Ерөөсөө Монголын төр өөрөө хуулийг гууль болгодог. Хууль ингэж гууль болоход улс төрийн эрх мэдэл, нөлөө хамгийн их хамаатай байдаг. Тэр дарга тэгсэн бол биелүүлнэ. Энэ дарга ингэсэн хийнэ. Хууль биш ийм “хууль” үйлчилдэг. Нэг жишээ нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн өнөөдрийн ерөнхий захирал Г.Ёндонгийн томилгоо байна.

Тэрбээр 2022 оны наймдугаар сарын сүүлчээр УУХҮ-ийн сайдаас буугаад “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар томилогдсон.

Түүнээс өмнө буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 2-нд УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаас УУХҮ-ийн сайд Г.Ёндонг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр болж байв. Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Ганбат “УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байхдаа хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг тус компанийн данснаас төлүүлсэн ёс зүйгүй үйлдэл гаргасан.

Гэтэл ТӨҮГ-ын орлогч захирал хувьдаа ашигласан мөнгөө төсөвт хамаарахгүй гэж бахдалтайгаар хэвлэлийн хурал хуралдуулж байгаа нь туйлын харамсалтай үйлдэл боллоо. Ийм ёс зүйгүй УУХҮ-ийн сайд Г.Ёндонг нэн даруй огцруулахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг шаардаж байна. Шаардлагаа Ерөнхий сайдад хүргүүлэх болно" гэж байсан. Тэгээд чимээгүй өнгөрсөн.

Тухайн үед У.Хүрэлсүх Ерөнхий сайд байв. Гэхдээ хоёр жил орчмын дараа 2022 оны наймдугаар сарын сүүлчээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УУХҮ-ийн сайдаас Г.Ёндонг чөлөөлж, оронд нь Ж.Ганбаатарыг томилсон байдаг. Харин Г.Ёндонг Х.Бадамсүрэнгийн оронд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар томилсон. Тодруулбал, 2022 оны наймдугаар сарын 31-ний Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч “Х.Бадамсүрэн “Эрдэнэс Монгол” корпорацын зэс металл группийн даргаар томилогдсонтой холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаас чөлөөлж, түүний оронд Г.Ёндонг томилох үүргийг ТӨБЗГ-т өглөө” гэж мэдээлсэн юм.

Тэгвэл ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын газрын дарга Ц.Баяр-Эрдэнэ нарын гарын үсэг бүхий ТӨБЗГ-ын 2022 оны есдүгээр сарын 8-ны өдөр “Г.Ёндонг ажилд томилох тухай” 344 дугаар тогтоол гарчээ. Тэр тогтоолд Г.Ёндонг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар түр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл томилсон болохыг тодорхой заасан байна.

Тогтоолд “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дүрмийн 6.2, 6.6 дахь хэсгийг үндэслэн тогтоох нь” гээд “1. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 31-ний өдрийн 43 дугаар тэмдэглэл, АТГ-ын 2022 оны 05/11295 дугаар албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг харгалзан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар Гэлэнгийн Ёндонг 2022 оны есдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн томилсугай. 2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндонтой “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ”-г холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтэс /Ц.Баяр-Эрдэнэ/-т үүрэг болгосугай” гэсэн байна.

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийн гарын үсэг бүхий Г.Ёндонгийн томилгооны тогтоолд үндэслэл болгосон хоёр хууль байна.

Нэг дэх үндэслэл болох Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18.1-т “Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг үйлдвэрийн газрын Захирал удирдана. Захирлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, зохих салбар, хүрээний яам, агентлагтай зөвшилцөн томилох буюу өөрчилнө”, 19.1-т “Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлыг / цаашид “захирал” гэх/ томилохдоо гэрээ байгуулна. Гэрээнд дараахь нөхцөлийг тусгана” гээд “Энэ хуульд заасан эрх, үүрэг; эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, хүргэх түвшин;

техник, технологийг шинэчлэх даалгавар; хамт олны хөдөлмөр хамгаалал, нийгмийн талаар авах арга хэмжээ; менежментийн бодлого; захирлаас болон үүргээ биелүүлэх талаар төрөөс хүлээх үүрэг; удирдаж байгаа үйлдвэрийн газарт нь өмчлөгчөөс олгосон эд хөрөнгө, түүний хэмжээ; цалин, нэмэгдэл хөлс, энэ хуульд заасан урамшуулал; ажлын нөхцөл /унаа, холбоо зэрэг/; энэ хуульд заасан эд хөрөнгийн хариуцлага; гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх журам, хугацаа; хуульд харшлаагүй бусад нөхцөл” гэсэн байна.

Хоёр дахь үндэслэл болсон Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2-т “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заажээ.

Ийм хоёр тодорхой хуулийн дор Г.Ёндонгийн томилгоо явагдсан.

