тэмцээнд 48 кг-ын жингийн хагас шигшээгийн барилдаан гэнэ. Тухайн үед ОУХМ Г.Наранцэцэгтэй 25 минутын турш хүч үзсэн. 25 минутын барилдааны төгсгөлд шүүгчдийн саналаар гурван торгуулиар ялагджээ. Ялагдсан ч гэсэн, хэн хэнээсээ үнэлгээ авч чадаагүй тэр барилдаан сэтгэлд тод хоногшин үлдэж, ихийг сурч туршлага хуримтлуулсан байна.
Т.Ариунзаяа Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд 14,15,16 настайдаа тус тус оролцож хоёр алт, нэг мөнгөн медаль хүртжээ. Жүдо бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ-д 11 удаа финалдаж, нийт гурван мөнгө, найман алтан медаль хүртэж байсан байна. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, “IJF”-ийн цуврал тэмцээний найман алт, хоёр мөнгөн медальтай. Мөн өнгөрсөн онд жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэж амжилтаа ахиулжээ. Энэ оноос эхэлж 57 кг-ын жинд зодоглож байгаа ирээдүйтэй тамирчин юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 182 (7426)