Б.ДАМДИН-ОЧИР

 

Хоёр жил гаруйн өмнө Монгол даяараа чухам л шударга бус явдал, авлига албан тушаалыг эсэрцгүүцэж, тэр дундаа нүүрсний хулгайтай тэмцсэн. Талбай дээр жагсаал болж, Монголын тэр чигтээ нүүрсний хулгайг уудалж онгичоод эхэлсэн. Тэр үеэр, 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд АТГ-аас нүүрсний хэрэгт нэр холбогдсон гэх 17 албан тушаалтны нэрсийг зарласан. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар М.Даваатогтох “…Нүүрсний хулгайтай холбоотой нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор нийт 47 обьектод нэгжлэг явуулсан. Нүүрсний хулгайд дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар нэр холбогдоод байна” гээд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд, ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг , “Эрхэт Монгол”-ын ерөнхий захирал Х.Мандахбаяр, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа нарыг нэрлэсэн.

Тэгэхэд АТГ-ын дэд дарга Г.Азжаргал “…Нэр дурдагдсан 17 хүний заримаас мэдүүлэг авсан. Шаардлагатай хүмүүст хилийн хориг тавьсан. Бид энэ нэрсийг тодорхой баримтад үндэслэн танилцуулж байна. Түүнээс хэн нэгний нөлөөнд автсан зүйл байхгүй” гэж байв.

Нүүрсний хэрэг “дэлбэрсэн”-ий, АТГ ингэж нүүрсний хэргийн “сэжигтэнүүд”-ийг зарласны хоёр жилийн ой хоёрхон сарын дараа болох гэж байна. Гэвч өнөөдрийн байдлаар энэхүү “…Нүүрсний 17”-гоос нүүрсний хэргээр ял шийтгүүлсэн хүн нэг ч алга. “…Нүүрсний 17”-гийн нэгээр нэрлэгдээд байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцсэн. Тодорхой шийдвэрийг гаргасан. Тэгэхдээ эцэст нь “…Тус хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй болохыг тэмдэглэж байна” гэсэн юм. Үүгээр Б.Ганхуягийг нүүрсний хэргээр буруутгаагүй болохыг шүүх нотлов. Тэр утгаараа, “…Нүүрсний 17”-гоос нэг нь ч нүүрсний хэргээр шийтгүүлээгүй болж таарав.

Харин дөрөв нь 2024 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон. Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар өдгөө Төрийн ордонд залраад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 182 (7426)