Тэгвэл Г.Ёндонг элдэв сонгон шалгаруулалт, саад даваагүй томилох үндэс болсон Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль нь ердөө дөрвөн сарын дараа хүчингүй болсон. Хуулийн 18.1-т “Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ” гээд заачихсан.

Ингэхээр Г.Ёндон Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаас чөлөөлөгдөх ёстой байв. Хууль хүчингүй болж, цар тахлын үед томилогдсон бүх дарга чөлөөлөгдөхөд Г.Ёндон суудалдаа үлдсэн..

Хэрвээ тэр ингэж “сунаж” үлдэх бол Засгийн газрын 20231 оны арваннэгдүгээр сарын 10-ны баталсан “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн шинэчлэлийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 345 дугаар тогтоолын дагуу асуудлаа шийдвэрлэх учиртай байжээ. Тус тогтоолын “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэхэд чиглэсэн дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагыг томилох эрх бүхий этгээд, ТУЗ, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч этгээдэд тус тус үүрэг болгосугай” гээд “Гүйцэтгэх удирдлагын гэрээг 2022 оноос эхлэн нэг жилийн хугацаатай байгуулж, ажлын гүйцэтгэлийг хэмжих санхүүгийн болон үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт бүрэн хангагдсан тохиолдолд гэрээг сунгах”, “ТУЗ-ийн хараат бус гишүүн, гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулах” зэрэгт нийцж сонгон шалгаруулалтад орох шаардлагатай болсон. Гэвч Г.Ёндон тэгсэн ч үгүй гүрийсээр хоёр жил болох гэж байна. Энэ хооронд буюу 2022 оны арваннэгдүгээрс арын 30-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” компанитай холбоотой багц асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсан. Учир нь Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасны дагуу Үндэсний баялгийн сан байгуулж байгаатай холбоотойгоор Засгийн газаро тэр хуралдаанаараа зарим шийдвэрийг гаргасан байдаг. Тэр дундаа Үндэсний баялгийн санг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийг группын зарчмаар ажиллуулж, “Эрдэнэт үйлдвэр”-ийг харьяанд нь шилжүүлэхээр шийдсэний дээрх компаниудын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хөгжлийн бодлого төлөвлөлт, бизнес төлөвлөлт, бүтэц, үр ашигт байдлыг хангах зэрэг үйл ажиллагааг “Эрдэнэс Монгол” ХХК зохион байгуулахаар болсон.

Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэдэлд ирээд хоёр жил шахам болж байгаа ч Г.Ёндонгийн асуудал яг хэвэндээ өнжив.

Гэтэл “Эрдэнэс Монгол” ХХК тэнд ажиллахыг хүссэн залууст ямар шаардлага тавьж, яадаг билээ дээ. Мөн л 2022 оны сүүлчээр “Засгийн газраас төрийн өмчит компаниуд дахь авлига, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох, компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ил тод болгох зорилго тавьсан” гээд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байранд нөөцийн болон нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Тодруулбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2022 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор тус компанийн бүтцийг шинэчилж, нийт 71 албан тушаал дахь 88 ажлын байранд сонгон шалгаруулалт явуулсан. Албаны мэдээлэлд энэ талаар “Бүртгэл 14 хоног үргэжлэхэд 3544 хүн анкет илгээж, 2955 хүнийг нь бүртгэж авсан. Улмаар сорилын шалгалтад 2084 бүртгүүлэгч оролцох урилга хүлээн авч, 1215 хүн оролцсон байдаг. Тус шалгалтын агуулгыг ТАЗ, Шинэ сэргэлтийн бодлогын “Хурдасгуур” төв, их, дээд сургуулийн багш, эрдэмтдийн төлөөлөл бүрдсэн дэд ажлын хэсэг боловсруулсан.

Ярилцлагын үе шатыг МҮХАҮТ удирдаж, хувийн хэвшил, төр, иргэний нийгэм, их, дээд сургуулийн төлөөлөл бүхий 30 ярилцагч оролцсон. Нэг ажлын байрт сорилын шалгалтаас хамгийн өндөр оноо авсан тав орчим буюу нийт 434 хүнийг ярилцлагад урьж, хамгийн өндөр оноо авсан горилогчдыг “Эрдэнэс Монгол” ХХК-д хүлээлгэн өгсөн” гэж байв. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ахлах менежер, менежерээр ажилд орсон хүмүүс шүү дээ. Тэгээд бод доо. Монголын хууль хэнд үйлчилж, хэний өмнө гууль болж байна вэ?!

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин - 2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 180 (7424)

"Өдрийн сонин" - 2024.09.17. МЯГМАР № 174 (7540)

Өнөөдөр сонин - 2024.09.17. МЯГМАР № 177 (7992)