Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж ноолуур үнэтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Хятадууд ноолуур аваад Хэбэй муж руу аваачаад тэнд амьдарч байгаа хүмүүс гэртээ хүртэл ноолуур самнаад байж байдаг. Авсан ноолуураа Монголын ноолуур гэж хэлээд Итали руу гаргадаг. Зармыг нь торготой холиод янз бүрийн бүтээгдэхүүн болгодог. Тиймээс самнасан ноолуур гаргах төслийг Ж.Бат-Эрдэнэ сайдын үед санаачилсан. Үүнийг УИХ жил бүр хойшлуулаад яваад байсан юм аа. 2020 онд дөнгөж 40 тонн ноолуур Итали руу гардаг байсан бол УИХ-ын дээрх тогтоолыг хэрэгжүүлснээр 1000 орчим тонн болж нэмэгдсэн. Одоогоор худалдааны тарифаас болоод Хятад улс ноолуур авахгүй байгаа. Тэгэхээр Хятадаас мөнгө ирэхгүй байна гэсэн үг. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчид зүүн аймгуудаас ноолуурыг өмнө жилээс 10 мянган төгрөгөөр доогуур үнээр авсан. Харин одоо үндэсний үйлдвэрлэгчид баруун аймгийн ноолуурыг авах санхүүжилтгүй болоод байна. Ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй. Ноолуурыг самнана гэснээс болж ноолуурын үнэ унаагүй. Хятадын талаас болж бага зэрэг үнэ унаж байгаа шүү. Тиймээс малчид бага зэрэг тэвчээрэй. Дэлхийн ноолуурын 50 хувийг хангадаг мөртлөө үнээ тогтоож чаддаггүй энэ байдлаа цаашид өөрчилнө" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn