Т.САЙХАН
УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж батлав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр " Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсанаар хойш 33 жилийн түүхэнд анх удаа УИХ-аас Үндсэн хуулийн цэцэд хандан Үндсэн хууль болоод тодорхой хууль зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт гаргах гэж байна. Энэ бол их зөв жишиг болох байх аа. УИХ хүсэлт гаргасан тохиолдолд Цэц маргаан үүсгэх үү, үгүй юу гэдэг асуудлыг хэлэлцдэггүй. Шууд үүсгээд цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэн шийдвэрлэдэг онцгой горимтой зүйл. Өмнөх парламентын үед хууль баталж, шүүхийн професст нотол үгүй бол цагаатга гэдэг агуулгыг оруулж батлуулдаг. Харамсалтай нь шүүх үзэмжээрээ зарим хэргийг буцаагаад байна. Өөрөөр хэлбэл хүнээс нь шалтгаалж ялгамжтай хандаж байна. Тухайлбал, Найдалаа, Н.Алтанхуяг гишүүдийн хэргийг шүүхээс буцаасан гэж би ойлгож байна. Энэ бол дээд шатны шүүхээс доод шатны шүүхэд чиглэл даалгавар өгч байгаа асуудал. Нотлогдохгүй бол хүнийг цагаатгах ёстой. Нотлогдож байгаа бол шууд ялаа өгөх ёстой. Мөн прокурор мөрдөн шалгах байгууллагын ажлыг гүйцээдэг байгууллага шүүх биш. Тиймээс энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцийн хэмжээнд гаргаж, мухарлах саналтай байгаа.
Өчигдөр О.Алтангэрэл сайд Д.Цогтбаатар гишүүний асуудлаар мэдэгдэл хийсэн. Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гараад гэм буруутай гэж үзсэн. Энэ бол хуулийн мухардалд орсон гэсэн байна. Хуульд мухардал гэж байдаггүй. Хэрэв мухардалд орсон бол ҮХЦ мухардлыг арилгах үүрэгтэй. УИХ мухардсан бол ҮХЦ-д хүсэлт гаргаж, асуудлаа шийдвэрлүүлэх ёстой. Өнөөдөр УИХ нь өөрөө хуулиа биелүүлэхгүй байж ард иргэдээ хуулиа биелүүл гэж хэлээд суух нь ёс суртахуунгүй асуудал болно. Өнөөдөр би Д.Цогтбаатар гишүүнийг хувь хүнийх нь хувьд яриагүй. Хөгжлийн банкны сонсголын үеэр энэ хүнийг гэм буруутай гэж харж байгаагүй. Гэхдээ шүүхийн шийдвэр гарчихаад байна" гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn